Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн өөрчлөлтөөр томоохон дүүргүүдээ хот болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль маргаан дагуулж байна. 1.3 сая иргэн амьдарч буй нийслэлийн хувьд уг хууль амин чухал байх ёстой гээд байгаа. Гэсэн хэдий ч тэр хүлээлтэд нийцэхгүй байна гэх юм. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль органик хууль л даа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэгт Монгол Улсын Нийслэлийн эрх зүйн байдлыг хуулиар зохицуулна гэж заасан. Уг зохицуулалтаас ургаж гарч буй хууль юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1993 онд батлагдсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ хууль нийслэлийн эрх зүйтэй холбоотой харилцааг тодорхой хэмжээнд зохицуулж байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах, нийслэл рүү төвлөрөх төвлөрлийг сааруулах, нийслэлд тулгамдаж буй дэд бүтцийн болон олон асуудлыг шийдэхэд уг хууль хүчин мөхөсдөж буй цаг үед Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирлээ. Харамсалтай нь хуулийн төсөл энэ янзаараа хэлэлцэгдээд явбал Их хурлын босгыг давахгүй байх.

-Яагаад?

-Бусад хууль тогтоомжоос тасдаж авч ирээд нийлүүлсэн эвлүүлэг маягтай хуулийн төсөл болсон байна. Түүнчлэн уг хуулийн төсөлд тунхгийн шинжтэй заалтууд нэлээд бий. Уг нь тунхгийн шинжтэй хууль байх ёсгүй. Нийслэлийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх үүргийг хуваарилж өгсөн хэм хэмжээнүүд байх ёстой. Гэтэл тэгж чадсангүй. Тухайлбал, Нийслэл хот нь дэлхийн хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлсэн хот болно гэсэн байх жишээтэй. Улсын шинж чанартай тэмцээн, уралдаан, хурал зөвлөгөөн зөвхөн нийслэл хотод зохион байгуулагдана гэх мэтчилэн тунхгийн зүйлс энэ хуулий дийлэнх хувийг бүрдүүлж байна.

Ердийн хуулиар зохицуулагддаг замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой харилцаа, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдалтай холбоотой харилцаа, хот төлөвлөлттэй холбоотой харилцаа гэх мэтчилэн хуулиар зохицуулагдаж байгаа харилцааг тасалж авч ирээд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд наачихсан. Энэ нь хуулийн жинхэнэ мөн чанарыг алдагдуулж байгаа. Нийслэлийн гудамж талбайд үндэсний өв уламжлалыг орчин үеийн ололт хот байгуулалтын дэлхийн жишигт хослуулан хөгжүүлнэ гэсэн заалт байна.

Энэ яг ямар зан үйлийг тодорхойлж байгаа юм бэ. Би Төр эрх зүйн онолын багш хүн. Үүнийг би оюутнууддаа тунхагласан хэм хэмжээ л гэж зааж байсан. Хуулийн төслийн өөр нэг ноцтой алдаа нь Үндсэн хуулийн хэм хэмжээнээс давсан зохицуулалтыг оруулж ирсэн.

-Нийслэлд санхүүгийн эрх мэдлээс эхлээд багагүй зүйлсийг суулгаж өгсөн гэх юм билээ. Гэсэн ч хаврын чуулганаар нэг мөр уг хуулийн төслийг хэлэлцэнэ гэж байсан?

-Нийслэлийн өмч хөрөнгө, нийслэлийг хөгжүүлэх сан, нийслэлийн газрын бирж, чөлөөт бүстэй холбоотой заалтууд орж ирж байгаа нь зөв. Үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг заавал тунхагласан хэм хэмжээн дунд оруулж ирэх шаардлагагүй. Холбогдох хуулинд эрхийг нь өгчихье л дөө. Төсвийн тухай хуулиар нийслэлийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлчихэж болно. Нийслэлийн төсвийн хөрөнгө нь ийм зүйлээс бүрдэнэ. Нийслэл нийт төсвийн орлогынхоо тэдээс илүүгүй хувьтай тэнцэх бонд гаргаж болно гэдэг ч юм уу энэ эрхийг нь бид өгчихөж болно. Хууль гэдэг өөрөө нийгмийн төрөл харилцааг зохицуулах обьекттой байх ёстой. Түүнээс хууль бүрээс нийгмийн харилцаатай холбоотой хэм хэмжээг тасдаж авч ирээд кодификаци хийх гэж байгаа бол өөр асуудал. Харамсалтай нь тийм зүйл харагдахгүй байгаа.

-Таныг өнөөдөр (өчигдөр) Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэгт оруулсан. Уг хуулийн төсөл дээр ямар заалтуудыг оруулах саналтай байгаа вэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлыг өөрчилье гэж байгаа бол нийслэл, хот гэдэг хоёр статусыг салгах ёстой. Баянзүрх хот, Сонгинохайрхан хот гэдэг статус руу нь аваачиж хөгжүүлэхгүй бол төвлөрөл нь төвдөө яваад дүүргүүд хөгжихгүй байна. Тухайлбал, 330 мянган хүнтэй, 120 мянган га нутаг дэвсгэртэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд байна. Гэтэл энэ хоёр дүүрэгт ямар ч төсвийн эрх мэдэл алга. Цаашлаад үйл ажиллагаа явуулах бүх эрх мэдлийг нь нийслэл хотод төвлөрүүлчихсэн. Нохой, муур алах хот нийтийн аж ахуйн чиг үүрэг Хотын дарга түүний харьяа агентлагт хадгалагддаг. Хотын гэрэлтүүлгийг дүүрэг биш хот шийдэж байгаа. Замын арчилгаа цэвэрлэгээ, сургууль, цэцэрлэгийн шууд удирдлагаар хангах эрх нь хот дээр шийдэгдэж байна. Энэ мэтчилэн яриад байвал бүх эрх үүрэг хотын Засаг даргад төвлөрсөн. Хотын шуурхай дээр дүүргийн асуудал ярихаар агентлаг, хэлтсийн дарга нар нь хариулт өгдөг. Дүүргийн Засаг дарга нар бэлгэдлийн маягтай ирж суудаг. 330 мянган хүн амтай, 120 мянган га нутаг дэвсгэртэй дүүргийн Засаг даргад дүүргээ хөгжүүлэх төсвийн эрх мэдэл юу ч байхгүй.

Гадны орнууд хот гэдэг хөгжлийн хандлагаа тодорхойлж өгөөд явж байна л даа. Тухайлбал, АНУ-ын хамгийн том Сан Франциско хот хажуудаа Оакланд гээд хоттой. Өөрсдөө хот нийтийн аж ахуйн үндсэн чиг үүргээ бүгдийг нь хэрэгжүүлээд явдаг. Одоо манайд хотын Засаг дарга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дэлгэрүүлж хэлбэл нэг талдаа хотын дарга хот нийтийн аж ахуйн чиг үүргээ хэрэгжүүлээд нөгөө талдаа засаг захиргааны нэгжийн чиг үүргээ давхар хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Хотын захирагчийн ажлын алба гэдэг нь Хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Хотын ерөнхий менежер. Тэр нь Нийслэлийн Засаг даргын хоттой холбоотой үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээд засаг захиргаа нутаг дэвсгэрийн чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлдэг. Дээрээ нэг малгайтай доороо хоёр тусдаа чиг үүрэгтэй. Цаашид бид томоохон дүүргүүдээ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хот болгох хэрэгтэй. Үндсэн хуультай харшлах зүйл байхгүй. Нэгдүгээрт, нийслэл гэдэг тэр статусыг хөндөхгүй. Хоёрдугаарт, дотор нь байгаа томоохон дүүргүүдээ бие даасан чиг үүргээр нь хөгжүүлнэ. Нийслэл гэдэг засаг захиргааны чиг үүргийг тусад нь өөр хүнд хариуцуулаад явахгүй бол хотын дарга маань нохой, муур алах ажилд хүртэл оролцож байна.

-Бусад дүүргүүд нь ч гэсэн хот болж санхүүгийн эрх мэдлээ өөрсдөө авна гэх байх даа…

-Дүүрэг бүр хөгжлийн тал дээрээ харилцан адилгүй байдаг. Нийслэлд төвийн зургаан дүүрэг бий. Сүхбаатар дүүрэг жилд 40 орчим тэрбум төгрөгийн орлого олж, түүнийгээ зарцуулдаг. Гэтэл хүн ам нь 120 мянга орчим. Сонгинохайрхан дүүрэг 330 мянган хүнтэй хэрнээ жилд долоон тэрбум төгрөгийн орлого олдог. 120 мянган хүн амтай Сүхбаатар дүүргээс 10 дахин том газар нутагтай. Өнөөдөр хамгийн гол доголдоод байгаа асуудал нь энэ. Бид хот, нийслэлээ ялгаж ойлгохгүй бол 21 дүгээр зуунд бид хөгжинө гэдэг түвэгтэй шүү.

Хот, засаг захиргааны ялгаа нь юу байдаг вэ гэхээр Монгол Улсын батлагдан гарч буй хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажил хийгдэнэ дээ. Үүнийг Засгийн газар гүйцэтгэнэ. Ингэхдээ өөрийн бүтцийн байгууллагууд буюу нутаг дэвсгийн нэгжүүдээр дамжуулан төрийн хуулийг хэрэгжүүлнэ. Энэ нэг чиг үүрэг нь. Харин хүн амыг ногоон зүлэгтэй, утаагүй хотод амьдруулах ажлыг хариуцдаг хүмүүс нь хотын захирагчийн ажлын албаны үндсэн чиг үүрэг нь. Бид хөгжлийн хувьд бусад орнуудаас хоцрогдсон нь үнэн. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 1954 онд гарч байсан. Гэтэл зүүн Ромын эзэнт гүрний Константинполь хот чинь 2500 жилийн өмнө хотын төлөвлөлтөө хийсэн. Энэ хоёрын хооронд хөгжлийн зөрүү байгаа ч Монголд хот хожуу үүссэн тиймээс иргэд ийм л байдалтай амьдрах ёстой гэдэг байж болохгүй. Үүнийг түргэтгэе гэвэл яаралтай хотын зохион байгуулалтад оруулаад төсвийн эрх мэдлийг өгч, хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргуулаад шахаж шаардаж явахгүй бол болохоо байсан. Улаанбаатар хотын наймдугаар ерөнхий төлөвлөгөө хэрэгжээд явж байна. Энэ найман төлөвлөгөө хэрэгжээд нэг нь ч амьдралд нийцээгүй. Хоорондоо уялдахгүй байгаа юм.

-Хэдэн жилийн өмнө Багануур, Налайхыг хотын статустай болгоод хөгжсөн юм уу. Хоёр даргын хооронд хэрүүл болоод дууссан. Тийм зүйл болохгүй гэх баталгаа байна уу?

-Косметик мэс засал үр дүнд хүрэхгүй. Дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргын чиг үүргийг Захирагч гэдэг хүнд дангаар нь өгсөн. Төсөв болон хууль тогтоомжийн эрх мэдлийг нь өгөлгүй бэлгэдлийн Захирагч томилчихоор юу ч хийж чадахгүй. Хоёр жил төсвийн мөнгө үрсэн Захирагчийн ажлын албууд дүүргийнхээ Засаг дарга нартай хоёр жил тасралтгүй хэрэлдээд 2016 онд татан буулгасан.

-Та томоохон дүүргүүдээ хот болгоно гэх юм. Гэтэл нөгөө талд чинь томоохон дүүргүүдээ задалж өөр дүүрэг байгуулах нь зөв гэдэг санал гарч байна шүү дээ?

-Санаачилж байгаа хүмүүс маань ялгааг нь мэдэхгүй яриад байна. Засаг захиргааны нэгжийн хувьд хэдэн ч дүүрэг болгон задалж болно. Хот зохион байгуулалт талаасаа өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэж байгаа юм.

Нийслэл гэдэг цол гуншинг Улаанбаатар хотоос салгаж аваад шинэ газар тухайлбал, Орхон-Сэлэнгийн бэлчирт 250-500 мянган хүний хот төлөвлөж Улаанбаатарын төвлөрлийг захиргааны журмаар задалбал хотод хийж буй үргүй хөрөнгө оруулалтууд хамгийн үр дүнтэй болно. Энэ миний хувийн бодол. Даанч үүнийг олон хүн таашаадаггүй юм.

-Дагуул хотыг байгуулах нь зөв юм биш үү. Сүүлийн үед дагуул хотын тухай яригдах боллоо…

-Би үүнтэй санал нийлдэггүй. Дэлхийн олон орон хот төлөвлөлтийн энэ зовлонг туулсан. Би 2013 онд хэсэг хүнтэй хамтарч “Төлөвлөлттэй шинэ нийслэл” гэдэг ТББ байгуулаад дэлхийн улс орнуудын хот төлөвлөлтийн алдаа, ололт амжилтын талаар эрдэмтэдтэй судалгааны ажил хийж байсан. Нийслэлийнхээ дэргэд нь жижиг дагуул хот бий болгосноор хотын төвлөрөл саардаггүй юм. Аль болох захиргааны аргаар хол газар тусад нь төвлөрлийг сааруулсан хоёр төвт хөгжлийн загвараар явж байж төвлөрөл саарна. Хот усаа дагаж явах ёстой. Юун Майдар, Аеро сити вэ. Урагшаа ямар гол горхи байгаа юм бэ. Дэлхий даяараа хоёр, гурван төвт хөгжлийн загвар ярьж байхад бид нэг төвтэй байна. Аргалант, Эмээлтийн дагуул хоттой байна гээд явсаар байх юм уу. Тэр дагуул хот хаана хөгжөөд байгаа юм. 20 жил ярилаа, хэвээрээ л байна. Тэр болгонд цэвэрлэх байгууламж, дулааны эх үүсвэр шийдэхээс эхлээд илүү зардал гарна. Тусад нь 500 мянган хүн амтай хот бий болгочих. Тэнд барилга барина, ажлын байр бий болно. Гаднаас орж ирж буй хөгжлийн зээлүүдийг хоёр газар зам болгоно гэж хэрэлдэж байхынхаа оронд тэнд тусад нь нийслэл хот байгуулъя гэдэг холыг харсан, үр дүнтэй хэмнэлтийн горимоор ажиллах ёстой. Гэр хороололд хийж буй хөрөнгө оруулалтын ажлууд ерөнхийдөө үр дүнгүй болдог. Нэг газар тоглоомын талбай хийчихсэн байхад дараа жил нь бүгдийг нь сугалаад авчихсан байдаг. Энэ хот төлөвлөлтийн дагуу хийгдсэн суурьшил биш. Энхболд, Нямбаатар хоёр ярьж байгаад дөрвөн талд нь шон зоож байгаад хашаа бариад гудамж гаргачихсан хотын суурьшил байхгүй юу. Үүнийхээ араас цахилгаан, дэд бүтэц, автобус, худаг, сургууль, цэцэрлэг, эмнэлэг шаарддаг. Гэтэл төрийн бодлого 2000 оноос хойшх эдийн засгийн өсөлттэй бүх цаг үед аймаг, сумдад сургууль, цэцэрлэгийг 15 жил тасралтгүй барилаа. Шинээр баригдаагүй сургууль, цэцэрлэгтэй сум байна уу. Байхгүй. Гэсэн ч хүн ам нь хот руугаа нүүдэллэсэн хэвээрээ л байна. Бүх проблем нь хотдоо үлдчихсэн. Энэ нь ах нарын хийсэн төрийн бодлогын алдаа. Гэтэл энэ бүгдийг бахь байдгаар нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар оруулж ирэх юм. Энэ хуулинд юу ч байхгүй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *