Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг эцэслэн ямар нэгэн шийдвэр гаргасан уу?
-УИХ-ын даргын 2019 оны 177 дугаар захирамжаар авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ял завшуулахгүй байх асуудлыг судалж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, миний бие ахлагчаар нь ажиллаж байна. Ажлын хэсэг зургаан удаа хуралдаж өнөөдөр (өчигдөр) санал дүгнэлтээ эцэслэж, Хууль зүйн байнгын хороон дээр санал дүгнэлтээ боловсруулж шинэ аргачлаар хэргээ шалгах тухай оруулсан.
-Эрүүгийн хуулийн шинэ аргачлалаар хэргээ шалгана гэж байна. Ямар аргачлал байх вэ?
-Нэгдүгээрт, тоолох аргачлалын хувьд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол тоолдог одоогийн аргачлалыг өөрчилье, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолдог болъё гэх санал оруулсан. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хугацаа одоо 15 жил байгааг 20 жил хүртэл уртасгая. Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт дурдагдсан албан тушаалын гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг бүхэлд нь дээд, доод интервалыг өсгөе. Дөрөвдүгээрт, хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлал өөрчлөгдөж байгаатай холбогдуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин тоолох журмыг дагаж мөрдөх журмын хуульд оруулъя гэсэн дөрвөн дүгнэлт гаргасан.
-Тэгэхээр хөөн хэлэлцэхээр хэрэг нь хаагдаад байсан хэргүүд дахин сөхөгдөнө гэж ойлгож болох уу?
-Тэгнэ. Гэхдээ тусгайлан, нэг бүрчлэн хэрэг ярих боломжгүй. Би шалгаж байгаа байгууллага нь биш. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг Эрүүгийн хуульд орох нэмэлт, өөрчлөлт нэн яаралтай батлагдаад хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц дагаж мөрдөх журмын хуулийн хүрээнд эргэж хөөн хэлэлцэх хугацааг татаж тоолох боломжийг нээх зорилготой.
-Сүүлийн үед 2020 оны төсвийн хуваарилалт айм-гуудад хэт их, бага байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Та төсвийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. 2020 оны төсвийг хэрхэн дүгнэж хэлэх вэ?
-Бодлогын төсвийг бас л бид хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл, жил бүрийн гарцаагүй орж ирдэг орлогыг яаж өөр, өөрсдийн тойргууддаа бяр чадлаа үзүүлж хуваарилах вэ гэдэгт л бүх үеийн төсвүүд чиглэгдээд байгаа юм.
Угтаа экспортын гарц, валютын урсгалаа хэрхэн нэмэгдүүлэх, хувийн сек-торуудаа яаж дэмжих вэ гэдэг чиглэл рүү төсөв чиглэх учиртай. Европын эрдэмтэд манай улсад гаргаж өгсөн олон зөвлөмж бий. Манай улсын хөгжлийн гарцыг зөв тодорхойлж, уул уурхайн бараа бүтээгдэхүүнд хэт түшиглэсэн төсвийн хуваарилалт гэхээсээ илүү төсвийн орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах ёстой гэдэг зөвлөмжийг үргэлж өгдөг. Гэтэл бид түүхий эдийн үнэ ханш унахаар дагаж хямардаг, зардлаа хумьдаг, өр үүсгэдэг, төсвийн алдагдлаа нэмэгдүүлдэг. Түүхий эдийн үнэ ханш нэмэгдэхээр хэрхэн том объект барих уу, төрийн байгууллага болгон хэрхэн өөрийн оффистой болох, төрийн албан хаагчийн тоог яаж нэмэгдүүлэх, салбарын сайдууд доороо олон агентлагтай, түүнийгээ хэрхэн шууд томилдог байх вэ зэрэг уралдаанд ордог. Энэ хандлагаа бид өөрчилмөөр байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгчдийг нөгөө л Жижиг дунд үлйдвэрийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх мэтчилэн сангуудаар дамжуулж зээл олгодог. Тэр нь шаахай, таавчиг, түрийвчнээс хэтэрдэггүй үйлдвэрлэл л явагддаг. Агуулгаараа бид дэлхийтэй тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр өрсөлдье гэдэгт чиглэгдэж чаддаггүй.
Өнөөдөр бид цайны газар, ресторанд хуурай сүү ууж байгаа. Гэсэн хэрнээ хөдөө аж ахуйн орон гэж ярьдаг. Хилийн чанадаас хэдэн мянган км дамнуулж импортын хуурай сүү, төмс, мах, бараа бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэж байгаа. Наанадаж бид хөдөө аж ахуйн салбартаа ямар эргэлт гаргах, томоохон үйлдвэрүүдийг хэрхэн бий болгох, класстерт шилжүүлж жижиг дунд үйлдвэрлэлийг бий болох талаар ярьдаг хэрнээ төсөв дээр ирээд хэрэгжүүлж чаддаггүй, гацдаг. Хэрэгжүүлэх ганц гарц ердөө л энэ. Бид дэлхийн бүх л бренд, франзайчуудыг улсдаа нутагшуулж байгаа. Энэ болгоны бүх дагалдах түүхий эдүүд гадных. Тэгэхээр үүн дээрээ дүн шинжилгээ хиймээр байгаа юм. Германы нэг том эрдэмтэн манайд өгсөн зөвлөмждөө Монгол Улс экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэх замаар өмнөд хөршид экологийн цэвэр бүтээгдэхүүнийг нийлүүлэх нь хөгжлийн хоёр дахь гарц гэж хэлсэн байна лээ. Аялал жуулчлал манайд ихээхэн хэмжээний валютын урсгал нэмэгдүүлэхгүй. Учир нь манайд дэд бүтэц хөгжөөгүй, аялал жуулчлалын томоохон нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгож чадаагүй. Хамгийн гол нь манай аялал жуулчлалын сезоны үе маш богинохон. Тиймээс экологийн цэвэр түүхий эд бүтээгдэхүүнийг сэргээгдэх баялаг бүтээж экспортлохоос гадна урд хөршид малын шимт тэжээл, хүчит тэжээл нийлүүлэх хэрэгтэй. Буурцагт ургамлуудыг усалгаат газар тариалангаар их хэмжээгээр үйлдвэрлэх, мах махан бүтээгдэхүүний чанар, масс үйлдвэрлэл гарц шимийг нэмэгдүүлэх нь манай улсын экспортыг нэмэгдүүлэх хоёр дахь гарц юм аа гэсэн агуулгаар зөвлөмж өгсөн байдаг. Эрчимжсэн мал аж ахуйг жинхэнэ утгаар хэрэгжүүлмээр байгаа юм. 1980-аад оны үеийн хүнсний талаар төрөөс баримталж байсан программаа эргүүлж сэргээх хэрэгтэй. Тэжээл тарьдаг сангийн аж ахуйнуудын тоог нэмэгдүүлж байж малын тоо толгойг нэмэгдүүлэх тухай ярина л даа.
-Бодлогын төсөв болгохын тулд 2020 оны төсөвт ямар өөрчлөлт оруулах вэ?
– Өнөөдөр (өчигдөр) ажлын хэсэг дээр төсвөө бодлогын талаас нь ярья гэдэг дээр санал нэгдсэн. Эхлээд 2020 оны төсвөө хэрхэн бодлогын төсөв болгох талаар гэрийн даалгавар авч, ирэх долоо хоногт дахиж хуралдахаар боллоо. Манай гадаад аялал жуулчлал алдагдалтай ажиллаж байгаа. Гадны жуулчдаас орж ирж байгаа мөнгө, монголчуудын гадаадад аялж байгаа мөнгийг харьцуулахад алдагдалтай байгаа. Түүнчлэн дотооддоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, гаднаас импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр ч алдагдалтай явж байгаа. Муу хэлэн олж ирдэг хоёр гурван нэр төрлийн орлоготой. Энэ нь бүгд уул уурхайд түшиглэсэн бараа бүтээгдэхүүн. Уул уурхайн бараа бүтээг-дэхүүнүүдээ эцсийн бүтээг-дэхүүн болгох чиглэл рүү түлхүү ажилламаар байгаа юм. Бид чадахгүй зүйлээ бүгдийг нь дуурайж хийнэ гэвэл бүтэхгүй. Ялангуяа урд хөрштэй өрсөлдөж чадахгүй биз дээ. Харин чаддаг зүйлээ бодлогын хувьд хийж дэмжих ёстой юм. 2020 оны төсөв жил жилийн уламжлалт төсвийн л нэг. Олж ирсэн мөнгөө яаж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болгоход л чиглэгдэж байгаа. Зөвхөн Төмөр замын маш урт транс Монгол Улсыг баруун хойноос зүүн урагшаа хөндлөн нэвт гаталж байгаа. Энэ төмөр замын бүс дагуу хүчит тэжээл, шимт бордоо тариалах, түүнийгээ түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуй байгуулах, экспортод экологийн бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргах боломжийг л хайх ёстой. Тиймээс нэг жилийн төсвийг маш зоригтойгоор нэг салбарыг өөд татан өндийлгөхөд чиг-лүүлэх хэрэгтэй байна.
-Уул уурхайг түшиглэдэг эдийн засагтай манай улс саарал жагсаалтад орчихлоо. Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь юу байсан бэ?
-Глобалчлалын дүнд дэлхийн нийтийн тогтсон гэрээ дүрэм журмын хүрээнд дэлхий нэг дүрмээр явна гэдэг дүрэм журамд захирагдаж байна. Захирагдаагүй улсууд яаж сүйрч байгааг Венесуэль ч юм уу бусад эдийн засгаараа сүйрсэн улс орнуудаас харж болох байх. Тэгэхээр бид тогтсон олон улсын дүрмийг дагаж явахаас өөр зам байхгүй. Саарал жагсаалтад орох эрсдэл одоогоос тав, зургаан жилийн өмнөөс үүдэлтэй. Манай улс урд нь хар жагсаалт, саарал жагсаалтад орж байсан. Гарсан хэдий ч эргээд хориглосон дүрмийнх нь эсрэг үйлдэл хийсэн. 2014 онд эдийн засгийн Ил тод байдлын тухай хуулиар татвар төлөөгүй, ямар аргаар олсон нь үл мэдэгдэх 33 их наяд төгрөгийг өршөөчихсөн. Хоёрдугаарт, Өршөөл үзүүлэх Монгол Улсын хуулиар авлига албан тушаалын хэргүүдэд өршөөл үзүүлсэн. Үүний дагуу арга хэмжээ зохион байгуулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн татвар төлөхөөс зайлсхийсэн хүмүүсээ шийтгэ гэх 40 зөвлөмж бүхий үүрэг даалгаврыг ФАТФ манайд 2016 онд өгсөн. Энэ хэргүүд дээрээ хууль шүүхийн байгууллага ажилладаг, хариуцлага хүлээлгэдэг үндэсний эрхзүйн тогтолцоотой болооч гэсэн Эрүүгийн хуульд мөнгө угаах явдлыг шинээр томьёолж оруулан, байгууллагууд байгуулж, чиг үүргийнх нь дагуу ажлууд хийсэн. Харамсалтай нь, манай хууль шүүхийн тогтолцоо ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа мөнгө угаасан хэргээр шийтгэсэн хэрэг байхгүй. Хуучин Эрүүгийн хуульд мөнгө угаах гэдэг явцуу тодорхойлолт байсан. Тэр нь зөвхөн олон улсын шинж чанартай, хүн наймаалах, зэвсгийн наймаанаас олсон мөнгөө улс орны аж ахуйд эргэлдүүлэх, улс дамнасан гэмт бүлэглэлүүд мөнгөө оруулж ирээд буцааж гаргахыг манай Эрүүгийн хуульд томьёолдог байсныг сүүлд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэмт хэрэг үйлдэж олсон бүх мөнгийг гэмт хэрэг гэж ойлгоно гэж илүү өргөн хүрээтэй болгож конвенцийн заалттай нийцүүлсэн. Өөрөөр хэлбэл, толины ченж толь хулгайлсан хүмүүсээс толийг нь худалдаж аваад цаашаа хүнд зарж байгааг гэмт хэрэг гэж үзье, ломбардны эзэн хулгай хийсэн хүнээс эд зүйлийг нь хямд үнээр худалдаж аваад цаашаа зарахыг мөнгө угаасан гэж үзье, албан тушаалтан авлига аваад авсан мөнгөөрөө өөр бизнес хийхийг мөнгө угаасан гэж үзье гэж өргөн хүрээнд орууж ирсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл шийтгээгүй. Саарал жагсаалтад ороход түлхэц үзүүлсэн бас нэг зүйл бол банк санхүүгийн секторын шинэчлэлийн асуудал. ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс ороод арилжааны банкуудыг өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаат үүрэг даалгавар өгсөн. Арилжааны банкууд тогтсон хугацаанд тогтсон хэмжээгээр нэмэгдүүлсэн хэдий ч аудит орохоор оруулсан хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа. Манай нэг томоохон банк бэлнээр оруулж ирсэн байгаа юм. Зарим нь хоосон бичилт бичсэн гэж хардагдаж байна. Эдгээрийг цэгцлэх ажлууд бүрэн гүйцэд дуусаагүй байсан. Түүнчлэн мөнгө угаах терроризмтэй тэмцэхэд чиглэсэн зарим төрлийн эрх зүйн баримт бичгүүд удаашралтай хэрэгжсэн. Хойд солонгосуудыг гаргах НҮБ-ын тогтоолын хэрэгжилт ФАТФ-ын хурал болохын хоёр хоногийн өмнө хэрэгжиж, хүмүүсийг албадан гаргаж байх жишээтэй.
-Саарал жагсаалтад орсноор Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ хяналтад орж хаагдана, хязгаарлалттай болно. Манай улсын гадаадын хөрөнгө оруулалт эрс багасаж, бараг зогсоно гэх мэтээр ярьж байна. Энэ тухайд?
-Мэдээж шууд өнөөдөр үр дагавар ярихад хэцүү. Валютын ханшид үүсэх эрсдэл одоогоор байхгүй. Монгол Улс руу орж ирж байгаа хөрөнгө оруулалт дээр хяналт тавина. Цаад гарал үүслүүд нь тодорхой хийгдэнэ. Бусад бараа бүтээгдэхүүний худалдан авалт, олон улсын картын гүйлгээ зогсох тухай ойлголт огт байхгүй. Мэдээж хөрөнгө оруулалтад хяналтууд орж ирнэ. Гүйлгээ бүрт хяналт тавигдана. Бизнес цаг, минут, секундээр хэмжигдэж байгаа үед бүх гүйлгээг хянаж шалгах тусам л манайх цаг алдаж хожигдоно л гэсэн үг.
-Саарал жагсаалтаас гарахын тулд эхний ээлжинд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?
-Манайх одоо мянга хашгираад нэмэргүй. Миний хувьд эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хариуцлагагүй хандсан албан тушаалтнууд огцрох ёстой гэж бодож байна. Улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна.
Саарал жагсаалтаас гарахын тулд үлдэгдэл зөвлөмжүүдээ хэрэгжүүлж дуусгах ёстой. Нэн яаралтай зөвлөмжүүдийн дагуу даалгавраа сайн биелүүлээд ирэх дөрвөн сар гэхэд гарах шаардлагатай байгаа юм.