Categories
мэдээ нийгэм

Хорт хавдрын эсрэг дайн DNN.mn

Өнөөдөр дарангуйллын болон ардчилсан тогтолцоо үхэх, сэхэхээ үзэх нь нэгэнт тодорхой болсон тул зэвсэг үйлдвэрлэдэг улс болгон XXI зууны зэвсэг яаралтай боловсруулж, Украины дайнд туршин сайжруулж, бөөнөөр нь үйлдвэрлэж эхлээд байна. Учир нь өнөөдрийн дайн, байлдааны талбарт гайхамшиг үзүүлж буй зэвсэгүүд нь өнгөрсөн зууны 70-80 оны технологи юм. Иймээс энэ зууны зэвсэгүүдийг үйлдвэрлэж байгаа аж. Тэгвэл аль ч дайн, тулаанаас илүү олон хүний аминд хүрдэг хорт хавдарт эрдэмтэд бас дайн зарлан том том ялалт байгуулж эхэлжээ. Учир нь статистикийн мэдээгээр дэлхий дээр хорт хавдраар жил бүр 4.5 сая эрэгтэй, 3.5 сая эмэгтэй нас бардаг аж. Иймээс эрдэмтэд энэ өвчний эсрэг жинхэнэ дайн зарлан тэмцэж байна.

Эрдэмтэд өөрсдийн судалгааны дүнд үндэслэн тархины хорт хавдрын нэг төрөл болох сарнисан глиом өвчний эсрэг вакциныг анх удаа хүмүүс дээр амжилттай туршсан байна. Энэхүү хорт хавдрын эсрэг вакцин нь хорт хавдрыг өөрөө эмчилж чаддаггүй, харин бие махбодид хорт хавдрыг “даван туулахад” нь тусалдаг аж. Хорт хавдрын эсүүд хүний дархлааны системээс нуугдаж чаддаг тул хорт хавдар хурдан томордог. Тэгвэл энэхүү вакцин нь хорт хавдрын эсүүдэд шинэ уураг бий болгон энэ уургаар нь хүний дархлааны эсүүд эдгээр хавдрын эсүүдийг таньж устгадаг аж. Энэ вакциныг глиом хорт хавдрын III болон IV үе дээрээ очсон 33 өвчтөнд уг хорт хавдрын стандарт эмчилгээтэй хавсарч хийсэн байна. Судалгаанд хамрагдсан 30 хүний дархлаа нь сэргэн эсрэг биет үүсч уг хорт хавдрын эсүүдийг устгаж эхэлжээ. Энэ вакциныг хийлгэснээс хойш гурван жилийн дараа судалгаанд оролцогчдын амьд үлдсэн хувь 84 хувьд хүрсэн байна. Мөн вакцин хийлгэсний дараа дархлаа нь сэргэсэн өвчтөнүүдийн 82 хувьд нь хавдрын өсөлт зогссон гэнэ. Эрдэмтэд энэ бол энэхүү шинэ вакциныг хүмүүс дээр туршсан эхний үе шат бөгөөд одоо түүний үр нөлөөг бүрэн баталгаажуулахын тулд хяналтын бүлэгт туршилт явуулах шаардлагатай гэж мэдэгджээ.

Өнөөдөр хорт хавдрын эсүүд(CSC)-ийг эмчлэхэд тулгардаг гол асуудал нь эдгээр эсүүд нь хими, цацраг туяа эмчилгээнд тэсвэртэй байдагт оршдог. Мөн хорт хавдрыг эрт илрүүлэх одоогийн эмчилгээний аргууд нь энэ өвчний бүх голомтыг нарийн тодорхойлох боломжгүй байдаг. Тэгвэл Японы эрдэмтэд CSC-ийг энгийн үүдэл эс болгон хурдан программчилж, хорт хавдрыг зогсоох чадвартай гидрогелийг бүтээжээ. Уг судалгааны удирдагч, профессор Шинья Танака “Хорт хавдрын үүдэл эсийн молекулын үйл явцыг зөв ойлгож авах нь хорт хавдрын илүү үр дүнтэй эмчилгээ боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг мэдсэнээр бид хорт хавдрын гэгддэг мутацид орсон эсийг буцаан эрүүл эс болгох боломжтой болсон” гэж мэдэгдсэн байна. Судалгааны явцад энэхүү шинэ гидрогель нь тархи, умай, уушиг, бүдүүн гэдэс, давсагны хорт хавдрын CSC эсийг эрүүл үүдэл эс болгон амжилттай дахин программчилж байгаа нь тогтоогджээ.

Хорт хавдрын эсүүдийг уг гель дотор суулгасны дараа бөмбөлөг хэлбэртэй бүтэц үүсгэж тэд дахин эрүүл эс болон программчлагдахад ердөө 24 цаг зарцуулж байсан байна. Энэхүү туршилтыг явуулсан профессор Шинья Танакагийн багийн эрдэмтэд энэ зарчмаар хорт хавдрыг бүрэн эмчлэх шинэ эм бий болгох бүрэн боломжтой гэж мэдэгджээ. Учир нь эдгээр эрдэмтэд эсийг дахин программчлах явцад хорт хавдрын эсрэг тэмцэхэд ашиглаж болох зарим молекул ямар үйл ажиллагаа явуулж байгааг олж илрүүлжээ. Тиймээс судлаачид эдгээр рецепторуудын молекул дарангуйлагчийг ашиглан хорт хавдрын эсийг бүрэн устгах боломжтой болсон аж. Ирээдүйд энэ аргыг бүх төрлийн хорт хавдрыг бүрэн эмчлэхэд төдийгүй хорт хавдрын дахилттай тэмцэхэд ашиглах гэнэ.

Умайн хүзүүний хорт хавдар бол дэлхий даяар түгээмэл тохиолддог хорт хавдруудын нэг юм. Хорт хавдраар өвчилсөн 15 эмэгтэйн нэг нь энэ хорт хавдраар өвчилсөн байдаг аж. Энэ өвчнөөр бүх насны эмэгтэйчүүд өвддөг бөгөөд тэдний ихэнх нь 30-аас дээш насныхан байдаг гэнэ. Тэгвэл умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээнд сүүлийн 20 жилийн хугацаанд үзэгдээгүй томоохон дэвшил гарсан болохыг эрдэмтэд зарлажээ. Учир нь зовиуртай бас гаж нөлөө ихтэй цацраг туяаны эмчилгээтэй зэрэгцүүлэн хавдрын эсрэг хаа сайгүй хэрэглэж байгаа харьцангуй хямд, эмийн эмчилгээг хавсран хэрэглэх нь эмчилгээний үр нөлөөг эрс сайжруулж байгааг эрдэмтдийн явуулсан эмнэл зүйн туршилтууд баталжээ. Хорт хавдрыг эмчлэх эмчилгээний энэхүү хавсарсан арга нь өвчтөнийг эдгэрүүлэх магадлалыг гуравны нэгээс илүү буюу 35 хувиар нэмэгдүүлж байгааг Европын онкологичдын нийгэмлэг(ESMO)-ийн хурлын үеэр танилцуулсан байна. Энэхүү судалгааны зардлыг Их Британийн “Can­cer Research UK” буяны байгууллага санхүүжүүлсэн бөгөөд тус байгууллагын төлөөлөгч “Эмчилгээний энэ шинэ аргыг дэлхийн хавдар судлалын эмнэлгүүд аль болох түргэн нэвтрүүлж, туяаны эмчилгээний өмнө эмийн курс эмчилгээ хийлгэж эхлэхийг өвчтөнүүдэд зөвлөнө гэдэгт бид бүрэн найдаж байна” гэж мэдэгджээ.

Хэдийгээр сүүлийн хагас зуун жилийн хугацаанд цацраг туяа эмчилгээний үр нөлөө мэдэгдэхүйц сайжирсан боловч өвчтөнүүдийн бараг гуравны нэгийх нь өвчин дахин сэдэрдэг аж. Өөрөөр хэлбэл, тэдгээр өвчтөнүүд уг зовиур ихтэй эмчилгээг дахин хийлгэхэд хүрдэг байна.

Харин одоо хорт хавдрын дахилтын тоог гурав дахин бууруулах боломжтой болсон бөгөөд үүний тулд өвчтөн цацраг туяаны шарлага хийлгэхээс өмнөөс эхлэн хавдрын эсрэг эмчилгээний эмүүдийг ууж эхлэх ёстой аж. Учир нь Их Британийн “Can­cer Research” компанийн гүйцэтгэх захирал Иан Фоукс “Зарим хорт хавдрын туяа эмчилгээ, мэс засал зэрэг эмчилгээг эхлэхээс өмнө хавдрын эсрэг эмүүдийг курсээр уух нь үр дүнтэй гэдгийг олон туршилтаар нотоллоо. Энэхүү арга нь хорт хавдар дахин сэдрэх магадлалыг эрс бууруулж байна. Энэ эмчилгээнд шаардлагатай эмүүд дэлхий даяар хүртээмжтэй байгаа” гэж мэдэгджээ. Харин Лондонгийн их сургуулийн Хавдар судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Мэри Маккормакий “Бидний явуулсан эмнэл зүйн туршилтууд нь умайн хүзүүний хорт хавдартай тэмцэж буй олон хүмүүсийн насыг уртасгаж чадна гэдгийг нотолсон. Стандарт хими эмчилгээ хийлгэхээс өмнө нэмэлт эмийн эмчилгээг эхлүүлэх нь өвчтөний хорт хавдраар эргэж өвчлөх, нас барах эрсдлийг 35% бууруулдаг болохыг бид туршилтаар баталж чадлаа. Энэ бол сүүлийн 20 жилийн хугацаанд энэ өвчний эмчилгээнд гарсан хамгийн том үр дүн болж байгаа учир энэ судалгааг ивээн тэтгэсэн байгууллага маань ч маш их баяртай байна” гэж хэлжээ.

Өнөөдөр хорт хавдрыг анагаах шинэ эм, эмчилгээ гаргаж авах явдал маш хурдтай явагддаг болжээ. Энэ нь шинжлэх ухааны ололттой холбоотой аж. Тухайлбал, Австралийн Сиднейн их сургуулийн эрдэмтэд квант компьютер ашиглан химийн урвалыг удаашруулан ажиглаж, урьд өмнө нь мэдэгддэггүй байсан зүй тогтлуудыг олж илрүүлсэн байна. Тухайлбал, эдгээр судлаачид химийн геометрийн чухал бүтэц болох конусын огтлолцлын нөлөөгөөр бий болсон атомын хөдөлгөөнийг ажиглаж чаджээ. Фотосинтез гэх мэт химийн урвалын үед молекулууд аянга цахихтай адил хурдаар энерги дамжуулах солилцооны бүс үүсгэдэг бөгөөд үүнийг конус хэлбэрийн огтлолцол гэдэг. Химийн энэхүү геометрийн зураглалыг химичид 1950-иад оноос хойш ажиглахыг оролдсоор ирсэн боловч асар хурдтай болж өнгөрдөг тул шууд ажиглах боломжгүй байсан бол одоо ийнхүү ажиглах боломж бүрджээ.

Байгалийн бүх үйл явц хэт хурдтай буюу фемтосекундийн дотор болж дуусдаг. Фемтосекунд гэдэг нь секундийг нэг тэрбум хуваасныг дахин нэг саяд хуваасантай тэнцэх асар богино хугацаа юм. Тэгвэл эрдэмтэд квант компьютер ашиглан химийн динамикийг фемтосекундээс миллисекунд хүртэл удаашруулах боломж бий болгосноор молекул бий болох явцыг ажиглан хэмжилт хийх боломжтой болжээ. Эрдэмтдийн хийсэн энэхүү туршилт нь хэт хурдан динамик буюу молекулууд асар хурдан хугацаанд хэрхэн, яаж өөрчлөгддөгийг бүрэн ойлгож авахад тусалж байна. Молекулуудын дотор болон тэдгээрийн хооронд явагдаж буй эдгээр үйл явц нь шинэ эм болон материал гарган авах, нарны эрчим хүчийг цуглуулах технологийг улам боловсронгуй болгох гэх мэтээр шинэ боломжуудыг бий болгож байгаа ажээ. Мөн түүнчлэн молекулууд хэрхэн гэрэл бий болгож, үүл манан яаж үүсдэг гэдгийг болон озоны давхарга яагаад цоордог болохыг ойлгоход тус судалгаа тус болно гэж эрдэмтэд тооцож байна.

Ийнхүү эрдэмтэд аль ч дайн, тулаанаас хэдэн зуу, мянга дахин олон хүний амь авч оддог хорт хавдрын эсрэг дайн зарлаж, бага хүчээр их хүчийг ялж эхэлжээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *