Categories
мэдээ соёл-урлаг

Х.Эрхэмбаяр: Оюун санааны эрэлд мордсон хүн бүхэн энэ жүжгийг үзээсэй

Түүхч, бичгийн хүн “Чоно багш” хэмээгдэх Х.Эрхэмбаяртай ярилцлаа.


-APPLE компанийг үндэслэгч Стив Жобсын талаар мэдэхгүй хүн ховор болов уу. Энэ хүний тухай манайд анхлан оюун санааны монодрам толилуулах гэж байгаа нь содон онцгой санагдлаа. Ийм сэдэл, санаа анх хэрхэн төрөв?

-Тийм ээ, Жобсыг дэлхий ертөнцөөрөө андахгүй. Яг үнэндээ би, Жобсоор өвчилсөн хүн. Энэ өвчиндөө ч дуртай. Өвчлөхөөс ч аргагүй. “Жобс хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөн. Хэрэв Жобс APPLE-дээ эргэж ирээгүй бол, бид урьдын уйтгарт нэгэн хэвийн амьдралдаа хэвээр байх байсан юм” гэж, Америкийн шинжээчид дүгнэсэн байдаг юм. Жобсын өөрийнх нь ертөнцийг үзэх үзэл, амьдралын философи нь маш онцлог. Тэрбээр, “хүн сүргийн” хашигдмал сэтгэлгээг задлан, хувь хүн нэг бүрийн эрх чөлөөг тунхаглана хэмээн, өөрийн амь амьдралаа зориулсан хүн. Эрдэм мэдлэгийн цар хүрээг чухалчлан гэгээрэл нирваан, бурханы эрэлд хатаж явсан нэгэн. Энэ бүхнээс нь үүдэн, Жобсын дотоод ертөнц дөх зөрчил, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл лүү нь ийнхүү өнгийж харах гэсэн оролдлогоос, энэхүү жүжиг маань бүтсэн хэрэг.

-Жобсын дотоод ертөнц рүү өнгийж харснаараа, өнөөдрийн нийгэм юуг олж үзэх бол гэдэг сонин санагдаж байна?

-Яг зөв. Бид энэ жүжгээрээ Жобсын алхаа гишгээ, авир төрхийг дуурайн жүжиглэх гэхээсээ, Жобсын амьдралын философи, оюун санааны зөрчил гээд энэ хүний дотоод мөн чанарын тэр төсөөллийг л хүмүүст хүргэх гээд байгаа юм. Чухамдаа үзэгчид маань Стив Жобсын тухай монодрамыг үзэж байгаа ч, яг үнэндээ бол Жобсоос өөрийгөө олж харцгаах юм. Тиймээс л, монодрамын хэлбэрээр зохиолоо бичсэн хэрэг. Амьдралын их ээдрээг Жобс дээрээ төвлөрөн хөөвөл амттай санагдсан. Энэ хэмээр жүжигчнээс маань ихээхэн ур чадвар шаардаж таараа. Ер нь тэгээд бүтээхийн зовлон их байх тусмаа л амттай байдаг юм даа. Магадгүй монгол хүний мартагдсан тэр ой санамжийг энэ жүжиг харуулж ч мэднэ шүү. Хүндээр тусгаж аваад байхын хэрэггүй. Тархи оюун нь “хогийн сав” болчихсон шахуу өнөөгийн нийгмийн, давчидсан цөөнх болох тэр мэдлэг оюунаар хооллогч хүмүүст энэ жүжиг маань зориулагдсан. Жүжиг маань хэдийгээр монодрам ч, моно дотор стеоро дуугарч байгааг анзаарцгаагаарай.

-Та жүжигчнээ хэрхэн сонгосон бэ?

-Дүр дээрээ сонгон шалгаруулж, сүйд болсонгүй. Гэхдээ миний дотор ёолоод байгаа тэр сэрэл мэдрэмжийг үзэгчдэд хүргэчихэж чадах юм байна гэж би, жүжигчиндээ итгэсэн байгаа.

-Манайд монодрам хэд хэдэн удаа тавигдаж байсан. Монодрамыг хүлээж авах, ойлгоход үзэгчид хэр бэлэн байдаг вэ?

-Бэлэн байлгүй яахав. Цусанд нь байгаа ойлголт шүү дээ. Монгол ардын үлгэр ярих, тууль хайлах, бүүвэйн дуу нар чинь монодрам л шүү дээ. Монодрам гэдэг чинь миний ч, таны ч амьдрал. Тэгэхдээ энд нэг зүйлийг хөндөх ёстой. Монодрамын талаар тогтсон хэвшмэл ойлголтыг эргэн хармаар. Моно дотор стерео, стерео дотор моно дуугардгийг санаж сэрмээр ч юм шиг.

-Та “Цэнхэрлэн харагдах” хэмээх туульсын роман, “Мөнгө ярьж харин төр сонсдог”, “Хүннүгийн тухай өгүүлэх нь”, “SOS: CHI­NAGIS KHAAN”, “Монгол Алтай соёл”, “Хөх Монгол Танаа улихану” зэрэг түүх, нийгэм, эрдэм соёлын олон ном бичиж хэвлүүлсэн. “Галайхан” хөөмэйн анхны дуурийн зохиолыг бичиж найрууллаа. Одоо “Стив Жобс” жүжгээ бичин, найруулж байна. Танд уран бүтээлийн төлөвлөлт гэж байдаг уу?

-Баруунд ХХ зууны жар, далаад онд хүчээ авч эхэлсэн “ирээдүйчлэл” гэж нэг ойлголт байдаг. Ирээдүйн дүр төрхийг тоймлон, түүн лүү хүмүүсийн оюун санааг чиглүүлэх гэсэн санаа л даа. Би бол энэ ай савын хүн. Эрэл хайгуул, бүтээл туурвил маань ч ийм. Оюуныг талхнаас хямд үнэлэх болсон өнөө цаг үед, “хар массын” сэтгэхүйд хөтлөгдөж дөрлөгдсөн кино, жүжиг, ном хийгээд л байвал хүмүүс хог новшоор хооллоцгоосон хэвээр л байна. Чин үнэнийг хэлэхэд, мэдлэг оюунаар ангаж цангаж байгаа тэр хүмүүст зориулж уран бүтээл хийх цаг нь ирсэн.

-Магадгүй нэг талаас манайд, компани удирдан зохион байгуулаад явж байгаа захирлууд ч, энэ жүжигнээс сонин зүйлийг олж харах болов уу?

-Яасан сайхан асуулт вэ. Стив Жобс өөрийн байгуулсан APPLE-ээсээ хөөгдөж, 11 жилийн дараа APPLE-дээ уригдан эргэж ирэхэд нь “Алдагдсан 11 жил арай гэж юм дууслаа. Жобс APPLE-дээ эргэн ирлээ. Одоо Америкийн эдийн засаг аврагдан сэргэх нь” хэмээн, Америкийн томоохон хэвлэлүүдэд онцлон тэмдэглэж байсан байдаг. Биширмээр байгаа биз. Асуудал үзэл санаандаа байгаа юм. Хүмүүсийг илүү сайхан ирээдүйн төлөө урам зоригтой амьдруулах гэсэн, илүү төгс төгөлдөр технологийг бүтээх гэсэн Жобсын нэхэл хатуу үзэл санаанд нь байгаа юм. Ингэж байж хөгжлийн чиг баримжаа тодорхой болж байгаа юм. Үндэсний компаниудад маань, Жобсоос, түүний APPLE-ээс суралцах юм маш их бий.

-Таныг “Галайхан” хөөмэйн дуурийг зохиож, найруулсны чинь хувьд сонирхоход Монголын хөөмэйн урлаг ямар түвшинд яваа вэ?

-Сайн дурын уран сайханчдын түвшинд явсан хөөмэйг “Галайхан” дуурилга маань, мэргэжлийн өндөр түвшинд аваачсан. Хөөмэйг нотжуулан, хөөмэйн ур чадварын доод дээд өнгийг үлгэрлэн дуугаргаж, сургалт судалгааны эргэлтэд оруулсан. Би ингэж дүгнэж байгаа юм биш шүү, хөгжмийн судлаачид докторууд нь тэгж дүгнэсэн юм.

Б.НОМИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *