УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатартай ярилцлаа.
-Чуулганы нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Манай улс гурван сонгуулийг нэг хуулиар зохицуулж ирсэн байдаг. Одоо тус тусад нь салгаж орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах гэж байна. Ямар онцлогтой хууль болж байгаа талаар ярилцлагаа эхэлье…
-2016 онд Орон нутгийн сонгуулийн хууль гэж тусдаа хууль байгаагүй. Сонгуулийн хууль гэсэн нэгдсэн нэг хуулиар Ерөнхийлөгч, Их хурал, Орон нутгийн сонгуулийн харилцааг зохицуулж ирсэн.
Оны өмнө бид Их хурлын сонгуулийн хуулийг тусад нь бие даалгаж хууль болгон баталж гаргасан. Цаашид орон нутгийн сонгуулийн хууль буюу аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулахад холбогдсон харилцаа, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах хоёр хууль нэмж гарган гурван сонгуулийн хуультай болохоор төлөвлөж ажиллаж байна.
Орон нутгийн сонгуулийн хууль хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, өнгөрсөн жилүүдэд зарим орон нутгийн ИТХ шинээр хуралдаж чадахгүй, засаг даргаа сонгож чадахгүй дөрвөн жилийн нүүр үзэж байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 2016 онд явагдсан ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ хурлын байгууллага нь эмхлэн бүрддэггүй. Бүрэлдсэн ч шүүх хуулийн байгууллагуудаар маргаантай хэмээн дахин сонгууль явуулдаггүй. Дахин сонгууль явуулмагц дүнтэй нь холбогдож ялагдсан тал нь маргаан гаргасаар байгаад Баянзүрх дүүргийн иргэд шинээр хурлаа байгуулж, хурлаасаа дүүргийн засаг даргаа сонгох процесс хийгдэж чадалгүй өнөөдрийг хүрч байна. Ингэснээр Баянзүрх дүүргийн индекс үзүүлэлтүүд унаж, сөрөг үр дагавар үзүүлж байгаа юм. Хурлын байгууллага нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага дүүргийнхээ Засаг даргыг сонгоод түүнийг нь дээд шатны Засаг дарга нь батламжлах процесс энэ дөрвөн жилийн хугацаанд хийгдээгүйтэй шууд холбоотой. Ийм алдаа гажуудлыг гаргахгүйн тулд бид нөхөн болон дахин сонгуулийг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулдаг тогтолцоо руу шилжиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн сум дүүрэг, аймаг нийслэлийн сонгуулийн байгууллага нь дахин сонгуулиа зарлаж өгдөггүй. Энэ гацаанаас гарахын тулд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахаар болж байгаа юм. Сонгуулийн хороод нь татан буугдсан бол шинээр байгуулах ажиллагаанд сонгуулийн ерөнхий хороо оролцож байхаар хуульчилсан. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч болон ялалт байгуулсан хүмүүсийг эргүүлэн татахтай холбоотой харилцаа урд нь нэлээд ойлгомжгүй байсан. Мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь хожим илэрсээр байхад бүрэн эрхийнхээ хугацааг дуусгадаг байсан бол одоо маш тодорхой болгож өгч байгаа. Дээр нь нэр дэвшигчийг бүртгэхээс татгалздаг асуудал байлаа. Энэ нь үндэслэлгүй зориуд улс төрийн шалтгаанаар татгалзсан байдаг. Үүнийг маш тодорхой найман төрлийн шаардлага хангасан тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэж байхаар зохицуулж өгч байгаа. Сонгууль явуулах хугацааг богиносгож, улстөржилтийг багасгах үүднээс 15 хоног болгож байгаа.
-Сонгуулийн хуульд иргэдийн ирцийн асуудал хэрхэн тусгагдсан байдаг юм бэ. Бусад улсын жишиг ямар байдаг юм бол?
-Ажлын хэсэг дээр ирцгүй байх, 20 цагаар таслах санал оруулж ирсэн боловч анхны хэлэлцүүлэг дээр дэмжигдсэнгүй. Бид зарим тохиолдолд бодит үнэнтэй эвлэрэх ёстой. 2008 онд орон нутгийн сонгууль Улаанбаатар хотод 100 хувийн ирц хүрээгүй. 2012 онд улсын хэмжээнд 21 аймаг есөн дүүргийн 215 хэсэгт ирц хүрээгүй. 2016 онд улсын хэмжээнд 10 аймгийн долоон дүүргийн 293 хэсэгт ирц хүрээгүй. Энэ бүхэнд дахиад сонгууль явуулсан.
Дахиад санал хураалт явуулах нь өмнөх ирцээсээ бүр бага хүний төлөөллөөр сонгогддог. Ямар сөрөг үр дагавартай гэхээр нэгдүгээрт, бүр бага төлөөллөөр сонгогдож байна. Хоёрдугаарт, улс үрэлгэн зардал гаргаж байгаа. Сүүлийн гурван удаагийн сонгууль ирц хүрээгүй байдлаар зохион байгуулагдсан. Иймээс иргэд өөрсдөө ирсэн ирцээрээ төлөөллөө сонгоё гэж байгаа юм. Гадны орнууд ирцгүй тохиолдолд ирц нь илүү өндөр болдог. Гэтэл манайхан эсрэг л зүйл яриад байгаа юм. Иргэдэд улам буруу ойлголт төрүүлээд байна. Энэ санал маань дэмжигдсэнгүй. Зуны улиралд сонгуульд саналаа өгөхөд 22 цаг хүртэлх бол боломжтой. Намар орой 22 цаг гэдэг тас харанхуй болчихно шүү дээ. Орон нутгийн сонгууль аравдугаар сарын дундуур болно. ОХУ, Сингапур, Япон 20 цагт, Солонгос, Герман, Австрали 18 цагт, Шинэ Зеланд 19 цагт, Канад 20.30 цагт санал авах цагаа хаадаг. Манайх шиг 22 цагт сонгуулиа хаадаг улс байдаггүй. Хэдий чинээ харанхуй сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилнэ, төдий чинээ сонгуулийн хууль тогтоомж зөрчигддөг. Бэлэг мөнгө тараадаг, архи дарс уулгадаг. Сонгуулийн санал хураах байр руу дайрч ордог зэргээр хууль зөрчигддөг. Солонгос, Япон, Астрали манайхтай ойролцоо цагийн бүсэд байдаг. 20 цагт хаая гэхэд иргэд сонгогчдыг санал өгөх бололцоогоор хангасангүй гэдэг. Үүнийг ярьж байгаа хүмүүс нь дандаа сонгуулийн хууль тогтоомжийг зөрчихийг өөгшүүлж байгаа хэлбэр. Миний ажлын хэсэг дээр ахалсан энэ санал дэмжигдсэнгүй. Дэлхий дээр хамгийн орой сонгуулиа хаадаг, харанхуй шөнө архи уулгаж зодолдуулдаг улс бол манайх. Дэлхий нийтээрээ сонгуульд санал өгөх тал дээр ирцгүй болчихсон. Нэг талдаа сонгох эрх байгаа боловч нөгөө талдаа сонголтоо хийхгүй гэх эрх нь байгаа юм. Манайх хүчээр кампанит сонгууль явуулдаг хэлбэртээ дуртай. Үүнийгээ ард түмэндээ хайртай учраас ингэх ёстой гэж тайлбарлаж байна.
-Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд ямар шаардлага тавигдаж байгаа вэ?
-Их хурлын сонгуультай нэг адилхан зүйл нь авлига албан тушаалын хэрэгт урьд нь шийтгэгдэж байгаагүй гэх шаардлага орж ирж байгаа. Мөн Эрүүгийн хуулиар ял эдэлж байгаа хүмүүс нэр дэвшихгүй. Өмнө нь бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд ялаа эдэлсэн хүмүүсийн хувьд хамаарахгүй. Ял эдэлж байгаа гэдэгт торгуулийн ялаа төлж дуусаагүй, хориход биеэр ял эдэлж байгаа, эсвэл нийтэд тустай ажил хийх ялаа эдэлж дуусаагүй бол нэр дэвшихгүй. Бусад хүмүүс нэр дэвшиж болно.
-Орон нутгийн сонгуульд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдахаар байгаа бол…
-Энэ хууль батлагдсаны дараа зардлын хэмжээ, тов, тойрог нэгдсэн байдлаар Их хурлын тогтоол гарч батлагдана.
-Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн тухайд малын хулгайтай тэмцэх хуульд хүний мал хулгайлсан л бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ. Өнчин ишиг хулгайлсан ч ял авах юм байна. Арай хатуу хууль болчихов уу гэх зүйл яригдаж байна….
-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүний өргөн барьсан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх Эрүүгийн хуулийн зүйл заалтын ялыг хүндрүүлэх нэмэлт, өөрчлөлт батлагдсан. Олон тооны мал гэдэг тодорхойлолтыг өөрчилье. Бусдын малыг л хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэлх хугацаагаар хорих ял эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл нийтэд тустай ажил хийлгэх ялын гурван сонголт байсан. Дээрх нэр бүхий гишүүдийн өргөн барьсан хуулиар зөвхөн хорих ялтай болгосон. Нэг ишиг хулгайлсан ч сонгох санкцгүй хорих ялтай болж байгаа юм. Хүндрүүлэх нөхцөл байдал нь өмнө нь бусдын олон тооны малыг хулгайлсан бол 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай байсан. Өмнө нь буюу энэ нэмэлт, өөрчлөлт батлагдахаас өмнө 24 бог, найман бодоос дээш тооны мал хулгайлсан нөхцөлд ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулдаг байсан. Түүнчлэн хулгайлсан малын тооноос үл хамааран дараахь байдлаар мал хулгайлсан бол бас хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Үүнд, бүлэглэн мал хулгайлсан, улсын хилээр нэвтрүүлсэн, машин механизм ашиглан ноцтой хор хохирол учруулан мал хулгайлсан бол хэдэн тооны мал хулгайлснаас үл хамааран хүндрүүлэх нөхцөлтэйгөөр буюу шууд хоёроос найман жилээр хорих ял шийтгэхээр тус тус тусгасан. Хамгийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүн нь мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэл үйлдэж байгаа бол эсхүл амьжиргааны эх үүсвэр болгож үйлдвэрлэл маягаар үйлдэж хулгайлж байгаа бол 5-12 жилийн ялтай болж байгаа. Мал хулгайтай тэмцэх хууль их чангарсан. Гэхдээ зөвхөн ял шийтгэлийн бодлогоор тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахгүй байх нөхцөлүүдийг хангах, иргэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлж байж тухайн төрлийн гэмт хэрэгтэй илүү тэмцдэг гэсэн олон улсын туршлага, шинжлэх ухааны зүй тогтол бий. Дээр нь урьдчилан сэргийлэхэд салбарын яам хууль зүйн яам Цагдаагийн ерөнхий газар холбогдох байгууллагууд түлхүү ажиллах ёстой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль одоо тэнд ажиллах ёстой.
-Эрүүгийн хуулийн бас нэг нэмэлт, өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолохоор боллоо. Энэ нь эрх зүйн үндсэн зарчмыг хөндөх эрсдэлтэй гэж үзэх хэсэг хуульчид байна…
-Сүүлийн үед сонин, телевиз, сошиалаар яриад байгаа хүмүүс бүгд судлаачид болчихож. Биднийг залуу багш байхад бид өөрсдийгөө судлаачид гэж ярьж чаддаггүй байсан. Одоо дипломтой болгон өөрийгөө судлаач гэж ярьж байна. Би энэ салбарт сүүлийн 20 гаруй жил ажиллаж байгаа хүн. Энэ бол Эрүүгийн эрхзүйн онолын маш нарийн ойлголт. Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох л хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж үздэг. Эрүүгийн хариуцлага гэдэг төр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дуудаж авчраад ял шийтгэл оногдуулж болох тэр үйлдлийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үйлдэл гэж байгаа юм. Эрүүгийн хариуцлага нь ял болон эрүүгийн хариуцлагын бусад төрлүүдээс бүрддэг. Өмнөх эрүүгийн эрх зүйд нэмэх нь ял тооцох, тооцохгүй хугацааг хамаатуулж ойлгодог байсан. Одоо бол ял болон эрүүгийн бусад төрлүүдийг хүлээлгэж байгаа ойлголтыг Эрүүгийн хариуцлага хэлж байгаа юм. Эрүүгийн хариуцлага хүлээлгэж болох боломжит хугацааг хөөн хэлэлцэх хугацах гэж үздэг. 2017 оны долдугаар сарын 1-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж энэ хооронд тоолно гэж үзсэн. Энэ зөвхөн манайд орсон ч жишээ биш. Одоогийн ОХУ-ын Эрүүгийн эрх зүйд яг ийм зохицуулалт үйлчилж байгаа. Яагаад энэ өөрчлөлт орсон гэхээр баасан гаригийн баривчилгаа, шударга ёсны хонгил, улсын ерөнхий прокуророос авахуулаад хууль шүүхийнхэн нийлж бусдыг он удаан жил эрүүдэн шүүж тамладаг процессууд нөлөөлсөн. Үүнийг маш тодорхой хугацаатай болгоё гэдэг агуулгаар тухайн үед зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд оруулсан юм шиг байгаа юм. Ингээд энэ нь олон төрлийн хэргүүд ял завших гээд байна гэдэг олон нийтийн тулгаралтай тулаад бид ч бас 2018 оны гуравдугаар сарын эхээр би хууль зүйн сайдад зөвлөгөөн зохион байгуулж зөвлөмж хүргүүлж байсан. Хууль зүйн яамнаас энэ орж ирэх гэж жил долоон сарын нүүр үзэж байж өнгөрсөн оны аравдугаар сард энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн баригдсан. Энэ өөрчлөлтөөр гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл тоолоё. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа ярихгүй байя. Энэнээс хойших хугацааг мөрдөн шалгах хугацаа гэж тодорхойлъё. Хэргийг байцааж мөрдөж шалгаж шийдэх хугацааг мөрдөн шалгах хугацаа гэж тодорхойлъё гэх өөрчлөлт орсон. Хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэргийнхээ хүнд хөнгөнөөс шалтгаалаад янз бүр байгаа. Мөрдөн шалгах хугацаа нь тухайн төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцүү байя. Бүх хүн хуульч биш учраас хэлэхэд зарим төрлийн хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй. Хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй.
1966 онд иргэний эрхийн болон улс төрийн факт гэж том факт батлагдсан. Энэ фактад Монгол Улс 1974 онд нэгдэж орсон. Энд хүн гэм буруугаа шударга шүүхээр шүүлгэх ёстой. Шударга шүүхээр шүүлгэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагад буцааж татаж шалгаж болохгүй. Гэм буруугаа шударга шүүхээр шүүлгээгүй тохиолдолд эрүүгийн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацааг дахиж тоолж шалгаж татаж болно гэсэн зохицуулалт байгаа. 2005 онд Монгол Улс авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон. Энэ конвенцийн 14 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг албан тушаалын гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг уртаар тоолох, дахиж тоолох, шударга шүүхээр авлига албан тушаалтны гэмт хэрэгтнүүдийг шүүлгэх үүргийг нэгдэн орсон улс нь хүлээсэн. Энэ бол онолын асуудал. Эрүүгийн эрх зүйд материаллаг хэм хэмжээ, процессын хэм хэмжээ гэж байдаг. Материаллаг хэм хэмжээг буцааж хэрэглэж болдог. Буцааж хэрэглэхдээ тухайн шийтгүүлэх гэж байгаа иргэнд ашигтай байдлаар буцааж хэрэглэж болдог. Аль хууль нь тэр хүний эрх зүйн байдлыг дээшлүүлж байна, тэр хуулийг ашиглаж болдог. Хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлал бол Эрүүгийн эрх зүй дэх процессын хэм хэмжээ. Процессын хэм хэмжээг буцаан хэрэглэх тухай ойлголт байдаггүй. Тийм учраас бид онолын хувьд ч олон улсын практикийн хувьд ч эрүүгийн эрх зүйд олон жил тогтсон уламжлалыг зөрчөөгүй. Би энэ бүхнийг судлаачдад хандаж хэлж байгаа юм.
-Авлигын хэрэгт холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон улс төрийн өндөр албан тушаалтнууд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг нь хаагдсан. Эдгээр хүмүүс дахин шалгагдана гэсэн үг үү?
-Тийм. Эрүүгийн хуулийн 1.10-т өөрчлөлт орсонтой холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13т өөрчлөлт орсонтой холбоотойгоор эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль баталсан. Уг журмын хуулиар шүүхийн шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөн 2017 оны долдугаар сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд прокурорын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож сэргээн шалгахаар болж байгаа. Одоо бүх төрлийн шалгагдаж байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа энэ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц зогсоно.
-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа нэрийдлээр албан тушаалын нөлөөгөө хууль бусаар ашиглах гэдэг гэмт хэргийг эрх баригчид алга болгочихсон. 2017 онд энэ зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасчихсан учраас ЖДҮ-ийг дэмжих сантай холбоотой асуудал дээр хууль хүчгүйдэж байна гэх зүйл яригддаг…
-Х.Тэмүүжин дандаа хүн гүжирдэж гүтгэдэг хүн. Шууд хэлэхэд Х.Тэмүүжингийн хийсэн бүх балгуудыг засах гэж дөрвөн жил зүтгэж байна. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан нь үнэн юм бол ёс зүйтэй, этиктэй байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1-т найруулгын хувьд нэгтгэж аль алийг нь давхар зохицуулж байгаа юм. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэж Х.Тэмүүжингийн хэлж байгаа нь 22.2 албаны эрх нөлөөгөө урвуулан ашиглах гэх адилхан агуулгатайг бид шинэчлэн найруулж оруулсан. Нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэлх хугацаагаар хасаж 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Нийтийн албан тушаалтан бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэлх хугацаанд хасаж 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилээр хорих ял шийтгэнэ гэж байгаа юм. Агуулга нь арай өөр. Энэ зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5-8 жил хүртэлх хугацаагаар хасаж 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эвсэл 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж байгаа. ЖДҮ-ээс зээл авсан хэргээр бүгд шүүхээр орж байгаа. Монголын парламентын түүхэнд хамгийн олон хүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр орж ирэхээр яллагдагчаар татаад явж байгаа. Ингэж голгүй гүтгэж болохгүй. Харин Х.Тэмүүжин олон хуулийн гажуудал үүсгэж төрд маш их хэмжээний хохирол учруулсныхаа төлөө уучлал гуйх ёстой. Х.Тэмүүжин дотоодын цэргийг байхгүй болгосон. Улс аюулгүй оршин тогтноё гэвэл цагдаагийн байгууллагатай зэрэгцээд үндэсний аюулгүй байдлыг хангах, дотоодод үүссэн нийтийн үймэн самууныг дарах зорилготой үндэсний гвардууд байдаг. Энийг аль улсын захиалгаар юм бүү мэд. Татан буулгасан. Цэргийн тусгай албан хаагчийн эмнэлгийг хэн татан буулгаж улсад тэр олон тэрбум төгрөгний хохирол учруулсан юм. Зөрчлийн хуулийг Х.Тэмүүжин санаачилж батлуулсан. Эцэс сүүлдээ нэр нь над дээр явж байгаа. Өнөөдөр хохирлынх нь хэмжээг хоёр дахин бууруулж батлуулчихаад байхад буруу нь бидэнд тохогдоод байгаа. Маш хариуцлагагүй буруу ажиллаж Зөрчлийн хууль оруулж ирж нийгмийн харилцаанд донсолгоо үүсгэсэн. Одоо бид шинэчилсэн найруулгыг нь бэлдэж байна.
-Эрүүгийн хуульд гүтгэх заалт орсон нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байгаа. Сэтгүүлчдийн хэлэх эрхэд халдаж байна гэх шүүмжлэл ч байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Илтэд худал мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан бол торгуулийн ялтай болгосон. Хэн нэг сэтгүүлчийг хорих тухай ямар ч зохицуулалт байхгүй.