Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулах “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан туршилтын журмаар 2022 оны арваннэгдүгээр сард ашиглах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж дууссан, 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан“ гэж ХЗДХ-ийн сайд танилцууллаа.
Тус системийг нэвтрүүлснээр зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан үүсэх ба зөрчлийн хэргийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий байгууллага, түүний албан хаагчид тус системд хандан хэрэг бүртгэх, шалгах үйл ажиллагааг цахимаар хийх, ялангуяа прокурорын байгууллага мэдээллийн санд нэвтрэн зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавьж, шаардлагатай асуудлыг цахимаар шийдвэрлэх бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нэг цонхны хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ.
Эдгээр үйл ажиллагааг цахимжуулснаар цаасны хэрэглээ эрс багасах, зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээдэд учруулдаг цаг хугацаа, хөрөнгө зардал, бусад хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Түүнчлэн Тэрбээр “Өчигдөр иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээр өгүүллээ гэсэн ташаа мэдээлэл гарч байна.
Тодруулбал, нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах, нөгөөх нь эрүүгийн хуулийн 23.1 буюу хуулийн сахиулагчийг эсэргүүцэх гэсэн хоёр зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан хэрэг нь 2022 оны долдугаар сарын 8-нд шүүхэд шилжсэн байдаг.
Болсон үйл явдлыг сэргээж яривал, 2022 оны хоёрдугаар сард Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг автомашинаар дайрч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд нь хохирогчийг автомашинаар санаатай мөргөөд, амь насанд нь аюултай нөхцөл байдалд тусламж үзүүлэлгүй орхиж зугтаасан байна гэдэг мэдээлэл тарсан.
Уг дагуу тухайн үед МАН-ын хуулийн хэлтсээс хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг өгсөн.
Нөгөөх нь 2022 оны дөрөвдүгээр сард ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих шийдвэрээр хоригдох гэж байсан иргэн Д.Монголхүүг Э.Одбаяр нарын дээрх таван хүн цагдан хорих байрны журам дэглэмийг зөрчиж, ажилтных нь эрх чөлөөнд халдаж, улмаар уг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн авч гарсан үйлдэл нь цагдаагийн байгууллагад шалгагдсан.
Энэ хоёр хэрэг нэгтгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хэрэг нь шүүхэд шилжиж, өчигдөр шийдэгдсэн” гэлээ.