Categories
мэдээ нийгэм

Х.Мандахбаяр: Сэтгүүлчид баримтаа нууж байгаа бол дэлгэ. Дэлгэж чадахгүй байгаа бол надад өг, би дэлгээд өгье

Image result for Х.Мандахбаяр

Сэтгүүлчийг тагнасан гэх хэргийн талаар болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. Тэрээр, “Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш амьдралд нийцэхгүй байгаа тухай сэтгүүлчид болон иргэд ч олон ярьсан. Зөрчлийн хуулиар, гүтгэх доромжлохыг зохицуулж байсан зүйл заалт нь амьдрал дээр асуудлыг шүүхгүйгээр шийддэг байсан.

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалт нь сэтгүүлч ямар ч баримт нотолгоо гаргаж өгөөд торгуулдаг байсан нь эргээд хэвлэл мэдээллийн чөлөөт байдалд нөлөөлсөн. Энэ тал дээр салбарын болоод хууль хяналтын байгууллагын 150 гаруй хүн оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөмж гаргасан. Энэ саналаа нэгтгээд ХЗДХ-ийн яаманд хүргүүлсэн.

Үүний дараа Зөрчлийн тухай хуулиас гүтгэх, доромжлох зүйл заалтыг авахуулах тухайд санал нэгдэж, шаардлага хүргүүлсэн. Ингээд уг хуулийн 6.21 гэдэг заалт байхгүй болсон. Харин өчигдрөөс “Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр заалт Эрүүгийн хуульд орсон” ташаа ойлголт сошиал орчинд явлаа.

Зөрчлийн тухай хуульд байсан зүйл заалтаараа Эрүүгийн хуульд тусгагдахаар анхны төсөлд танилцуулагдсан нь үнэн. Эрүүгийн хуульд оруулахдаа “худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол” гэсэн байдлаар ч төсөлд танилцуулагдсан.

Гэхдээ салбарын төрийн бус байгууллагууд Эрүүгийн хуульд оруулж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Хууль зүйн байнгын хороогоор олон удаа орсны дараа Эрүүгийн хуулиас “хэвлэл мэдээлэл”, “гүтгэх” гэсэн үг хасагдсан. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн сүлийн нэр томъёолол нь “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 420 нэгжээс 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох…” гэж орсон. Өөрөөр хэлбэл Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гарсан анхны саналыг бид байхгүй болгож чадсан.

Харин сэтгүүлчийг тагнаж чагнасан асуудлаар, “Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал бий. Энэ талаар өмнө нь хэвлэлийн бага хурал хийж байсан. Мэдээллийн дагуу холбогдох хүмүүстэй уулзаж, шаардлага хүргүүлсэн ч тийм асуудал байхгүй гэсэн хариулт өгдөг.

Хэрвээ ямар нэг байдлаар сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байвал хамгийн аюултай асуудал. Тиймээс аль нь үнэн нь мэдэгдэхгүй энэ асуудлыг нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, цэг тавих нь зүйтэй. Ойрын хугацаанд бүх талын хүмүүс оролцож энэ асуудал дээр хариулт өгөх хэрэгтэй. Сэтгүүлчид баримтаа нууж байгаа бол дэлгэ. Дэлгэж чадахгүй байгаа бол надад өг, би дэлгээд өгье. Нэгдсэн ойлголтод хүрье” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *