Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Эрдэнэбулган: Боомтуудыг сэргээснээр 2030 он гэхэд 20 тэрбум ам.долларын экспорт хийдэг болно DNN.mn

Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Эрдэнэбулгантай боомтын сэргэлтийн тухай ярилцлаа.


-Ковидоос үүдэлтэй хил гаалийн боомилолтын үр дагавраар хилийн боомтын сэргэлт зүй ёсоор тавигдах болсон. Засгийн газар ч онцгойлон анхаарч байна.

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд болон түүн дээр нэмж 90 гаруй төсөл арга хэмжээ төлөвлөсний 40 орчим хувийг боомтын сэргэлт дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Боомтын тухай ярихаар, нэгд, боомтын үндсэн байгууламж, нэвтрэх хүчин чадал гэж бий. Хоёрт, боомтууд руу хүрч байгаа авто болон төмөр замын дэд бүтцийн тухай хөндөгддөг. Одоогийн байдлаар Алтанбулаг болон Замын-Үүдийн хилийн боомт авто зам, төмөр замаар холбогдсон. Булган болон Бургастайн боомтоос бусад нь шороон замаар холбогддог. Дэд бүтцийн асуудал нь тээвэрлэлтийн хугацаанд, одоогийн барилга байгууламжууд нь жижиг болохоор нэвтрэх хүчин чадалд маш их нөлөөлдөг.

Тэгэхээр боомтын үндсэн барилга байгууламж, гаалийн тоног төхөөрөмжийг сайжруулах гээд боомт доторх дэд бүтцийг сайжруулах нь маш чухал асуудал болоод байна. Боомтын үндсэн барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулахаас гадна авто болон төмөр замыг давхар төлөвлөхөөс аргагүй. Ингэж байж үндсэн сүлжээндээ холбогдож, бараа бүтээгдэхүүний урсгалыг нэмэгдүүлэх, тээврийг тасралтгүй явуулах нөхцөл бүрдэнэ шүү дээ.

-Манай улсын 42 боомтоос гурав нь л төмөр замтай. Бусад боомтуудыг төмөр замаар холбох асуудал маш чухал байна. Төмөр замаар холбох шинэ боомтуудыг та нэрлэхгүй юү?

-Хөрш улсуудтай хилийн боомтын талаар байгуулсан гэрээ хэлэлцээр байдаг. ОХУ-тай одоогийн байдлаар хүчин төгөлдөр 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор холбогдсон гэрээ хэлэлцээтэй. Эдгээрээс ОХУ-тай хиллэдэг Сүхбаатар боомт төмөр замтай. Эрээнцавын хилийн боомт төмөр замтай хэдий ч сайжруулах шаардлагатай. БНХАУ-тай Замын-Үүдийн боомт төмөр замаар холбогдож байгаа.

Шинээр Бичигтийн боомтыг төмөр замтай холбох асуудал яригдаж байгаа. Шивээхүрэн-Сэхээ, Гашуун сухайтыг төмөр замтай болгох төлөвлөгөөтэйгөөр хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээ батлагдсан.

-Хамгийн ойрхондоо хэзээ төмөр замын шинэ боомтоор ачаа бараа нэвтрүүлэх бол?

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажил хугацаа шаарддаг. Тодорхой тооцоо судалгааны ажлууд хийгдэж, ТЭЗҮ боловсруулна, хөрөнгө оруулалт татна гээд явна.Жишээлбэл, концессын ажил нь эхэлчихсэн байгаа Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг дунджаар хагас жилийн дараа гэхэд ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Цаашлаад Гашуунсухайт болон Шивээхүрэн чиглэлийн төмөр зам бий. Энд боомтын бүтээн байгуулалтт давхар хийгдэж байгаа.

-Эрээнд ковид гарч, хил дахин хаагдсан. БНХАУ-аас ачаа барааг Булган, Бургастайн боомтоор оруулж байгаа дуулдах болсон. Эрээнээс өөр боомт дээр боломж байгаа байх нь ээ?

-БНХАУ-аас ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг Ховд аймгийн Булганы боомтоор татаж авчирч байгаа тохиолдлууд байна. Зарим нь Говь-Алтай аймаг дахь Бургастайн хилийн боомтоор ч татаж байна. Булган, Бургастай хоёр бол авто замаар холбогдсон болохоор ашиглахад харьцангуй боломжтой.

Манай яамнаас бусад донор байгууллагуудын тусламжтайгаар зарим хилийн боомтыг өргөтгөх саналыг боловсруулаад байгаа. Үүний нэг нь, Булганы хилийн боомтыг өргөтгөх төслийн саналыг Азийн хөгжлийн банкинд удахгүй тавина. Мөн Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтыг барих асуудлыг төлөвлөөд явж байна.

-Булган, Бургастайн боомтыг байнгын ажиллагаатай болгоход ямар асуудал байгаа юм бэ?

-Сая болж өнгөрсөн Эдийн засгийн форумын үеэр маш олон аж ахуйн нэгжийн төлөөллүүд саналаа хэлж байсан. Тэд “Эдгээр боомтуудыг олон улсын зэрэглэлтэй болгоод өгчихвөл заавал Замын-Үүдээр бараагаа чихэхгүйгээр Тяньжины боомтоос шууд Булганы, Шивээ хүрэнгийн боомт руу татдаг болгомоор байна” гэцгээж байсан.

Мэдээж ингэж ашиглалтад оруулахын тулд боомтын барилга байгууламж, дэд бүтэц, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах ёстой. Дээр нь авто болон төмөр зам нь орчих юм бол хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэл рүү шилжүүлэх бүрэн боломжтой.

-Сайн мэдээ байх чинь. Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Цагаандэл уул боомт дээр ямар шийдэл гарч байна вэ?

-Цагаандэл уул боомт бол экспорт, импортын хувьд нэлээд чухал байр суурь эзлэх байршилтай боомт. Уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргах болон бусад бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэх боломжтой гэж тодорхойлогдчихсон. Хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгээд энэ боомтыг хөгжүүлэх нь зүйтэй гээд шийдвэрлэчихсэн байгаа. Гэвч авто замын бүтээн байгуулалтын ажлын явцад орон нутгийн иргэдтэй үл ойлголцол үүсч боомтын үйл ажиллагааг түр зогсоох, дахиж асуудлыг судлах шийдвэр гарсан. ГХЯ, ЗТХЯ, ЭЗХЯ-наас ажлын хэсэг гараад ажиллах байх.

Мэдээж эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай учир авто замын болон боомтын бүтээн байгуулалтын ажил үргэлжлэх байх. Хамгийн гол нь энэ боомтыг ашигласнаар орон нутгийн иргэдэд болон Монгол Улсын эдийн засагт ямар ач холбогдолтой вэ гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Манайд нэг дутдагдалтай тал байдаг нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ нөлөөлөлд өртөж байгаа хүмүүст зөв ойлголт өгдөггүй. Мэдээлэл дутмагаас болж ийм асуудал үүсдэг.

-Төмөр замын боомтын талаар нэлээд ярилаа. Тэгвэл авто зам, агаарын тээвэр дээр ямар шинэчлэлт хийгдэхээр байна вэ?

-Боомтын сэргэлтийн хүрээнд агаарын замын либералчлалын асуудал орж ирж байгаа. Ингэхийн тулд хэд хэдэн аймгийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэл рүү зэрэглэл ахиулах төсөл хэрэгжинэ. Жишээ нь, Ховд аймгийн Ховд нисэх онгоцны буудал, Дорнод аймгийн Дорнодын нисэх онгоцны буудал, Хөвсгөл аймгийн Мөрөнгийн нисэх онгоцны буудлыг олон улсын зэрэглэл рүү шилжүүлэхээр шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан.

Эдгээр нисэх буудлууд олон улсын зэрэглэлтэй болсноор олон улсын хэмжээний нисэх онгоцыг шууд тухайн бүс нутгийн онгоцны буудал дээр хүлээж авах хүчин чадалтай болно. Цаашдаа энэ нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэх бодлоготой шууд уялдаж байгаа. Харин авто замын тухайд ихэнх хилийн боомтууд шороон замтай. Шаардлагатай тохиолдолд нүүрс тээврийн замыг хүнд даацын авто зам руу шилжүүлснээр байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах юм. Дээрээс нь аваар ослыг бууруулж, тээвэр логистикийн сүлжээг сайжруулах, нэвтрэн өнгөрөх хугацааг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

-Боомтууд ингэж сэргэж чадвал эдийн засагт ямар үр өгөөж өгөх вэ. Та бүхэн тооцоолол гаргасан байх?

-Боомтын сэргэлтийн хүрээнд боомтын хүчин чадал одоогийн байгаа түвшнээс гурав дахин нэмэгдэнэ. Мөн үндэсний төмөр замын сүлжээ 2-3 дахин нэмэгдэхээр байгаа. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа агаарын боомтуудаа 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол байна.Дээр нь боомтуудыг холбосон 3000 км орчим авто замын бүтээн байгуулалт бий болно. Замын-Үүдээс Алтанбулаг чиглэлийн хурдны 987 км авто зам байгаа.

Энэ бүхний эцэст экспорт 2024 он хүртэл 14 орчим тэрбум ам.доллар, цаашлаад 2028 он хүртэл 17 тэрбум ам.доллар, 2030 он гэхэд 20 тэрбум орчим ам.долларын экспорт хийх тооцоо гарсан. Ойрын 10 жилд Монгол Улсын эдийн засаг энэ хэмжээгээр сайжирна гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *