-ЭНЭ ОНЫ ЭХНИЙ 10 САРД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН “ГҮТГЭХ” ЗААЛТАД ҮНДЭСЛЭН 180 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН-
Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын төлөөллүүд болох Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Өдөр тутмын сонинуудын холбоо зэрэг 10 гаруй байгууллагууд “Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал, зөвлөмж”-ийг хууль тогтоох байгууллагад өргөн барих талаар хэлэлцлээ.
Учир нь сэтгүүл зүйн салбар дахь ажилчдын мэргэжлийн үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах эрхийг Зөрчлийн хууль зөрчиж байгаа аж. Энэ хууль батлагдан, мөрдөгдөж эхлээд нэг жил зургаан сарын хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд сэтгүүл зүйн эрх үүргийг үндэслэлгүйгээр зөрчиж, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсдыг хууль, хяналтын байгууллагад зүй бусаар шалгуулж, эдийн засгийн аргаар цензурдэх нөхцөл бүрдээд байгаа гэнэ.
2018 оны эхний арван сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн сэтгүүлчдэд хамаатай хэсэг болох 6.21 дүгээр зүйлд заасан “Гүтгэх” зөрчлөөр 374 зөрчил бүртгэгдэж, 57 хүн, хоёр хуулийн этгээдийг 118 сая төгрөгөөр торгосон байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийг хүчингүй болгож, иргэний нэр, нэр төр, алдар хүндийг хамгаалах асуудлыг илүү нарийвчлан тодорхойлж, Иргэний хуулиар шийдвэрлэдэг болгохыг санал болгож байгаа аж. Зөвлөмжид ирсэн хэвлэл мэдээллийн төлөөллүүд “Сэтгүүлчдэд мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд дарамт, саад учруулж байна. Зөрчлийн тухайн хуулийн 6.21 дүгээр заалт нь дотоодын болон олон улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчиж байгаа. Тухайлбал, НҮБ-ын Хүний эрхийн хорооноос “Сэтгүүлчид айх айдасгүй мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангах ёстой” гэсэн заалт бүхий зөвлөмжийг 2015 онд манай улсад ирүүлсэн үүнийг зөрчсөн байдаг. Эрх зүйн хувьд гүтгэх, доромжлох гэсэн хоёр ялгаатай ойлголтыг нэгтгэж, нэг өгүүлбэрээр энэ хуульд оруулснаар хуулийн оноож болох шийтгэлийн цар хүрээг ерөнхий болгосон. Түүнчлэн, хэргийг хянан шийдвэрлэж байгаа байгууллага нь улс төр, эдийн засгийн аливаа ашиг сонирхол, нөлөөллөөс хараат бус байх ёстой гэсэн хэм хэмжээг зөрчиж байна. Яаж гэхээр цагдаагийн холбогдох албан тушаалтан буюу Засгийн газрын хамаарал бүхий этгээд үзэмжээрээ тухайн асуудлыг гүтгэлэг эсэхийг нь шийдэн мөнгөн торгууль оноох боломжийг нээж өгсөн. Харин оноож байгаа шийтгэл нь оновчтой, хохирлын үр дагаврыг нь харгалзсан байх ёстой. Гэтэл цагдаа л хэргийг гүтгэлэг гэж үзсэн бол шууд мөнгөн торгууль онож байна. Өөрөөр хэлбэл, гарч байгаа үр дагаврыг нь тооцож үзсэн хуулийн зохицуулалт байхгүй болчихоод байна. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн гүтгэх гэсэн заалт нь ерөөсөө болохгүй байна гэж үзээд байгаа юм. Үүнийг өөрчилж хасах, оронд нь Иргэний хуулиар болон хэвлэл мэдээллийн салбар өөрийн зохицуулалтаар, дотооддоо үүсэх асуудлыг шийдэх нь зүйтэй” гэж үзэж байгаа аж.
Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “Сэтгүүлчийн үйл ажиллагааг сэтгүүл зүйн салбарын талаар ямар ч ойлголт байхгүй цагдаагийн албан хаагч хянаж, шийдэн торгож байна. Гэхдээ бидний зүгээс гаргаж буй энэхүү зөвлөмжийг мэргэжлийн хууль хяналтын байгууллага шууд хүлээж аван, хэрэгжүүлнэ гэдэгт чин үнэнийг хэлэхэд итгэхгүй байна. Гэвч бид өөрсдийн үндэслэл, шаардлага, хэрэгцээг илэрхийлэх ёстой” гэв.
Энэ үеэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Зөрчлийн хууль нь сэтгүүлчдэд хэрхэн нөлөөлөөд байгаа юм бэ?
-Зөрчлийн хууль нь нийгэмд маш их алдаа, завхралыг бий болгож, олон зүйл дээр энэхүү хуулийг буруу гэдгийг нотлон харуулж байгаа. Тиймээс энэ хуулийн бидэнд хамаарах хэсгийг өөрчлүүлэх хэрэгтэй байна. Ердөөсөө Зөрчлийн хууль нь хэвлэл мэдээллийнхний суурь асуудал болчихоод байгаа. Хэвлэлийн хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүл зүйн хөгжлийн асуудал, салбарын өөрийн зохицуулалтын байгууллагыг хамгаалж үлдэх зэрэг маш олон асуудал, эрх ашиг энэ цэг дээр ирээд гацчихаад байна. Үүнийг цаашаа хэрхэн залахаас салбарын хөгжил, суурь яригдана. Гүтгэх, доромжлох гэдэг асуудлыг шийдэхдээ хэвлэл мэдээллийн зөвлөлийн асуудлыг суурь болгож ярих ёстой. Энэ нь бидний асуудлыг эрүү, иргэн, зөрчлийн хуулиар шийдэх бус сэтгүүл зүйн салбарт өөрт нь үлдээж болох юм гэдэг чиглэлийг баримтлуулах юм. Түүнээс биш бид чонын амнаас гараад барын аманд орно гэдэг шиг, Эрүүгийн хуулиар бидний асуудлыг шийдээд байгаагийн төлөө 10 жил тэмцчихээд дараад нь Зөрчлийн хуулиар шийдэгддэг болж болохгүй. Энэ нь эдийн засгаар дарамталдаг, шүүхгүйгээр цааз сонсгодог илүү том мангастай тулгаруулснаас ялгаагүй. Тэгэхээр энэ асуудлыг Иргэний хууль руу оруулчихдаг. Гэтэл Иргэний хуулиар ТВ8 телевиз 100 сая төгрөгөөр торгуулчихсан. Одоо энэ өр нь нэхэгдээд байгаа. Яг ийм нөхцөлд орох тул хуулийн зүйл заалтаа зөв болгох тал дээр чамбай хандахгүй бол болохгүй байна.
-Сэтгүүлчдийн хувьд гүтгэж доромжлохгүйгээр бичиж болдоггүй юм уу. Эсвэл ёс зүйн зөрчлөөсөө болоод торгуульд өртөөд байна уу?
-Мэдээж, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахдаа сэтгүүлч бусдыг гүтгэж, доромжилж, гутааж болохгүй. Үүнийг сэтгүүл зүйн салбарынхан бүгд мэднэ. Гэхдээ алдаа гарч байгааг үгүйсгэхгүй. Тиймээс хуулийн дагуу тодорхой хариуцлагаа хүлээх л ёстой. Гэхдээ шийтгэх гэж байна гээд сэтгүүлчийг шууд хоёр саяар, хэвлэл мэдээллийн байгууллагыг нь 20 сая төгрөгөөр торгоод байна. Үүний цаана алдаа гарч байгаа. Бид зөвхөн сэтгүүлчдээ өмөөрөөд байгаа юм биш. Гэвч, үнэндээ хүссэн улстөрч, бизнесмэн, байгууллага нь чи намайг гүтгэсэн гэдэг үндэслэлээр сэтгүүлчийг эдийн засгийн аргаар боомилж, дууг нь хураах гэсэн үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм байдалд орж, торгуулж байгааг бид мэдэж байгаа. Сэтгүүлчийг хоёр удаа Зөрчлийн хуулийн дагуу торгоход хагас жилийн цалингаа алдах хэмжээнд хүрдэг бол хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр нэг л удаа торгоход багахан шиг бүрэлдэхүүнтэй редакц хаалга барихад хүрдэг. Сонгууль ойртох тусам энэ асуудал улам аймшигтай болно. Тиймээс мэдэх эрхийнхээ төлөө үүнийг яг одоо л шийдэх хэрэгтэй.
-Таны бодлоор гүтгэх гэсэн заалтыг Зөрчлийн хуулиас авчихлаа гэж бодоход өөрөөр яаж шийдэх боломж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын салбар энэ асуудлыг шийдвэрлээд явах боломж бий. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр дамжуулан сэтгүүлчийн гаргасан алдаа, ёс зүйн зөрчлийг нь зөвөөр шийдэж болно. Заавал үүнийг Эрүүгийн эсвэл Зөрчил, Иргэний хуулиар шийдвэрлэх ёсгүй. Иргэний хуульд бусдын нэр хүндийг гутаах юм бол гэсэн зүйл заалт бий. Энэ нь өнөөдрийг хүртэл хэрэгжээд л явж байгаа. Тэгэхээр бид өөрсдөө санаачлан “гүтгэх, доромжлох” гэдэг үгийг энэ хууль руу хийх санаачилгыг гаргаж болохгүй. Мөн Эрүүгийн хууль руу үүнийг буцааж оруулахаар бол хатуу тэмцэл хийх хэрэгтэй.
-Өөрийн зохицуулалтаараа явахаар ёс зүйгүй сэтгүүлч алдаа гаргаад байвал яах вэ?
-Чөлөөт хэвлэл өндөр хөгжсөн орнуудад ёс зүйн зарчмаа сахихгүй байгаа сэтгүүлчид зах зээлийн зарчмаараа нэр хүндээ алдаж, салбараасаа аажмаар шахагддаг. Хэрэв сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ баримтлахгүй байгаа нь хэвлэл мэдээллийн зөвлөлөөр тогтоогдох юм бол тэр сэтгүүлчийн бичсэн, нийтэлсэн зүйлд хүн итгэхгүй болж, олон нийт бичсэн зүйлийг нь хүлээж авахгүй. Энэ зүйл нь сэтгүүлч хүнд ногдуулж буй хамгийн том шийтгэл. Үүнийг яагаад заавал хууль, эрүүгийн зарчмаар шийдэх ёстой гэж. Сэтгүүлчдийг хийсэн ажлынх нь төлөө яллах бус зөв зарчмаар ёс зүй рүү нь хөтлөх хэрэгтэй байна.
-Сэтгүүлчид шийтгүүлэн санхүүгийн дарамтад ороод ирэхээр энэ салбарын төлөөлөл болох танд ямар бодол төрж байна вэ?
-Албан байгууллагаа 20 сая төгрөгөөр торгуулахгүйн төлөө хувь сэтгүүлч өмнүүр нь орж хоёр сая төгрөгөөр торгуульж байна. Тэгэхээр хувь сэтгүүлчийн нэр хүнд, халдашгүй дархан байдал, мэргэжлийн онцлог болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ асуудал дээр хатуу байр суурьтай байхгүй, жаахан хугацаа алдах л юм бол сэтгүүл зүйн салбар буруу зүг рүү явах гээд байна. Гэхдээ сэтгүүлч баримтгүйгээр нийтэлж, нотлохгүйгээр хүн шүүмжилж болохгүй.
З.МӨНХСУВД