Дэлхийн томоохон хотууд “Автомашингүй өдөр”-ийг жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс ч мөн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Жил бүр зохион байгуулдаг “Автомашингүй өдөр”-ийн албан ёсны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц болон бусад албаныхан оролцов. Тэд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар тун удахгүй хэлэлцэх гэж байгааг тодотгон дурьдаад нийслэлийн иргэдийг автомашинаасаа нэг өдөр ч болтугай татгалзаж, биеийн тамираар хичээллэж хэвшихийг уриаллаа.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц “Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтийн биеийн тамирыг Монголд хөгжүүлэх талаар маш олон эерэг заалт оруулсан байгаа. Спорт сонирхогч, тамирчин, дасгалжуулагч, иргэд та бүхэн анхааралтай чих тавин сонсч, энэ хуулийг УИХ-аар орох үед дэмжээд батлуулаад өгөөрэй гэж хүсмээр байна. Өнөөдрийн үйл ажиллагаа нийт иргэд та бүхэнд зориулагдсан юм шүү. Тиймээс та бүхэн энд байгаа асаруудаар зочилж, танилцаад өөрт тустай мэдээ мэдээллийг авч, зохион байгуулж буй тэмцээн уралдаанд идэвхтэй оролцоорой” хэмээв.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм. Биеийн тамир, спортын газрын“Хүндэт тэмдэг”-ээр нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн Б.Түвшинбаяр, “Спортын алдар” одонгоор Монголын гимнастикийн холбооны дасгалжуулагч Б.Халиун, “Алтан од” тэмдэгээр Монголын гимнастикийн холбоо, МУБИС-ийн багш Г.Болортулга, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын ажилтан Х.Мөнхзаяа нарыг шагналаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.