“Өдрийн сонин”-ы 2017.08.30-ны лхагва гаригийн №184(5751) дугаараас авч нийтлэв.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 30 гишүүний нэг нь та. Яагаад Засгийн газраа огцруулах гэж зүтгээд байгаа юм бэ?
-Үндсэн шалтгааныг концесстой холбож байгаа. Ерөнхий сайд өөрөө концессын ажлууд хуулийн дагуу хийгдсэн гэж тайлбарлаад байна. Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар тогтоол гэж гарсан. Тэр тогтоолд концессын төслүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай дурдсан. Өөрөөр хэлбэл, 2018 оны төсвийн жил хүртэл аливаа этгээдтэй барьж, шилжүүлэх нөхцөлөөр концессын гэрээ байгуулахгүй гэж заасан байдаг. Гэтэл мөн оныхоо арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Засгийн газрын 180 дугаар тогтоол гарч эрчим хүчний салбарт зургаа, зам тээврийн салбарт дөрвөн төсөл хөтөлбөрийг концессын гэрээгээр хийж гүйцэтгүүлэхээр болсон. Нэг үгээр бол хулгайгаар гэрээ байгуулчихаад байна. Тэр гэрээний сонгон шалгаруулалтыг өмнө нь хийсэн гээд байгаа. Өмнө нь хийгдсэн гэрээ өмнөх Засгийн газрын л асуудал шүү дээ. Тэд яагаад тухайн үедээ гэрээгээ хийгээгүй юм бэ, тийм биз дээ. Тиймээс огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн ярьж буй гол асуудал нь хоёр тогтоол хоорондоо зөрчилдөж байна. Хоёрдугаарт, эдийн засаг ээдрээтэй үед хурдан өгөөжөө өгч чадахгүй төслийн гэрээ байгуулах хэрэг байсан юм уу. Энэ чинь эргээд 2020, 2021 оны төсөвт дарамт учруулна. 807.8 тэрбум төгрөгийн концессын ажил яригдаж байгаа. Бараг нэг их наяд төгрөг байгаа биз дээ. Улсын төсвийн аравны нэг хэмжээний хөрөнгөтэй төсөл шүү дээ. Он гараад биднийг бондын эргэн төлөлтүүд хүлээж байна. 160 сая, 560 сая ам.долларын төлөлтүүд тулчихлаа. Гэтэл ар араасаа дарамт үзүүлэх шийдвэр гаргасан. Гаргахдаа нэг тогтоолыг нөгөөгөөр зөрчилдүүлэн байж шүү. ОУВС-гийн хөтөлбөрт орох нөхцөлөө өнгөрсөн жилийн өдийд хэдийнэ ярьчихсан байсан. Тэр үед концессын гэрээ битгий хий, халамжийг битгий хавтгайруул гэсэн байдлаар урьдчилсан хэлэлцээр хийчихсэн байлаа. Энэ бүхнийг Засгийн газар зөрчсөн. Одоо болохоор “Бид эдийн засагт үр өгөөжөө өгөх, өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн ажлуудыг гүйцээсэн” гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл шинэ, хуучин концесс гэж ярьж байгаа. Тэгж ярьж болохгүй. Яагаад гэвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар зарлаад, шалгаруулаад, гэрээ хийсэн бол өмнөх рүү нялзаах боломжгүй.
Өнгөрсөн засгийн газрын үед Д.эрдэнэбатын толгойлж байсан аж үйлдвэрийн яам сангийн яамтайгаа ч тохиролцолгүйгээр 1.4 их наяд төгрөгийн гэрээ хийчихсэн. Тэр өрийн дарамт нь өнөөдөр бидэнд ирж байх жишээтэй. Одоогийн Засгийн газрыг эх оронч бус шийдвэр гаргасан гэж үзээд байгаа юм. түүнээс биш хэн нэгэн хувь хүн рүү ямар ч дайралт хийгээгүй. Тэгэхийг ч хүсэхгүй байна.
-МАН дотроо ойлголцож болохгүй байна уу. Заавал Засгийн газраа унагаах хэрэгтэй гэж үү?
-Ардчилсан намын алдаануудыг давтаад байгаа учраас нэн яаралтайгаар засаг, төрийн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх ёстой. С.Эрдэнэ сайд байхдаа төсөвт тусгалгүйгээр хүүхдийн мөнгийг олгосон. Манай Засгийн газар яг түүнийг нь давтаж байна. Д.Эрдэнэбат дур мэдэн баахан концессын гэрээ байгуулсан. Тэрийг нь ч бас давтлаа. Гэхдээ Ардчилсан намын Засгийн газартай харьцуулашгүй сайн ажлууд бий. Эдийн засгийг эрчимжүүлэх тал дээр тодорхой ажлууд хийсэн. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүд улс эх орноо л бодсон. Эдийн засаг хүнд нөхцөлд байхад өшөө илүү дарамт учруулан байж гэрээ байгуулах шаардлага байсан юм уу.
-Засгийн газрыг огцруулбал дараагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болно гээд байгаа. Таныг бас Хуульзүй, дотоод хэргийн сайд болно гэх яриа гарсан байна лээ?
-Тийм зүйл огт байхгүй. Дараагийн Ерөнхий сайд тэр, энэ болно гэж дур мэдэн яригдсан зүйл байхгүй. Мэдээж хэрэг манай нам дотроосоо Ерөнхий сайдаа томилж, дангаараа Засгийн газраа бүрдүүлж таараа. Ингэх нь зүй ёсны хэрэг. Түүнээс биш стандарт бус Засгийн газартай болно гэх асуудал байхгүй. Хоёрдугаарт гэвэл би ямар нэгэн сандал, ширээний тохиролцоо хийгээгүй. Хийх ч үгүй. УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж санаачилж, батлуулах хуулийн төсөл бишгүй байна. Тойрогтоо хийхээр төлөвлөсөн олон ажил бий.
-Огцруулах бичигт 30 хүн гарын үсэг зурсан. Зарим нь хүчээр зурсан, одоо түүнээсээ буцах гэж байгаа гэх юм?
-УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй. Тийм хүний халдашгүй дархан эрхэнд халдаж хүчээр гарын үсгийг нь зуруулна гэж байх уу. Ардчилсан Монгол Улсад тийм зүйл болохгүй.
-Таны гарын үсэг их сонин юм билээ. Таных мөн, биш гэх яриа бас л гарсан. Та гарын үсгээ угаасаа тэгж зурдаг юм уу?
-Мөөн, мөн.
-Бид уг нь тогтвортой байдал хамгийн чухал гээд л ярьдаг. Гэтэл ярьсныхаа эсрэг үйлдэл хийдэг нь ямар учиртай юм бэ. Шинэ Засгийн газар байгуулагдлаа гэхэд сайдууд ажилтайгаа танилцах гэж дахиад нэг жил болно. Өнөөх амлаад байсан мөрийн хөтөлбөрөө хэзээ нь хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ?
-Мөрийн хөтөлбөр эхнээсээ хэрэгжээд явж байгаа. 2016 оны Үндэсний статистикийн газрын дүн мэдээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0 хувьтай байсан. Өнөөдөр тодорхой хэмжээний эерэг үзүүлэлтүүд гарч ирж байна. Эдийн засгийн өсөлтөд суурилж мөрийн хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Мөрийн хөтөлбөрийн аль хэсэг нь тасалдсан юм бэ. Үндэслэл, судалгаатай МАН-д гаргаад ир. Хэвлэлийн хуудсаар баримт сэлтгүй ярьж байхаар аливаа асуудалд нотолгоотой хандах хэрэгтэй. Харин улс төр тогтвортой байх ёстой гэдэгтэй зуун хувь санал нийлнэ. Гэхдээ гаргаж байсан алдаануудыг давтаад байгаа учраас болиоч гээд байгаа юм. Засаг солигдлоо гээд төрийн алба эвдрэн нурах үйл явц явагдахгүй.
-Гэхдээ л нийгэм Засгийн газар солигдохыг хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох тоглоом мэтээр хүлээж авч байна. Энийг та яаж зөвтгөх юм?
-Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орно гэдэг чинь сөрөг хүчнийхний гаргасан жорган хэллэг. Их хурлын гишүүд сонгогдсоныхоо дараа тангараг өргөдөг. Нийт улс эх орныхоо эрх ашгийн төлөө зүтгэнэ гэсэн агуулгатай. Тэгэхээр аль ч Засгийн газар энэ тангаргийг хэрэгжүүлэхийн төлөө явах ёстой. Жишээлбэл, миний хувьд ямар нэгэн сандал суудалд сууя, хоол идье гэсэн тохиролцоо хийгээгүй. Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Урдаас зөгнөөд яахав.
-Танай нам доторх бужигнааныг НАМЗХ-той холбоотой гэх юм. Лифтээр өгсөж гэнэт дарга болсон тэндхийн залуус ах нарынхаа тушаалыг биелүүлээд байна уу?
-Би хувьдаа ямар нэгэн лифтэнд суугаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Ямар нэгэн байдлаар нийгмийг хоёр талцуулж НАМЗХ-ноос болсон гэж ярьж болохгүй байх. Намын дэргэдэх залуусын байгууллага үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байгаа. Би өөрөө дэд ерөнхийлөгч нь шүү дээ. НАМЗХ-ны байр суурийг гаргаж ярьсан зүйл байхгүй гэж бодож байна.
-Уг нь МАН хамгийн сахилга баттай, эв нэгдэлтэй гэгддэг. Гэтэл цагаа тулахаар тийм байж чадахгүй юм аа?
-МАН-ын улс төрийн үндсэн үзэл баримтлал нь социал демократ. Бүр 1899 оны үед марксист үзэлд шүүмжтэй хандаж социал демократ үзэл бий болсон. Марксизмд шүүмжлэлтэй хандаж Эдуард Бэрнштэйн гэж хүн социал демократ үзлийн үндсийг тавьсан байдаг. Мэдээж хэрэг тодорхой үе шатыг давж боловсрогдсон. Үе шат давахдаа гурван зүйлийг үнэт зүйлээ гэж үзсэн. Тэр гурав бол МАН-ын үнэт зүйл болох эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс гурав. Дэлхийн улс орнуудын социал демократ намууд ч гэсэн энэ гурвыг үнэт зүйлээ болгосон байдаг. Энэ гурвын эв нэгдэл гэх үнэт зүйлээр нам доторх болж бүтэхгүй бүх зүйлийг халхавчлах, хаах, бамбай болгох ёсгүй. Ингэвэл манай нам эрүүл бус болно. Тухайлбал, Монголын нийт сонгогчдын дийлэнх хувь, намын гишүүдийн олонх төрийн албыг наймаалцах тухай бичлэгтэй холбоотой асуудалд маш их эгдүүцэж байгаа. Энэ мэт зүйлд хариуцлага хүлээлгэхгүй өнгөрүүлж болохгүй.
-Гэхдээ хариуцлага хүлээлгэнэ гээд ганц, нэг хүнээр туг тахиад өнгөрөх гээд байгаа юм биш үү?
-Тийм яриа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн нэг, хоёр хүн бий. Тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм яриа болсон гэдгийг хүмүүс хэлж байсан. Тэр хүмүүст хариуцлага хүлээлгэх ёстой.
-Энэ талаар болон тагнаж, чагнахтай холбоотой асуудлыг өнөөдөр (өчигдөр) Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр ярина гэж байсан. Хурал нь яагаад болоогүй юм бэ?
-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Хүнийг тагнаж, чагнах асуудал сүүлийн үед бүр хэрээс хэтэрлээ. Бараг тагнаж, чагнасан хүмүүс нь баатар болдог болчихож. Би хувьдаа 60 тэрбум төгрөгийн хэрэг дээр тагнасан тагнуулсан, чагнасан чагнуулсан бүх хүнийг шалгаж хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байгаа. Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал өнөөдөр олны анхаарлын төвд байна. Энэ болгонд цэг тавих ёстой. Монгол Улсад гүйцэтгэх ажиллагааны тухай гэж бие даасан хууль бий. Би хуульч хүний хувьд хэлье. Гүйцэтгэх ажиллагаа гэдэг нь маш товчхондоо гэмт хэргийг илрүүлэхтэй холбоотой тагнуулын ажиллагаа. Жирийн хүмүүст ингээд товчхон ойлгуулж болно. Гэтэл улс төрийн зорилгоор бие биенээ тагнаж чагнана гэдэг байж боломгүй асуудал. Барууны орнууд ардчиллыг төлөвшүүлэх явцдаа ийм үе шатыг дамжаад ирсэн. 1970-аад оны дундуур АНУ-д сөрөг хүчнээ тагнасан Уолтер Гейтийн хэрэг гарч сүр дуулиан болж байлаа. Тэрнээс хойш АНУ тагнаж, чагнахтай холбоотой асуудалд маш их анхаарал хандуулдаг болсон. Манайд 1990-ээд оноос хойш ийм үйл явц их гарч байна. Багш нарын ажил хаялтыг тагнасан, чагнаснаас эхлээд улс төрийнхний асуудал яригддаг. Үнэний логик гэж байдаг бол тагнасан хүмүүс нь хариуцлагаа хүлээ. Эсхүл тагнуулсан хүмүүс нь хариуцлагаа хүлээ. Ингэж олны санаа сэтгэлийг хоёр хуваасан зүйлүүдээ нэг тийш нь болгомоор байгаа юм. Ялангуяа эрх барьж буй намынхан бид цэг тавих ёстой. Тэгж байж нийгэмд бий болж буй сөрөг зүйлсийг даамжруулахгүй байх нөхцөл бүрдэнэ. Ер нь өнөөдөр нийгэмд үнэт зүйл гэх тогтсон ойлголт байхгүй болчихож. Шударга ёс алга боллоо. Хүний эрх, эрх чөлөөний хязгаарын хэмжүүрийг нийтээрээ эргэж ярилцах цаг болсон байна. Эрх, эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг.
-Тийм хэргүүдийг яагаад АТГ шалгаад байгаа юм бэ. Эрүүгийн цагдаагийн хийх ёстой ажил биш үү?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн харьяалал гэдгийг зүйл заалт бүрээр мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудад хуваарилж өгсөн. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж буй хуулиар ингэж заасан. Өмнө нь ч тийм заалт байсан. Албан тушаалтай холбоотой бүлэгт зааснаар арван нэгэн төрлийн хэргийг АТГ шалгана, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулна. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой хэргүүдэд Тагнуулын ерөнхий газар мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Бусад бүх хэрэгт цагдаагийн байгууллага ажиллана. Яг одоо ямар зүйл заалтаар хэн гэж хүнд хэрэг үүсгэчихээд байгаа талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй учраас баримт нотолгоогүй дүгнэлт хийж болохгүй.
-Төрийн албыг наймаалцдаг 60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан төрийн албан хаагчдаас мэдүүлэг аваад эхэлсэн гэсэн. “Та энэ албанд очихдоо мөнгө өгсөн үү” гэх асуулт асууж байгаа сурагтай байна лээ. Ингэж байцаалт авсан мэт жүжиг үзүүлж хэргийг хаах гээд байна уу?
-Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хамгийн эхнийх нь байцаалт явуулах. Үүнээс гадна хуульд заасан бусад үйл ажиллагаа явагдах байх. Би хэргийг уншаагүй учраас дүгнэлт хийх боломжгүй.
-Та түрүүнд эдийн засаг сайжирч байна гэж ярьсан. 5.4 хувийн өсөлттэй байгаа нь үнэн. Гэхдээ МАН сайн ажилласны хүчинд өсөлттэй гарсан гэж бодохгүй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбож харах гээд байна л даа?
-Ардчилсан намынхан л тийм байр суурьтай дүгнэлт хэлэх байх. Ямар эдийн засаг хүлээж авсан бэ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Тэрнээс хойш ард түмний уур ундууцлыг хүргэн байж эдийн засгийн ямар хатуу арга хэмжээ хэрэгжүүлж байгаа билээ дээ. Тэрний л үр дүн шүү дээ. Өөрөөр хэлбэл бүгдийг байгалийн баялгийн түүхий эдийн үнийн өсөлттэй холбож тайлбарлаж болохгүй. Манай нам Засгийн эрхэнд гараад шууд хоёр, гурван тэрбум ам.долларыг эдийн засагт цутгаагүй. Та энийг мэдэж байгаа байлгүй дээ.
-Өнөөдөр (өчигдөр) МАН-ын бүлэг хуралдлаа. Юу хэлэлцэв?
-Засгийн газрыг огцруулахаар өргөн барьсан бичигтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
-Хурлын уур амьсгал ямархуу болж байна вэ?
-Муудалцаж барьсан зүйл байхгүй. Хэвийн явагдаж байгаа. Асуулт хариулт явлаа. Огцруулахаар өргөн барьсан гишүүд, Засгийн газрын сайд нараас асуулт асууж байна.
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН