Энэ өвөл нийслэлчүүд цахилгаан эрчим хүчний дутагдалд орохгүйг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Тэрбээр “50МВТ-ын батарей хураагуурын станцын тендерийг удахгүй зарлаж, наадмын дараа сонгон шалгаруулалтыг хийнэ. Гэрээ амжилттай болбол 11 дүгээр сард төвийн эрчим хүчний системийн оргил ачааллыг хуваалцах юм.
Аравдугаар сарын эхээр Бөөрөлжүүтийн ЦС-ын 150МВТ эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэхээр гэрээ хийсэн.
Удахгүй УИХ-ын чуулганы хуралдаанаар ДЦС-2-ыг Улаанбаатарын мэдэлд шилжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Уг станцыг өмчлүүлэхээр хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр 2025, 2026 онд багтаан ДЦС 2-ыг 300-600МВТ-аар өргөтгөх ажлыг хийхээр суурь судалгааны ажлыг эхлүүлсэн.
Мөн ДЦС 3-ын хүчин чадлыг өргөтгөх ажил давхар хийгдэнэ.
Өнгөрсөн жил оргил ачааллын үеэр нийслэлчүүд 200МВТ эрчим хүчээр дутагдаж байсан. Энэ жил өвлийн оргил ачаалал эхлэхээс өмнө энэхүү дутагдаж байсан эрчим хүчийг хангана.
Цаашид Улаанбаатар хотын томоохон төсөл хөтөлбөрийг эрчим хүчээр хангах эх үүсвэрүүд хийгдэж байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын дараагийн 150МВТ хүчин чадалтай блокийг 2025 оны аравдугаар сард хүлээлгэж өгөх үүрэгтэй” гэж ярилаа.