Categories
мэдээ цаг-үе

Х.Пүрэв: Миний мөрнөөс төрийн наадмын 16 түрүү тодорсон

Улсын манлай засуул Хадын Пүрэвтэй ярилцлаа.


-Та хүчит бөхчүүдээрээ алдартай архангай нутгийн хүн. Танай удамд сайн барилдаж байсан олон хүчтэн байсан шүү дээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Би хүчит бөхчүүдээрээ улсдаа алдартай Архангай нутгийн Өлзийт сумын хүн.Манай удамд сайн барилдаж байсан хүн олон бий. Миний аавын ах “улаан хүзүү” Х.Дэлэг гэж улсын арслан цолтой бөх байлаа. 1934 оны улсын баяр наадмаар 1024 бөх барилдахад арав давж түрүүлсэн шүү дээ. Манай аав Хад ч сум орон нутагтаа сайхан барилдаж байсан. Харамсалтай нь айхтар гэмтээд барилдахаа больж морь уядаг болсон юм даа. Миний төрсөн дүү Х.Пүрэвбадамын хүү мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж, улсын аварга Д.Сумъяабазар, улсын начин Д.Сэржбүдээ гээд хүчитнүүд байна. Би бөхийн орчинд ойрхон өссөн болохоор хааяа ноцолддог л байсан. Гэмтэл аваад удаан барилдаж чадаагүй.

-Та бэртэл аваад бөхөө орхичихоогүй, засуулаар олон жил ажилласан шүү дээ. Анх хэзээнээс засуул хийж эхэлсэн бэ?

-1982 онд санагдаж байна. Бөхийн гарын даа хийж байсан Цэдэв, Цоодол нар намайг бөхийн замд оруулж байсан түүхтэй. Намайг тойргийн барилдааны оноолт хийлгэх гэж дуудсан юм билээ. Харин би хэсэг ажиллаж байгаад 1990 оноос хойш цолчин засуулаар ажиллаж эхэлсэн. Засуул хийх эрдмийг Ерөнхийлөгч Х.Бат-тулгын аав Халтмаа, Гончиг нарын буурлуудаас өвлөсөн. Халтмаа гуай чинь 77 нас хүртлээ бөх зассан хөнгөн биетэй, хурц хараатай хүн байсан даа.

-Та цол дуудаачдын улсын уралдаанд хэд хэдэн удаа амжилттай оролцож байсан. Энэ талаараа хуучилбал?

-Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын уралдаанд анх удаа оролцохдоо “ган хоолой” шагнал авч урамшиж байлаа. Тэр наадамд олон шилдэг цолчин засуулууд өрсөлдөж Мягмар гуай түрүүлсэн. Дараа нь 1995 онд болоход нь би тэргүүн шагнал авч, гавьяат жүжигчин Банзрагч удаалж байлаа.

-Сүүлийн үеийн засуулуудын ур чадварын талаар та ямар бодолтой явдаг вэ. Бөхчүүд засуулуудын үг сонсолгүй унасан ч, давсан ч тугны зүг уралдаад гүйчих гээд байх болж?

-Бөхийн засуул хүн голч ноён нуруутай байх ёстой. Амраг садан, ах дүү нь хамаагүй шударга байх нь засуул хүний үүрэг. Намайг 38 жил засуул хийх хугацаанд надтай бөхийн дэвжээн дээр арсалдаад, хэрэлдэж зогссон бөх нэг ч байхгүй. “Хоёр бөхийн унасан, хаясныг хараагүй унтаж байх засуул бөхийн хажууд битгий ирээрэй” гэж багш нар минь сургасан. Одоо засуулууд бөхчүүдийн амаар барилдааныг шийдээд байна л даа. Өнөөдөр барилдааны талбайд маргаан гарахад хүний өөдөөс эгц хараад үнэнийг хэлэх засуул ховор болсон. Дүлэгнээд зугтдаг, эсвэл худлаа бөөрөнхийлөөд хэрүүл үүсгэдэг. Ийм байдлыг далимдуулаад бөхчүүд унасан ч дэвээд гүйчихдэг болсон.

-Таны мөрөн дээрээс төрийн наадмын хэдэн түрүү төрсөн бэ. Дархан аварга Г.Өсөхбаяр дөрөв түрүүлэхэд гурав нь таны мөрнөөс түрүүлж байсан гэсэн?

-Миний мөрнөөс төрийн наадмын 16 түрүү төрсөн юм даа. Б.Бат-Эрдэнэ аварга 13 түрүүлэхэд есөд нь би малгайг нь бариад хажууд нь зөвлөөд зогсож байсан. Г.Өсөхбаярын гурав, А.Сүхбатын гурав, Сумъяабазарын нэг түрүү надад бий. Г.Өсөхбаяр миний мөрөн дээрээс дөрөв ч түрүүлчих боломж байсан л даа. Сүүлд 2010 оны Ардын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмаар түрүү байрын төлөө барилдахдаа миний үгнээс зөрж байж Б.Ганбатад мордуулсан.

-Тухайн үед та аваргад юу зөвлөж байв?

-Өсөхөө шавчихаад элэг бүсээ чангалаад барилдааны талбайн баруун тийш алхахад “Яаж барилдах нь вэ” гэж би асуусан юм. Мань хүн “Шууд золгочихъё” л гэж байна. Хариуд “Шууд золгоод хэрэггүй цаг нь болохоор золго. Бэлдсэн юм ирнэ” гээд л барилдуулсан. Мань хүн шууд очиж золгоод л Б.Ганбатад хашиж мордуулаад тэнгэр харсан юм даа. Б.Ганбат гарч ирэхдээ Өсөхөөд “Аваргын замд саад хийхгүй ээ” гэж хэлээд тайвшруулчихсан юм билээ. Би Өсөхбаярт “Хүний үгнээс зөрөөд хохь чинь” гэж хэлдэг юм. Золголгүй хүлээгээд ирийг нь дараад авах байсан.

-Дэвжээнд бөх засч байхад баярламаар бас харамсмаар олон үе тохиолдоно биз. Энэ бүхнээс хуваалцвал уншигчдад сонирхолтой байх?

-Баярлуулсан, догдлуулсан барилдаануудын алийг тэр гэх вэ. Гэхдээ ах нь наадмын дэвжээнд гурван удаа л нулимс үзүүлж байлаа. 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмаар дархан аварга Б.Бат-Эрдэнийн бэлтгэл ханачихсан, ёстой торгон ирэн дээрээ байсан юм. Манай хүн наймын даваанд улсын гарьд П.Сүхбатыг амлаж зүүн сэнжигэнд нь шунаж яваад багахаан гишгэдлийн алдаа гаргаж этүүлээд суучихсан. Ёстой тэнгэр нураад л ирэх шиг болсон доо. Уул нь Бат-Эрдэнийг чинь амьд амьтан битгий хэл, адгуус ч зогсоохооргүй байсан байхгүй юу. Дараа нь аваргад “Яах гэж тэр сэнжигний барьцанд шунав. Сүүлд нь хаанаас нь ч бариад хаяна шүү дээ. Чиний шунал ихдээд байна” гэж хэлж байсан. Дараа нь 2006 онд аварга А.Сүхбат зодог тайлах гэнэтийн шийдвэр гаргаж бүр намайг дагуулж очиж тугнаасаа адис авч байлаа. Би ч тэсэлгүй мэлмэрээд л явчихсан. Бөхөд хайртай түмнийг уран хурц барилдаанаар олон жил баясгасан аваргыгаа ингээд явчихна гэж яаж санах билээ дээ. Сүүлд 2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн ойгоор түрүү байрын төлөөх барилдаанд Нямдоржийн Ганбаатарыг зассан юм. Ганбаа ч тэр жил түрүүлчихээр хэмжээнд байсан Д.Сумъяабазар, Б.Ганбат хоёрыг илүүрхэж хаяад зам нь шуударчихсан байлаа. Түрүү байрын төлөө барилдахаар гарахад нь “Ээ миний хүү энэ өндөр даваанд гарч ирсэн хүн яарч л болдоггүй юм шүү. Ийм боломж хүний амьдралд ховор тохиолдоно. Шөнө болтол зууралдаарай. Хэрэгтэй цагт нь би ганц юм хэлнэ. Алдалгүй ашигла” гэж захисан юм. Тэгсэн мань хүн золгонтуутаа тэвчээр алдаж тойруулж татаад мангасдуулаад доор нь орчихдог юм даа. Гол харлаад л явчихсан. До.Ганхуяг татахыг хүлээж байсан байхгүй юу.

-2004 оны ардын хувьс-галын 83 жилийн ойгоор хадам, хүргэн хоёр төрийн наадмын түрүү байр булаацалдахад та засч байсан. Дархан аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох хоёрын барилдааны талаар дурсвал?

-Хүнд байсан шүү. Тухайн үед А.Сүхбатын засуулаар ажилласан. Амжилтыг нь бо-доод “Б.Гантогтохыг ганц түрүүлчихээсэй” гэх бодол толгойд эргэлдэж л байсан. Аав нь 10 түрүүлсэн аварга хүн байхад хүү нь ганц түрүүлээгүйд нь харамсдаг юм. Ганаа арслан цолны тухай бодоод барилдаанаа гаргаж чадаагүй. Тулж зогсож байгаад л өшиглүүлээд унасан. Уул нь гайхмаар мэдрэмжтэй барилддаг хүн шүү дээ. П.Сүхбат, Ц.Мягмарсүрэн хоёрт унаж байгаад л эргээд дээр нь гарчихдаг барилдаан нь одоо ч нүдэнд харагддаг юм.

-А.Сүхбат аваргыг хадмыгаа дэмжээд арслан болгох байх гэж олон хүн харж байсан даа?

-Б.Гантогтохыг А.Сүхбаттай үлдэхэд нь олон хүн түрүүлчихлээ гэж харсан байх л даа. Өмнөх жил нь Ардын хувьсгалын 82 жилийн ойгоор А.Сүхбат чинь Б.Гантогтохыг дэмжсэн байсан. Хоёр жил дараалж тийм юм байж болохгүй биз дээ.

-Хүчтэй гарьд И.Доржсамбуу таны мөрнөөс гараад түрүүлж хараахан чадалгүй Х.Мөнхбаатар арсланд унасан. Энэ барилдааны талаар ярихгүй юу?

-Түрүүлчих боломж өндөр байсан. Их шөвөгт И.Дорж-самбууг М.Баяржавхлантай барилдахаар гарахад нь “Баруун талд нь дайрч болохгүй шүү. Айхтар өшиглөнө. Зүүн талд нь довтолж барилд” гэж хэлээд гаргасан. Манай хүн зүүн талд нь суйлаад давчихлаа. Түрүү байрын төлөө гарахын өмнө Х.Мөнхбаатарыг ажигласан чинь бүх юм нь гүйцчихсэн, ир нь орсон янзтай байна шүү. Тэгээд Доржсамбуудаа “Надаас битгий хол барилдаарай. Намайг тойроод бай. Эвгүйтвэл зуураад ч хамаагүй тогтоогоорой. Эхлээд ирийг нь дараад авах хэрэгтэй байна. Тэр цагт барилдааныг чинь хэлж өгнө” гээд л гаргасан. Нөгөөх чинь гараад л барьцгүй ганц өшиглөөд л дөрвөн хөллүүлээд авахад нь баярласан гэж. Харамсалтай баяр дуусаагүй байхад барьцаа алдаж тумбарайдаж даруулаад ажлаа дуусгасан. Маргааш нь цолны найраа хийхдээ “Пүрэв ахыг аваад ир” гээд гээд дүүгээ явуулахад “Унасан бөхийн найранд очихгүй” гээд явуулж байсан. Түрүүлнэ гэж их найдсан болохоор харамссан л даа. И.Доржсамбуу маань хаялаа гээд хөөрч гүйгээд байдаггүй, уналаа гээд харамсаад сүйд болдоггүй тийм л сайхан эр хүн дээ.

-Улсын начин цолтон төрүүлж байв уу?

-Энэ олон жил бөх засахад миний мөрнөөс ганц л начин төрсөн юм даа. Сүхбаатарын С.Анхбаярыг л начин болоход нь зассан. Тухайн үед Анхбаяр удаан барилдаад гар хатуурчихаад байхад нь “Чиний наад гар чинь мод юм уу, мөч юм уу, хөдөлгөөд барилдаач наадахаа” гэж загнатал учраагаа ганц дайраад уначихаж байсан нь одоо бодоход сайхан байдаг юм.

-Наадмын түрүү бөхийн шинж ямар байдаг юм бэ?

-Их амгалан тайван байдаг. Тийм ч учраас илүү хөдөлгөөн ердөө хийдэггүй. Харахад андашгүй дээ.

-Энэ жилийн баяр наадам болоход хоёр сар орчмын хугацаа үлдсэн байна. Наадмын бөхийн өнгийг яаж харж байна?

-Ойрд барилдаан болсонгүй. Гэхдээ Архангайн М.Бадарч харцагыг л ажиглаад байгаа. Манай хүн чинь Э.Оюунболд, Ц.Содномдорж гээд түрүү бөхчүүлд л тахим өгөөд байгаа. “Саадаа давчихвал түрүүлнэ шүү” гэж би өөрт нь ч хэлсэн. Бөхчүүд чинь “Түрүү бөхөөс л зөрөх юмсан. Од нь гүйсэн бөх дийлддэггүй” гэж ярьдаг шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *