Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мөнгөнцэцэг: Зөвийг бодож явахад бүх зүйл аяндаа бүтдэг гэж боддог DNN.mn

Өдрийн сонины архиваас…

Залуу дуучин Х.Мөнгөн­цэцэгтэй ярилцлаа.


Юуны өмнө саяхан болж өнгөрсөн “Дуэт vs Дуэль” телевизийн шоунд түрүүлсэнд баяр хүргэе. Ямар хугацаанд үргэлжилж, хэр их хүч хөдөлмөр гаргав даа?

-Баярлалаа. Анхны чөлөөт, ардчилсан телевиз хэмээгддэг “25 суваг” телевизээр долоо дахь жилдээ нэвтэрч буй “Дуэт vs Дуэль” нэвтрүүлгийн энэ жилийнхэд “Эмоци” продакшны жүжигчин Г.Эзэнмөнх ахтайгаа хамт оролцоод тэргүүн байрын эзэд боллоо. Урлагийн нэгэн үеийнхэн болж өсч байгаа, авьяаслаг шижигнэсэн залуучуудтай өрсөлдсөн. Бараг хорь хоногийн хугацаанд өгөгдсөн сэдвийн хүрээнд нийт зургаан дууны төрөлд дуугаа бичүүлж, дүрсжүүлж бас нэвтрүүлгээ бичиж чухам чөлөө завгүй бас бүтээлч өдөр хоногийг өнгөрүүллээ. Их ч зүйлийг сурч, өөрийгөө сорьж, эвдэж бас хөгжүүлсэн цаг хугацаа байсан гэж бодож байна.

Өнөө жил сошиал медиагаар өрсөлдөөн хүчтэй явах шиг санагдлаа. Бас “Holly Dolly” баг уу танай “Эзэмдэгч” баг уу гэсэн халуухан тэмцэл явсан байх…

-Ер нь бүх багууд жигд, бүгд л түрүүлэхийн төлөө дууныхаа төрөл болгонд хүчээ дайчилж өрсөлдсөн. Энэ тэмцээний маань шалгаруулалтын нэг үзүүлэлт нь фэйсбүүкийн хуудсаар олон лайк цуглуулах явдал байсан. Интернэтээр манайх болон “Holly Dolly” баг олон лайк цуглуулж, өрсөлдөгч баг маань биднээс лайкийн тоогоор илүү байсан. Гэхдээ олон лайк цуглуулахаас гадна сэтгэмж, дууны сонголт, найруулга зохиомж, нэвтрүүлгийн дүрэм журмыг баримталж буй байдал эмоци өнгө төрх гээд өөр олон үзүүлэлтийг харгалзан үзсэн учраас бид хоёр түрүүлсэн байх аа. Ер нь Г.Эзэнмөнх ах бид хоёр дуу бүрийнхээ цаана давхар санаа агуулж, залуучууд, үе тэнгийнхэндээ уриалахыг оролдож байсан. Тухайлбал, хип поп дууныхаа төрөлд “Гандан буурахгүй” дууг сонгохдоо, гэр хороололд амьдардаг олон хүүхэдтэй хос хэрхэн аз жаргалтай амьдарч байгааг үзүүлэхийг оролдсон. Хэрэв нэг нэгэндээ итгэж, хайрлаж чадаж байвал хаана ямар нөхцөлд амьдрах нь асуудал биш, Монголын үрсийг олон болгохын төлөө гандан буурахгүй ээ гэсэн санааг агуулж хийсэн. Бас “Сэтгэлийн драм” дуугаа ч гэсэн ийм санаатай хийж байлаа.

Хосууд нэгэндээ итгэж, хайрлаж байвал амьдрал аяндаа сайхан болно гэж. Үзэгчид анзаарсан бол клип дээрээ ганц модон сандалтай эхэлж байгаа хоёр дараа нь түшлэгтэй зөөлөн сандал дээр хоёулаа зэрэгцээд сууж байдаг даа. Гэх зэргээр үргэлж нэг санаа, уриалгыг дууны төрөл бүр дээрээ гаргахыг хичээсэн. Энэ маань ч хүмүүст таалагдсан юм шиг байна лээ. Шүүгчид ч үүнийг онцолж байсан. Бид хоёрт Монголд үйлдвэрлэсэн “Хүү төрлөө” нэртэй өлгийний рекламд тоглох санал ирсэн нь ч үүнийг анзаарч харсных байсан биз ээ.

Та хоёр рекламд тогло­сон мөнгөөрөө хүүхдүүдэд бэлэг авч өгсөн гэл үү?

-Тэр реклам маань тун хөөрхөн, бэлгэдэл бүхий бүтээгдэхүүний сурталчилгаа л даа. Цэвэр ноолууран өлгийг сураар хийсэн гурван бүс, дөрвөн шагай бас эсгий үнэг дагалддаг. “Хүү төрлөө” гэсэн нэртэй. Ийм бэлгэшээлтэй бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглосон мөнгөө бид хоёр хүүхдүүдэд зориулахаар шийдсэн.Тэр дундаа асрамжийн газарт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг болгож түгээсэн. Бэлэг хараад нүд нь очтож байгаа хүүхдүүдийг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Зарим нь тийм зүйл олон авч үзээгүй болоод ч тэр үү, бүр гайхсан байдалтай. Тэр өдөр талбай дээр зургаа авахуулах гээд шөнийн 00 цагийн үед очсон юм. Ээж, аавтайгаа явж байсан хүүхдүүд өвлийн өвгөн, цасан охины хувцастай бид хоёрыг хараад, “Эзэмдэгч дуэтүүд явж байна” гээд дагаад гүйхийг хараад баярлаж л байлаа. Тэдэнд бас бэлгээ түгээж, нэг өдөр ч гэсэн өвлийн өвгөн, цасан охин шиг байж чадсандаа бид хоёр их баяртай байсан маань энэ нэвтрүүлгийн сайхан дурсамжийн нэг юм даа.

Энэ нэвтрүүлэгт ихэнх нь жүжигчин, өөрөө ганц дуучин бүсгүй нь байх шиг байсан. Хэдэн онд аль сургуулийг төгссөн билээ?

-Би СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, концертмейстр, СТА Т.Энхтуул нарынхаа удирдлага дор дуу дуулах арга барилаас суралцсан. Оюутан ахуй цагаасаа уран бүтээлээ хийж, үзэгч олондоо танигдах гээд л явж байна даа.

Нэгэн үе нийтийн дууныхан хосолж дуулж гарч ирээд л од болцгоодог байлаа. Тэр үеийн дуучдыг дуурайж, урлагт хөл тавьсан залуус олон байсан байх шүү?

-Анх намайг СУИС-д орж байхад нээрээ л нийтийн дууны эрин жинхэнэ ноёлж байсан. Багш нар маань ярихдаа СУИС-д дуучин болно гээд ирж байгаа 400-500 хүүхдүүдээс шалгалт аваад, “Ямар ангид орох хүсэлтэй байна вэ” гэхэд “Жавхлан, Баясгалангийн ангид ормоор байна” гэдэг байсан хэмээдэг. Энэ сургуульд орохоосоо өмнө М.Найдалмаа гэж мундаг багш байдаг гэж дуулсан болохоор багш дээрээ яваад очсон. Анх сургууль дээрээ очих гэж хөдөөний хүүхэд хүнээр заалгаад ирж байлаа. Сургуульдаа ормогц эндээс нэг дуулсан хүн, тэндээс ганцаараа дүрээ бэлдээд өөртэйгөө ярьж байгаа хүн гээд тун өвөрмөц ертөнцөд ороод явчихсан мэт мэдрэмж төрж байлаа. Найдалаа багш маань намайг дуурийн дуулаачаар явуулах хүсэлтэй байсан. Гэтэл би нэг мэдэхэд л нийтийн дуу руу ороод, багшийнхаа урмыг хугалсан даа. Мэргэжилдээ гайгүй байсан ч юм уу багш маань надад итгэл хүлээлгэж байсан байх, гэхдээ миний ардын дуу, нийтийн дуунд сонирхолтой байгааг мэддэг болоод ч тэр үү эвлэрсэн. Багш нартаа үргэлж баярлаж явдгаа энэ дашрамд хэлмээр санагдаж байна.

Анхны уран бүтээл чинь ямар дуу байв, бас тайзан дээр хэзээ анх гарч байв даа?

-Намайг хоёрдугаар курст байхад ая зохиогч Пүрэвсүрэн ах “Гэгээн хайр” дуугаа өгсөн. Тэр жил Бөхийн өргөөнд “Цаг эргэх мөч” нэртэй тоглолт болсон юм. Нийт 21 аймгаас гарч ирж буй нэг, нэг дуучныг оролцуулсан том тоглолт байсан. Бас миний хувьд анхны үзэгчтэй том тайзан дээр гарсан нь тэр байв. СУИС-ийн “Оюутан” тайз дээр л гарч байснаас өөр том тайзан дээр гарч үзээгүй би хэрэндээ л сандарч балмагдаж байсан. Тэгтэл хүмүүс алга ташиж, дахиулаад. Тэгэхэд л уран бүтээлч хүний үзэгч олныхоо алга ташилтад урам авах ямар сайхан байдгийг анх мэдэрсэн л дээ.

Ер нь багадаа дуулдаг байв уу, хүүхдүүд урлагийн үзлэгээс эхлээд л өөрийгөө сориод эхэлсэн байдаг шүү дээ?

-Би багаасаа л дуулах сонирхолтой байлаа. Гэрийнхэндээ болохоор дуучин болно гэж ярина, гэхдээ сургууль, олон нийтийн өмнө тэрийгээ ил гаргаж огт үзээгүй, урлагийн үзлэгт ч ордоггүй байв. Энд тэндэхийн уралдаанд орж гийгүүлэхгүй ч гиншээд явдаг нэг тийм хүүхэд байсан юм уу даа. Миний доод талын дүү их сайхан дуулж, бүжиглэдэг. Тэрэнтэйгээ нийлээд оройн саалийн өмнө тоглолт хийж гэрийнхэндээ үзүүлдэг байлаа.

Оройн сааль гэхээр өөрөө бүр хөдөөний хүүхэд юм аа даа?

-Тийм шүү дээ. Бүр хөдөөний хүүхэд. Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат. Би энэ сайхан нутагт төрж өссөн дөө дандаа баярлаж, бахархаж явдаг. Би багаасаа л мал хариулж, морь уралдуулж өссөн хүүхэд. Одоо ч морь харахаараа их догдолдог. Ер нь хөдөөний айл бүр л морь уралдуулдаг шүү дээ. Аав, ээж маань гурван охинтой хүмүүс. Би том нь. Аав маань намайг хүү шиг бодож өсгөсөн ч юм уу гэж одоо боддог юм. Бага байхад аавыгаа гарсан ч орсон ч дагаж явдаг байлаа. Аав ирэх бараанаар гараад зогсчихно. Намайг дээлэн дээрээс минь өргөөд л мотоциклийн өмнүүр суулгачихдаг. Заримдаа өвөртөө хийчихнэ. Салхи зөрөөд давхих үедээ толгойд уут углаад л дагуулаад явдаг байв.

Танайх хэзээ хотын айл болсон юм бэ?

-Ижий, аав хоёр маань ерөөсөө бид гурвын төлөө зүтгэж ирсэн хүмүүс. Намайг сургуульд ороход сум руу нүүж, дараа нь аймаг руу тэгээд оюутан болоход дагаад л хотын айл болсон доо. Д.Пүрэвдорж гуайн гэрээсээ гараад сум орлоо, сумаа би саналаа гээд сумаа, аймгаа, эх орноо бүхэлдээ санасан тухай сайханшүлэг санаанд буудаг юм. Хэдийгээр сургууль соёл бараадаж хотод ирсэн ч нутгаа их санадаг. Оюутан болсны дараахан ГАА гэсэн машин харахаараа манайхны хэн нь яваа юм бол гэж бодогдож бараг тэр машинд суугаад нутгаадаа явмаар санагддаг байсан.

Ээж, аав чинь хүүхдүүдээ л гэсээр иржээ. Одоо дүү нар чинь сургуулиа төгссөн үү?

-Тийм ээ. Тэд маань маш хөдөлмөрч хүмүүс. Өглөө эрт ажлаа эхэлдэг. Аав, ээжийн маань амьдрал бол хүүхдүүдээ гэсээр явдаг олон эцэг, эхийн түүх. Одоо том дүү маань ЭМШУИС-ийн нүүр ам судлалын III курс, бага дүү маань БНХАУ-д сургуульд явах гээд бэлтгэл хангаж байгаа. Үр хүүхэд нь сайн явбал ээж, аавын хүүхдүүдийнхээ төлөө гэсэн сэтгэл амарч, баярладаг байх. Тиймээс үр хүүхэд нь болсон бид сайн явах л хэрэгтэй юм даа.

Танай Говь-Алтайгаас төрсөн дуучид их байдаг байх шүү?

-Тийм ээ. Манай нутгаас төрсөн сайхан дуучид олон. Тэд нар маань ч надад их тус дэм болдог. Ялангуяа МУГЖ С.Ганзориг ахдаа их талархаж явдаг. Тэрбээр сайн дуучин төдийгүй хувь хүнийхээ хувьд ховор хүн дээ. Тэрбээр 2010 онд гавьяат болсныхоо дараа нутагтаа тоглолтоо хийх болоод нутгаас төрж байгаа залуу дуучин гэдэг утгаар тоглолтдоо оролцох санал тавихад би хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Үнэндээ аймгийнхаа тайзан дээрч гарч үзээгүй, энд ирж суралцаж байгаа оюутан шүү дээ. Нэг гарахдаа хоёр дуу дуулна гэж очсон чинь хүмүүс дахиулаад сайхан хүлээж авсан. Тэгэхэд нь бэлдсэн хоёрхон дуутай гэж үнэнээ хэлээд “Мандах нар” дуугаа дахин дуулж байлаа. Тэр үеэс урын сангаа нэмэх ёстой юм гэж ойлгосон. Шат шатаар л учраа олж, суралцаж яваа нь тэр шүү дээ.

С.Ганзориг гавьяаттай хамтарч дуулсан байдаг байх аа?

-Дуучин Ц.Өлзий-Орших, А.Нэргүй нарын хамтран дуулсан “Санахын жаргал” дууг зөвшөөрлийг нь аваад дуулж байлаа. Өвөрмонголчуудад их хүрсэн гэж дуулддаг.Мөн интернэтийн хандалт нэлээд өндөртэй дуу. Бас “Тавилан” дууг хамтарч дуулсан. Мөн С.Ганзориг гавьяаттай нийлж кино концерт хийсэн. Үүнийг маань хүмүүс сайхан хүлээж авсанд баяртай байдаг.

Өөрийг тань зохиолын дууны гүнж гэх болж…

-Монголчууд маань дуучин уран бүтээлчдэдээ ханхүү, гүнж гээд сайхан нэр хайрладаг хүмүүс. Ер нь үлгэрийн ертөнц шиг сайхан орчинд, гэгээн сайхнаар амьдрахад юуны буруу байх билээ. Харин миний гүнж гэж юу байхав дээ. Хөдөөд төрж өсч, энгийн, эгэл амьдарч байсан хүн шүү дээ, би.

-“Улаан пальто” киноны дууг дуулсан байх аа?

-Тийм ээ. Энэ миний анхны киноны дуу. Энэ дууг дуулах болсон нь их сонин. Нэг удаа би телевизийн нэвтрүүлэгт орох болоод гоо сайхны газарт нүүрээ будуулахаар очсон юм. Тэгэхэд нэг эгч будалт хийлгэж байсан нь зохиолч Шүүдэрцэцэг эгч байсан. Тэндээсээ гараад телевиз дээр очиход өнөө эгч маань бас очиж таараад, бид цугтаа нэвтрүүлэгт оролцсон. Тэгж л танилцаж байлаа. Эх үрийн сэдэвтэй сайхан дууг нь амьдруулах болж “Бүүвэй аялгуу” дуугаа дуулсан юм.

Залуу бүсгүй, уран бүтээлчдийг тойрч элдэв яриа хөвөрдөг. Тэрийг дааж явах амаргүй биз?

-Нэгэнт олны өмнө ил байдаг мэргэжил, зам мөрөөр явахаар бол тэр бүгдийг дааж явах л ёстой байх. Миний хувьд зах зухаас нь мэдэрч, шантармаар санагдах үе байх ч уран бүтээлээрээ л бүгдийг баталж бас үгүйсгэж байх ёстой юм байна гэж ойлгоод байгаа. Заримдаа хэвлэлээр үнэн гэхээсээ худлаа, буруу ойлголт өгөх нь их юм. Хэн нэгний чин үнэнийг мэдэхгүй байж явган яриагаар бусдыг дүгнэхгүй байгаасай гэж хүсдэг. Гэхдээ цаг хугацаа бүгдийг харуулаад өгдөг шүү дээ.

Гэр бүлтэй болж, амьдрал зохиох тухайд ямар бодолтой явна даа. Шалгуур өндөр үү?

-Ээж, аав шигээ нэг цул болж чадах ханиа олж, өрх гэрээ бариад хүүхдүүдийнхээ төлөө зүтгэх тэр өдрүүд хэзээ нэгэн цагт ирж таарна. Би аливаад яарч, их хүсч шунаад байдаггүй. Цагийн тохироо нь бүрдвэл болох юм болдгоороо болно л гэж санадаг. Хүүхэд байхаасаа л дуучин болно гэж бодож явсаар мэргэжлийг нь эзэмшиж хичээж яваа шигээ сайн ханьтай учирна гэдэгтээ эргэлздэггүй. Шалгуур гээд байх зүйл юу байхав. Би тэр хүний төлөө, тэр хүн миний төлөө байж чадах тийм хүн байж л байгаа. Мөнгөтэй хөрөнгөтэй гэхээсээ зөв бодолтой, зөв хүнийг л олж ханилах нь чухал байх даа. Гэр бүлийн аз жаргал бол хэрэгцээгээ хангадаг, эрүүл энх, олон хүүхэдтэй, тайван амгалан амьдрах л явдал гэж ойлгодог доо.

Э.ЭНЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *