Categories
мэдээ нийгэм

Х.Хос-Эрдэнэ: Оюу толгойн баяжмалын эрдсийг олон улсын стандартын дагуу тодорхойлж байна DNN.mn

Оюу толгойгоос олборлосон баяжмал дахь эрдсийн агууламжийг хөндлөнгийн шинжээчдийн баг давхар хянаж, судалдаг юм байна. “Алс глобал” лабораторийн Оюу толгой дахь салбарын менежер Х.Хос-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.


-Танай лаборатори ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Оюу толгойн уурхайд хөндлөнгийн шинжилгээг гүйцэтгэх зорилготойгоор 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Оюу толгойн хувьд зөвхөн өөрийнхөө лабораторийн шинжилгээгээр баталгаажуулалт хийгээд байвал ямар нэгэн хөндлөнгийн хяналтгүй үйл ажиллагаа явуулж, доголдох магадлалтай. Тиймээс хөндлөнгийн хяналт заавал байх ёстой гэж үзсэний үндсэн дээр манай лаборатори энэ уурхайд үйл ажиллагаа явуулдаг.

-Хөндлөнгийн хяналт гэдгээ дэлгэрүүлж тайлбарлаач?

-Аль болох олон тооны лабораториор тухайн дээжид шинжилгээ хийлгүүлээд гарсан үр дүнгүүдээ хооронд нь тулгалт хийхийг хэлж байгаа юм. Жишээлбэл, үнэт металлуудад голчилно л доо. Үүнээс гадна хорт металлууд гэж байна. Ер нь дараагийн шатны хайлуулалтын процесст төвөг болдог элементүүдийг тодорхой хэмжээнд барьж байх ёстой. Тэр элементүүд тухайн зөвшөөрөгдсөн хязгаараас давахгүй байх учиртай юм. Үндсэндээ ийм хяналт тавьдаг. Тодруулбал, баяжуулах үйлдвэрээс ил болон далд уурхайгаас гадна менталлургийн туршилт гүцэтгэдэг лабораториос мөн Оюу толгойн гадагшаа экспортод гарч байгаа баяжмалын дээжид үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Энгийнээр тайлбарлавал тухайн дээжид алт, зэс хэдэн хувийн агуулгатай байгааг тодорхойлно. Манай тодорхойлсон үр дүнг гадны лабораториуд руу явуулж, Оюу толгойг харилцан хянах байдлаар үйл ажиллагаа явуулдаг.

-Ингэхэд танай лаборатори хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг юм бэ. Ковидын оргил үед яаж ажиллав?

-Манайх гурван ээлжээр ажилладаг. Нэг ээлж маань есөн хүний бүрэлдэхүүнтэй. Хоёр менежертэйгээ нийлээд 29 хүн тогтмол ажиллаж байна. Ковидын нөхцөл байдлаас хамаараад багагүй зүйл өрнөлөө. Ид оргил үед Улаанбаатар дахь төв салбараас нэмэлт хүч тухай бүрт нь татаж авчраад ковидын хүнд үеийг амжилттай давж гарч чадсан.

Жишээлбэл, хүний нөөц дутмаг байсан бол нэг ээлжийн есөн хүний гурав нь ковид тусахад үйл ажиллагаанд маань бэрхшээл тулгарах эрсдэлтэй. Энэ хүнд нөхцөл байдалд зөв зохион байгуулалттай ажилласнаар Оюу толгойд үйл ажиллагаа явуулж байгаа хөндлөнгийн лабораторийн хувьд ямар нэгэн доголдол үүсээгүй. Нэг ч цаг, минут үүдээ барилгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар өнөөг хүрлээ.

-“Алс глобал” лаборатори олон улсын стандартаар үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн олон оронд салбартай гэж сонссон…?

-Австралиас гаралтай “Алс групп”-ийн маань төв оффис Канадын Ванкувер хотод байрладаг. Дэлхий дахинд 350 орчим салбартай. Жилд арав орчим лаборатори шинээр байгуулагддаг. Дэлхийн хэмжээнд хийгддэг нийт геохимийн судалгаа шинжилгээний 50-иас дээш хувийг дангаараа гүйцэтгэдэг.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *