Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Нэг шүүгчийн дансанд сая ам.доллар, таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байсан шүү дээ

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцсон билээ. Түүний сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай хийсэн ярилцлагыг тоймлон хүргэж байна.


-Тантай цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье гэж бодож байна. Монголын нийгэмд хамгийн их дуулиан тарьж байгаа зүйл нь олон улсын Лондонгийн шүүхэд манай улс ялагдсан. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авсан “Стандарт” банкинд 101 сая ам.долларыг төлөх ёстой болсон гэсэн. Жинхэнэ үнийн дүн 51 сая ам.доллар, үүн дээр өмгөөллийн зардал, сарын хүү нийлээд 120 орчим сая ам.доллар болж байх шиг байна. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ зээлийн эхлэл 2007 оноос тавигдсан байдаг. Өмнө нь энэ чиглэлээр ярилцаж байсан. 2007 онд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаад “Жаст” группт “Стандарт” банкнаас зээл авахад баталгаа гаргаж өгөх шийдвэр гаргасан байдаг. Үүнээс хойш маш олон удаагийн үйлдлээр зээл авч, эргэж төлсөөр байгаад өнөөдрийн нөхцөл байдалтай тулгарсан. УИХ-ын нэр бүхий таван гишүүн Ерөнхий сайдад энэ асуудлаар асуулга тавьж хариултыг нь авсан. Хариултаас харахад зээлийн баталгааг тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд гаргасан гэх утга агуулга бүхий зүйлс дурдагдсан байдаг. Тухайн үеийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн доод албан тушаал бүхий хүндээ үүрэг чиглэл өгсөн гэх мэдээлэл байдаг. Харин “Жаст” компанийн захирал болохоор “Би бүх бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн” гээд байдаг. Гэхдээ нэг зүйлийг үгүйсгэдэггүй. 2007 оны зээлийг үгүйсгэж ярьдаггүй. “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ” гэдэгтэй адил зээлийн эхлэл тэр үеэс тавигдсан. Бид олон улсын шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэх ёстой юу, үгүй юу гэж та асуусан. Гарын үсэг хуурамч эсэхийг хэлэхэд хэцүү. Нэгэнт олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай мөр зэрэгцэж яваа. Олон улсын арбитрын шүүх маргаанаа шийдвэрлэчихсэн. Түүний давж заалдах эрх дуусгавар болчихсон тохиолдолд бид өрийг төлөхөөс өөр гарцаагүй нөхцөл байдалд орж байгаа. Төлөхгүй удах тусам “Эрдэнэт” үйлдвэрт хүнд байдал бий болно. Харин хохирол учруулсан хүмүүсээс эргэж хөрөнгө, эд зүйлийг нь битүүмжлэх замаар төр хохирлоо аль болох багасгаж барагдуулах ёстой. Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх арга замыг хурдасгах ёстой. Өдөр цаг, тутмаар алданги хүүний мөнгө өсөөд явж байдаг. Энэ чинээгээрээ “Эрдэнэт” үйлдвэр хүнд байдалд орно. Энэ зөвхөн 51 хувийг барьцаалчихсан. 49 хувь нь Монголдоо үлдчих юм шиг өрөөсгөл байдлаар ойлгож болохгүй. “Эрдэнэт” үйлдвэрийн Арбитрийн шүүхийн шийдвэрээр бүхэлдээ битүүмжлэгдсэн байгаа. 2018 оны нэгдүгээр сарын 31-нд Засгийн газрын хуралдаанаар “Стандарт” банкны өрийг төлж барагдуулах чиглэл өгсөн байгаа. Хуралдаанаар юу гэж шийдсэн бэ гэвэл үндсэн зээлийн төлбөрийг төлөх асуудал.

Өмгөөллийн хөлс, хүү, алдангитай холбоотой асуудлаар “Эрдэнэт” үйлдвэрийг хэлцэлд ор гэсэн асуудал тавьсан. Харамсалтай нь нэг цул ойлголттой биш. 49, 51 хувь гэдгээрээ хоорондоо Үндсэн хуулийн цэц болон Захиргааны хэргийн шүүхэд маргалдаж байна. Эцсийн үр дүндээ Монгол Улс хохироод л явж байна. Өөрөөр хэлбэл үндсэн төлбөр болох 51 сая ам. долларыг төлчихөөд хүү, өмгөөллийн хөлс зэргийг хойшлуулах, хүүг зогсоох дээр хэлцэл хийж байгаа гээд Засгийн газраас бидэнд хариу ирүүлсэн байгаа.

-Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж зээл авахаас сарын өмнө С.Баяр Ерөнхий сайд болсон байдаг. Тэгэхээр С.Баяр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авах ажиллагаанд нөлөөлсөн байж болох уу?

-Хэргийн материалыг уншиж танилцаагүй байгаа болохоор үүнийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ болсон үйл явдлыг ерөнхий агуулгаар нь харах юм бол Ерөнхий сайд доошоо чиглэл өгсөн байхыг үгүйсгэх арга байхгүй. Монгол, Оросын хамтарсан Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж санал нэгтэйгээр шийдвэр гаргачихсан. Монгол Улсын нэг л аж ахуй нэгж байгууллага шүү дээ. Тэгвэл яагаад бусад аж ахуй нэгж байгууллага ийм эрх эдлээгүй юм бэ гэсэн бодол надад төрж л байна.

-Яагаад энэ асуудлыг С.Баяртай нааж яриад байгаа юм бэ гэхээр Ш.Батхүүгийн удаа дараагийн мэдэгдэл дээр С.Баяртай 40 мянгатын нэг байрных, их сайн найз нөхдийн холбоотой. Дэмжиж тусалдаг ах минь байгаа юм гэж ярьсан байдаг. С.Баярын нөлөөгөөр зээл авсан байж магадгүй гэсэн хардлага байгаа юм?

– Магадгүй. Энэ хэргийн хавтаст хэргийг уншаагүй. Тэр хоёрыг энэ асуудлыг ярьж байхад нь хажууд нь лаа бариад зогсож байгаагүй болохоор үнэндээ хэлж мэдэхгүй юм. Гэхдээ үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид “Эрдэнэт” үйлдвэрт өөрийнхөө нөлөөг бий болгож байсныг бидний явж ирсэн түүх харуулж байгаа юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Хонконгт бүртгэлтэй компаниар ган бөмбөлөг нийлүүлнэ гээд гэрээ хийгээд, хажууд нь байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөг нийлүүлсэн гээд эрүүгийн хэрэг үүсгээд шалгуулсан. Гэхдээ энэ үйлдэлдээ ял зэм авалгүй цагаадаж байсан. Н.Энхбаярын эхнэрийнх нь хамаатан н.Мягмаржав гэдэг билүү хүн ган бөмбөлөг нийлүүлдэг байсан гэж шүүх дээр яригдсан шүү дээ. Н.Энхбаярт холбогдох шүүх хурал нээлттэй болсон биз дээ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй холбоотой “Ачит эх” гээд үйлдвэрийн асуудал одоо ч гадуур шуугьж л байгаа. Ц.Элбэгдоржтой холбоотой хүмүүс тус компанийн эзэд гээд л бүх юм ил байгаа. Өнөөдөр үүнийг яагаад ил гаргаж тогтоодоггүй юм. Бас л эргэлзээтэй, олон мянган эргэлзээтэй асуудлуудын нэг энэ болчихсон байгаа шүү дээ.

-“Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг мэдэгдэлд гаргасан. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн аж ахуй нэгжийн борлуулалтын орлого. Гэтэл яагаад “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” группийн зээлийг авч байгаа юм шиг харагдуулж байгаа юм бэ гэсэн байна лээ?

-Бид баримттай зүйл ярьж байгаа. Засгийн газраас ирүүлсэн цаасан дээр тулгуурлаж ярьж байгаа. Түүн дээр борлуулалтын орлого гэсэн үг байдаг. Юу нь эргэлзээтэй, гайхширал төрүүлээд байгаа юм бэ гэвэл чухам яагаад өмнөд Африкийн “Стандарт” банкаар “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал борлуулсан орлого дамжиж, борлуулалтаа хийх болов гэдэг бас нэг эргэлзээтэй зүйл. Хоёрдугаарт, тэр бичиг дээр яг тийм үг байдаг. Та санаж байгаа бол тухайн үеийн “Эрдэнэт”-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг доорх нэр бүхий албан тушаалтанд үүрэг өгч баталгаа гаргасан маягийн тийм өгүүлбэр байдаг. Бид хүн хэлмэгдүүлж болохгүй. Ч.Ганзоригийн мэдэгдлийг сонссон. Английн шинжээчийн дүгнэлтийг монгол, англи хэл дээр байгааг олж үзсэн. Тэр дүгнэлтийг ярих бол баталгааны гарын үсэгтэй холбоотой 40 хуудас гарын үсэгнээс зөвхөн 40 дүгээр хуудсан дахь Ч.Ганзоригийн гарын үсэг жинхэнэ. Бусад гарын үсэг хуурамч гэсэн зүйл байгаа. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаар Ш.Батхүүг цагдан хорьсон байгаа гэнэ. Энэ хүнийг өнөөдрийг хүртэл яагаад шалгадаггүй, хөрөнгөө ийш тийш нь нуух ажиллагаа хийгээд явдаг юм. Нэн яаралтайгаар энэ хүний хууль бусаар олсон орлого эд хөрөнгийг битүүмжилж, төр хохирлоо барагдуулах нь зүйн ёсны асуудал гэсэн шаардлага тавьсан. Баримтаар нотлогдсон зүйлүүдийг шүүх эхнээс нь шийдвэрлэх эрх нь шүүхийн байгууллагад бий. Бид 2015 онд шинээр батлагдсан хуулиар энэ бүх эрх мэдлийг олгочихсон. Олон үйлдэлтэй хэргүүд дээр шүүх батлагдсан хэргүүдийг шийдвэрлээд явах боломж бий болчихсон. Гэтэл өнөөдөр шинээр батлагдсан хуулиа даган мөрдөж, ашиглаж чадахгүй байна. Үүнээс болж өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нэг мөрдөн байцаагчийн гар дээр 250-300 хэрэг байна. Хэргийн дугаар аваад байцаан шийтгэх мөрдөлт хийгээд явж байна. Хөдөө орон нутгийн мөрдөн байцаагчид 5-10 хэрэгтэй байна. Улаанбаатар хотын цагдаагийн мөрдөгчид чинь хүн шүү дээ. Ажлын 12 цагаар ажлаад ч энэ хэргүүдийг шийдэх боломжгүй байна шүү дээ. Тэгэхээр эхнээс нь илэрсэн хэргүүдийг нь прокурорт яллах дүгнэлт үйлдээд шилжүүлэх, прокурор шүүхэд шилжүүлээд явах ёстой байхгүй юу.

-Та бид хоёрын яриа явсаар байгаад шинэ эрүүгийн хууль руу орчихлоо. 14 настай охидтой бэлгийн харьцаанд орсон бол тэрийг хүчиндэх зүйл анги гэж үзэхгүй. 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орохдоо тохиролцож болно гэсэн зүйлийг таныг Эрүүгийн хуулинд нэмж оруулсан гэж О.Баасанхүү гишүүн мэдэгдсэн. Та үнэхээр тийм зүйл хуулинд хийчихсэн юм уу?

-Энэ бол цэвэр гүтгэлэг. Тийм болохоор сүүлийн 60 жилд ашиглаж байгаа Монгол Улсын Эрүүгийн хуулийг авчирсан. Хүчиндэх гэдэг бол эмэгтэй хүнийг хүсэл зоригийнх нь эсрэг бэлгийн харьцаанд орох, завдах гэмт хэрэг. Тэгэхээр шинэ хуулинд 14 настай хүүхэд хүчиндсэн тохиолдолд тохиролцож 450 нэгжээр торгох тухай ойлголт огт байхгүй. Монгол Улсын эрүүгийн эрх зүйн хуулийн 60 жилийн тогтсон уламжлал хадгалагдаад явж байгаа. О.Баасанхүү нийгэмд сенсаци тарихын тулд хальт уншаад ерөөсөө л 15 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохыг эд нар торгох ялтай болгочихлоо гээд яриад байгаа юм. Энэ бол хүчиндэх, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэсэн хоёр өөр бие даасан гэмт хэрэг юм. Намайг харлуулахын тулд, дээрээс нь “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хөндөж ярихаар цаана нь зохион байгуулалттай бүлэглэл гүтгэх, дайрч давшлах ажиллагаа явагдаж байна. Хэрэв 60 жилийн тогтсон уламжлал хуулийг өөрчилсөн бол би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн байна.

-Төрийн өндөр албан тушаалтнууд бизнесмэнүүдэд яалт ч байхгүй нөлөө үзүүлдэг. Энэ бол та бид хоёрт баримт олдохгүй ч монголчууд бүгдээрээ мэдэх асуудал. Тэгээд яах юм. Энэ хүмүүсийг зүгээр ингээд байлгаад л байх юм уу. Баримт байхгүй юм чинь гээд байлгаад л байх уу. Тэгээд л тэр хүмүүс нь занхайгаад л, албан тушаалаа хашаад л байх уу?

-90 онд нийгэм болж бүтэхгүй байна гээд ах нар нийгмийг шинэчилсэн. 28 жилд эргээд бохирдчихлоо. Улстөрчид нь сонгууль болгоны өмнө авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, яригдаж явж байгаад сонгуулийн дараа замхардаг, эсвэл шүүх дээр очоод хэрэгсэхгүй болчихдог. За яах вэ, ганц нэгхэн хүн ял авч байна. Гүйцэтгэх засаглал нь 1.5 жилд хариуцлагаа тооцуулаад явчихаж байгаа юм. Мөн ганц нэгхэн хүн зэмлэл хүртдэг. Шүүх засаглал сүүлийн 28 жилд нэг ч удаа ард түмнээрээ дүнгээ тавиулаагүй. Яагаад гэвэл эд нар ард түмнээс урвасан. Нууц биш шүү дээ. Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн, зарим шүүгч би нэрийг нь хэлээд яах вэ, би Хурц шиг яривал ярина.

-Ярих уу, яах уу гээд үү?

-Тийм ээ.

-Ярь ярь.

-Зүгээр зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан шүү дээ. Хэдхэн жилийн өмнө шүү дээ. Эхнэр, хүүхэд нь нотариат хийдэг. Нотариатын орлогоос сая ам.доллартай болсон гэж байгаа юм. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая ам.доллар байна.

-500 сая ам.доллар уу?

-500 сая төгрөг юм байна шүү. Өөрийнх нь дансанд нэг сая ам.доллар байна. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ. Өнөөдөр Захиргааны хэргийн шүүх дээр илт хууль бус эвлэрлийг баталдаг шүүгч маш олон байна. Маргааш магадгүй, намайг энийг ярилаа гээд ШЕЗ-өөс мэдэгдэл хийгээд Захиргааны хэргийн шүүхийнхэн намайг энд тэнд хүн гүтгэсэн гэдгээр шалгуулж болно. Баримт гаргана. Ийм тохиолдолд.

-Хамтраад баримтыг нь гаргачихъя.

-Ашигт малтмалын лиценз хууль бусаар авсан гэдэг асуудлаар шүүхдэлцээд явахаар хууль бус эвлэрэл хийдэг. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатных дээр 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг гэдэг яриа явчихлаа. Энэ хүмүүст бид хамгийн өндөр цалин өгч байгаа. Бүх насаар нь томилж байна. Бид үүнийг өөрчлөөгүй цагт шударга ёсны тухай яриад хэрэггүй. Нөгөө манай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн “Шударга л байя” гэж ярьж байгаад 2013 онд эхлүүлсэн шүүхийн шинэчлэлийн үр дүн энэ. Маргааш ШЕЗ-ийн Захиргааны хэргийн шүүхийнхэн намайг гүтгэсэн энэ тэр гээд хэвлэлийн хурал хийгээсэй гэж хүсэж байна. Сая ам.доллартай шүүгч нь АТГ-т шалгагдаад ирснээ ажлаа өгчихөж байгаа юм. “Та нар зүгээр байгаарай, дарга нар чинь үүнээс илүү хөрөнгөтэй шүү дээ” гээд ярьж байна. Бид өнөөдөр шударга ёс яриад ерөөсөө хэрэггүй. Энийг л өөрчлөхгүйгээр улс хөгжих, нийгмийн реформ гээд юу ч яриад хэрэггүй. Дээр нь улстөрчдийг бүгдийг нь шийтгэж, албан тушаалтнуудыг цэгцлэх тухай бүр яриад ч хэрэггүй. Ийм шүүгч нартай тогтолцоон дээр, бүр ийм ханш байна. Маргааш над руу маш их гал ирэх байх л даа. Ер нь би олон юм телевизээр хэлье гэж бодож байгаа. Дөрөвдүгээр сар гарахаар олон хэргийг шахаж шаардъя. Нөгөө Дубайн гэрээ ямар шатандаа явж байна вэ. Эрхэм экс Ерөнхий сайд Сайханбилэг гуай та УИХ-аар шийдвэр гаргуулалгүй Дубайн хэлэлцээр хийсэн. Давхар татвар гэж боломж эдлүүлж, Оюутолгойг татвараас зайлсхийлгэсэн. ТЭЗҮ-гээ дүгнэлгүй тендерт сонгосон. Цахилгаан станц бариулалгүй Монгол Улсад хохирол учруулсан гэх мэтээс шударга ёс харъя. Элбэгдорж Ерөнхийлөгчийн хийсэн шинэчлэл бодитой л юм бол одоо харъя. Энэ бүхнийг ярихаар яахыг би мэдэхгүй байна. Юу ч яриагүй байхад 14-хөн настай охинтой холбоотой гүтгэлэг цацаж эхэлж байна. Одоо намайг янзалъя гэж ярьж байна гэж байна. янзалъя гэдэг нь миний амь насанд халдана гэж байгаа юм уу, шорон гянданд явуулъя гэж байгаа юм уу би мэдэхгүй байна. Гэхдээ үүнээс айж ичээд байх юм надад алга аа. Бид энийг өөрчлөхгүйгээр үр хүүхдэдээ гоё нийгэм үлдээх тухай ярихгүй. 90 онд ах нар нийгмийг шинэчилсэн. Шинэчлэл нь сүүлдээ гажуудсан. Бүгд хөрөнгөтнүүд, тэрбумтнууд болж баяжсан. Одоо эргээд тэдний булхайг дэлгэе гэхээр шүүх дээр очоод л хэрэгсэхгүй болчихдог,шийдэгддэггүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихдаг. Энийг л өөрчлөхгүй юм бол манай үеийн залуус юм яриад хэрэггүй ээ. Хоёрт гэвэл энэ дээр нам яриад байх хэрэг ерөөсөө ч байхгүй. Ардчилсан намын залуучуудыг ч бас үүн дээр дуу хоолойгоо нэгтгээсэй гэж бодож байна. УИХ дахь парламентын авлигын бүлгийнхэн ч энэ асуудлаар ярьж байгаа. Бид одоо системтэй, дуу хоолойгоо өндөрсгөж явна. Хоёр засаглал нь дандаа дүнгээ тавиулж ирсэн юм шүү. Гэхдээ шийтгэлээ бараг хүлээж байгаагүй. Шийддэг засаглал нь ард түмнээрээ огт дүн тавиулаагүй. Бүх насаараа томилогдчихдог, хадгаламжиндаа сая ам.доллартай шүүгч гээд бод доо.

-Та гэхдээ үнэн юм ярьж байгаа биз дээ?

-Харин тэгээд л намайг ШЕЗ-өөс асуувал АТГ-аас шалгагдаж байсан тэр хэргийг л гаргаад үзүүлчихмээр байгаа юм. Би хүн гүтгэж болохгүй. Цалингаасаа илүү торгуулна шүү дээ.

-Хэрвээ ШЕЗ-ийнхөн таныг тэр баримтаа гаргана гэж бодоод мэдэгдэл хийхгүй бол яах вэ?

-Тэгвэл яах вэ дээ. Шинэчлэхийн төлөө л ажиллана шүү дээ. Явъя л даа, цаашдаа.

-Сая УИХ хариуцлагын жил болгоод зарласан. Гэтэл “Авлигачдаа Ардын намаас хөөнө шүү” гэж байсан. Танай намаас хөөгдөөд яах юм бэ. Тэрбум тэрбум доллартайгаа л үлдэнэ шүү дээ. Асуудалд ингэж битгий хандаасай л гэж хүсэж байгаа юм?

-Нэг жишээ хэлье. Хууль бусаар хөрөнгөжөөд Ривер гарденд хөрөнгөтэй болсон Эрдэнэбүрэн нарын асуудлыг шийдлээ шүү дээ, сая. Тэгсэн чинь хөрөнгийг нь хураахгүйгээр шийдвэрлэчихэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хөрөнгийг нь хураах боломжгүй, гэхдээ эдгээр хүн гэм буруутай гэдэг нь юу гэсэн үг вэ. Үүний цаана юм харагдаад байна. АТГ-ын нэг нөхөр гарч ирснээ хуулийг буруу яриад “Хөрөнгө хураах ял байхгүй болсон” гээд байх юм. 17.5 дээр хууль бусаар олсон хөрөнгийг хураана гээд байж байна. Юу гэж ойлгох вэ. 22.1, 22.2, 22.3, 22.4 дээр ч байна. Иргэд бас олон нийтийн сүлжээнд юм хум оруулахдаа legalinfo.mn рүү ороод хуулийн юм хумаа хараад бодитой оруулчих ёстой юм.

Тэмдэглэсэн Э.Хүрэлбаатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *