Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Канадын “Хан ресурс” компанийн хооронд маргаан гарч, Олон улсын арбитрийн шүүхэд очсоноор Монгол Улс ялагдан 80 сая ам.долларыг хуульчийн зардал, хүү, алдангийн хамт төлөх үүрэг хүлээж байсан. Хэргийн шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийн лицензийг хууль бусаар цуцалсан явдал. Тэгвэл үүнтэй яг ижил кейс давтагдах эрсдэлтэй болоод байна.
УИХ-ын энэ долоо хоногийн чуулганаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх гэж байна. Энэ тогтоолын төслийн хүрээнд улсын тусгай хамгаалалтад авах газар нутагт гадаадын хөрөнгө оруулалттай компанийн тусгай зөвшөөрлийн талбай багтсан байгаа нь маргаан дагуулах болжээ.Тодруулбал, Хэнтий аймгийн Биндэр, Батширээт суманд 2004 оноос хойш судалгаа, хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн Канад, Монголын хамтарсан “Меритас Эм Жи Эл” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбай тусгай хамгаалалтад авах талбайд оржээ. Энэ нь Монгол Улсын хэд, хэдэн хууль журам зөрчсөнөөс гадна Канад Монголын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих хэлэлцээрийг зөрчсөн хууль бус төсөл гэж компанийн зүгээс үзэж байгаа бөгөөд тус асуудал даамжирвал Олон улсын Арбитрын шүүхэд хандахаар зэхэж буй мэдээлэл ч байна.
“Меритас Эм Жи Эл” ХХК-ийн энэ асуудалд “Андерсон энд Андерсон” ХХН хуулийн фирм хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Тус хуулийн фирмийн Партнер, Хуульч-өмгөөлөгч Хөхөөгийн Наранбулагтай ярилцлаа.
-Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл орсон байна. Энэ бол нэлээд анхаарал татсан асуудал. Энэ асуудал дээр өмнө нь УИХ-ын чуулган дээр танай хуулийн фирмийн нэр гарч, хууль бус тогтоол гарах эрсдэлтэй байгаа талаар яригдсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай хуулийн фирмд 2019 оны 11 дүгээр сарын дундуур “Мэритас Эм Жи Эл” нэртэй Канадын хөрөнгө оруулалттай компани хандсан. Тэд төслийн компаниараа Хэнтий аймгийн Батширээт, Биндэр суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд энэ талбай тус тогтоолын 1.4 ба 4 дүгээр зүйлийн “Гутайн даваа” хэсэгт хамрагдсан тул өргөн баригдсан УИХ-ын тогтоолын төсөлд хууль зүйн дүгнэлт хийж өгөх хүсэлт ирсэн.
Энэ компани 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 2015 онд ашиглалтын лиценз авч 2019 оны долдугаар сард уурхайг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, БОАЖ Яамны төлөөлөл бүхий улсын комисст хүлээлгэн өгч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байсан юм билээ. Гэтэл арваннэгдүгээр сарын дундуур энэ тогтоолын төсөл БОАЖЯ буюу Засгийн газраас УИХ-д өргөн баригдсан бөгөөд энэ талаар телевизийн мэдээнээс сонсоод манайд хандсан байдаг. Ингээд бидний хийсэн хууль зүйн дүгнэлтээр, тус УИХ-ын тогтоолын төслийг нэгдүгээрт агуулгын хувьд, хоёрдугаарт процессын хувьд хууль зөрчиж байна үзэж байгаа.
-Агуулгын болон процедурын хувьд хууль зөрчсөн гэж хэллээ. Юун түрүүнд агуулгын хувьд ямар зөрчил байна вэ?
-Агуулгын хувьд нийт гурван суурь хууль болон олон улсын гэрээг зөрчсөн гэж үзэж байгаа. Юун түрүүнд 2016 онд Монгол ба Канадын Засгийн газар хооронд байгуулагдсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээр бий. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хоорондын олон улсын гэрээ гэсэн үг. Энэ хэлэлцээрт ”expropriation” буюу “төр нь хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалт, өмч хөрөнгийг хууль бусаар дайчлан хураахгүй байх” гэсэн агуулгатай заалт байдаг. “Хууль бусаар дайчлан хураах” гэдэгт юуг ойлгож байна гэвэл нэгдүгээрт, нөхөн олговоргүйгээр хураах (энэ нь “нэн даруй төлөгдөх, шударга/бүрэн” нөхөн олговор гэсэн давхар тодотголтой байгаа) хоёрдугаарт хуульд заасан процедур, журмыг зөрчих замаар хураан авахыг хэлнэ гэж тодорхойлсон. Хэрэв ийнхүү засгийн газар хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтад хууль бусаар хураах ажиллагаа явуулбал тухайн хөрөнгө оруулагчид олон улсын арбитрт хандах эрх нээгдэнэ. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн энэ зохицуулалт манай дотоодын хуулинд ч байдаг. Энэ нь 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль юм. Тэгвэл өргөн баригдсан тогтоолын төслийн эх текст, үзэл баримтлал, танилцуулга, судалгаанд алинд ч нөхөн олговрын талаар тусгаагүй бөгөөд ийнхүү тусгахгүйгээр тусгай зөвшөөрлийн талбайг улсын мэдэлд авч байгаа нь дээрх гурван эрх зүйн баримт бичгийг агуулгын хувьд зөрчиж байна гэсэн үг.
-Тэгвэл процессын хувьд ямар зөрчил байна гэж үзэж байна?
–УИХ-ын тогтоолын төсөл өргөн баригдсан процессын хувьд ямар зөрчил байна вэ гэхээр, хууль зүйн шинжлэх ухаанд “due process of law” гэж ойлголт байдаг. Энэ ойлголт, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан тогтолцоотой бүхий л нийгмийн Үндсэн хууль болон суурь хуулиудад туссан байдаг.
Манай Үндсэн хууль ба бусад суурь хуульд ч бий. Агуулга нь төр аливаа этгээдийн эрхэд тодорхой шалтгаанаар халдахаар бол заавал хуульд заасан тодорхой процедур, шат дарааллын дагуу, тухайн этгээдэд мэдэгдэх, санаа бодол, тайлбарыг нь сонсох, нийтийн хэлэлцүүлэг явуулах гэх мэт тодорхой хуулийн шат дарааллаар ажиллагаа явах ёстой гэсэн үг. Энэ тогтоолын төслийн УИХ-д өргөн баригдсан процессыг харахад энэ журам мөрдөгдөөгүй. Энэ журмыг Хууль тогтоомжийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд маш тодорхой заасан бөгөөд эдгээрийн хэд хэдэн зохицуулалт зөрчигдсөн.
Ингээд харвал дээр дурдсан агуулгын болон процессын зөрчил нь эцсийн дүндээ Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна гэж үзэж болно. Манай Үндсэн хуулийн 5.2-т “Төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; 16.2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”; түүнчлэн 1.2-т “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тус тус заасан.
-УИХ-ын чуулган дээр зарим гишүүд танай хуулийн фирмийн нэрийг дурдаж ирээд ийм асуудал өрнөж байгааг тодотгосон. Та бүхэн энэ асуудлаар УИХ-ын гишүүдэд хандсан уу. Тэд юу гэх юм?
-Хэрэв тогтоолын төсөл одоогийн хувилбараар батлагдвал Канад-Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын арбитрт очно. Гэхдээ манай үйлчлүүлэгч болон манай фирмийн байр суурь болюун түрүүн олон улсын арбитр гэхээс илүүтэйгээр нэгэнт тогтоолын төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байгаа учраас шийдвэр гаргагчдад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэж, хуулийн зөрчлийг хэлэлцүүлгийн явцад залруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Олон улсын арбитр өөрөө асар их цаг, мөнгө үрсэн урт процесс байдаг бөгөөд манай үйлчлүүлэгчийн хувьд ч Засгийн газрын хувьд ч тааламжтай гэх үү хүсэх зүйл биш. Энэ утгаараа бид УИХ-ын ихэнх гишүүд, холбогдох яамдууд болон ажлын дэд хэсгийн бүх гишүүдтэй уулзаж, шаардлагатай мэдээллийг хүргэсэн, мөн бичгээр хандсан.
-Хэрэв УИХ-ын тогтоолын төсөл одоо байгаа хувилбараар батлагдвал яах вэ?
Энэ тохиолдолд маргаан шийдвэрлэх хууль шүүхийн боломж эрэлхийлэхээс аргагүй нөхцөл үүсэх байх. Юун түрүүнд Канад Монгол Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн дагуу Олон улсын арбитрт хандана. Түүнээс гадна дотоодын хуулиар авч болох бүхий л хууль зүйн арга хэрэгслийг эрэлхийлж, ашиглана гэсэн байр суурьтай байгаа. Үүнд тухайлбал, Ерөнхийлөгчийн хоригоос эхлээд, Үндсэн хуулийн Цэц, Захиргааны хэргийн шүүхэд хандах, магадгүй шат шатанд процессын алдаа гаргасан төрийн албан хаагчдын хувьд хүртэл төрийн албаны зөвлөл ч юмуу харьяа байгууллагад нь гомдол гаргах гэх мэт бүхий л хуулийн боломжийг эрэлхийлнэ.
-Манай Засгийн газар ба Канадын “Хан ресурс” компанийн хоорондын маргаан Олон улсын арбитрт очиж байсныг мэдэх байх. Бас л лицензтэй холбоотой энэ төрлийн маргаан бөгөөд компани нь мөн Канадын хөрөнгө оруулалттай байсан. Харамсалтай нь Монгол Улс ялагдаж их хэмжээний төлбөрт унасан. Магадгүй дахин ийм эрсдэл энэ жишээн дээр харагдаж байх шиг. Та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Недарланд дахь олон улсын арбитраас Хан ресурсын маргаанд манай Засгийн газраар 80 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гарсан. Тухайн үеийн боловсролын төсвийн дөрөвний нэгтэй тэнцэх дүн гэсэн судалгаа бас явж байсан. Энэ кейсийн тухайд хэрэв маргаан үүсээд олон улсын арбитр явбал ижил үр дагавар гарахыг үгүйсгэхгүй. Учир нь олон улсын маргаан шийдвэрлэхэд нэг талаас засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээр, нөгөө талаас өмнө гарсан ижил төстэй шийдвэрийн жишиг чухал нөлөөтэй, том хүчин зүйл байдаг л даа.
-Канад Монгол Засгийн газар хоорондын хэлэлцээр гэж ярилаа. Ямар утгатай баримт бичиг вэ?
-Улс орнууд хоорондоо эсвэл бүсчилсэн байдлаар харилцан хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын таатай орчин үүсгэх,үүнтэй холбоотой харилцан биендээ оруулж буй хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилгоор ийм хэлэлцээр байгуулдаг. Монгол Улс нийт 44 улстай хөрөнгө оруулалтын хэлэлцээр байгуулснаас хамгийн сүүлд 2016 онд Канад улстай энэ хэлэлцээрийг байгуулсан. Үүнийг өмнөх хэлэлцээрүүдтэй харьцуулбал нэлээн дэлгэрэнгүй, цогц, аль аль талдаа сайн хийгдсэн хэлэлцээр. Дэлхийд нийт 1000 орчим хөрөнгө оруулалтын хэлэлцээр байна.
-Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гол зөвшөөрлийн нэг бол байгаль орчны нарийвчилсан үнэлгээ. Энэ компанийн хувьд үнэлгээ хийгдсэн үү?
-Бидэнд байгаа мэдээллээр тус компани 2004 онд хайгуул судалгаа хийж эхэлснээс хойш 2019 оны долдугаар сард улсын комисст хүлээлгэн өгөх хүртэл нийт 30 гарам зөвшөөрлийг төрийн байгууллагуудаас авсан юм байна лээ. Үүн дотор 2012 онд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, мөн 2017 онд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тодотголыг БОАЖЯамаар батлуулсан байсан.
-Газар нутагтай холбоотой асуудал иргэдийн хувьд эмзэг сэдэв. Ялангуяа сонгууль ойртож байгаа энэ үед лицензтэй холбоотой энэ асуудалд УИХ-ын гишүүд хөдлөхгүй болов уу гэсэн хардлага байна…
-Сонгууль угтсан популизм аль ч улсад байдаг. Ялангуяа сүүлийн үед өндөр хөгжилтэй нийгэмд ч гарч байгаа үзэгдэл. Гэхдээ энэ кэйс дээр би тэгж харахгүй байна.Учир нь энд хуулийн талаасаа нэлээн том зөрчил явж байгаа, дээрээс нь нэмээд гадаадын хөрөнгө оруулалт, төсөв эдийн засагтай холбоотой үр дагавар байгаа учраас. Миний энд та бүхэнд өгч байгаа тодруулга цэвэр мэргэжлийн дүгнэлт, хууль зүйн байр суурь байгаа.
-Та дээр хувийн өмчийг хууль бусаар хураах асуудлыг хөндсөн. Сүүлийн үед манайд уул уурхайн лицензийг төрийн зүгээс дайчлан хураах үзэгдэл гарах болсон. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-Би тохиолдол бүрийг нарийн мэдэхгүй учраас энд үнэлэлт өгөх боломжгүй.Гэхдээ хуульчийн хувиар ерөнхий том зургаар харвал өмчийн эрх эмзэг байнагэж харж байна. Өмчийн эрхэд төрийн зүгээс тогтвортой хөгжлийн зорилт, байгаль орчин, нийтийн эрх ашиг гээд тодорхой шалтгаанаар халдаж болдог л доо. Гэхдээ энэ тохиолдолд заавал хуульд заасан үндэслэл, хуулийн процедур шат дарааллыг нарийн мөрдөж, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд хуульд заасан нөхөн олговортойгоор шийдвэр гарах ёстой байдаг. Энэ нь олон улсын жишиг бөгөөд манай Үндсэн хууль ба бусад хуульд ч маш сайн туссан.
Өмчийн эрх бол ардчилал болон чөлөөт зах зээлийн амин сүнс.Иймд ямар ч тохиолдолд үүнд туйлын болгоомжтой, хүндэтгэлтэй хандах ёстой.Өмчийн эрхийн талаарх төрийн жаахан л алдаа хатуу үгээр бол “булаалт, дээрэм” гэж ойлгогдоно.
-Та өөрийнхөө талаар товч мэдээлэл өгвөл?
-Манай фирм хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, арбитрын чиглэлээр хууль, эрх зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Би энэ чиглэлээр гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хувийн салбарын төслүүд болон Засгийн газарт зөвлөгөө өгч ажилладаг. Америк, Англи, Энэтхэгт бакалавр, магистраар суралцаж төгссөн.
б.дорж