Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Буянжаргал: Уул, уурхайн салбарынхан ажил хаялт зарлахад бэлэн

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргалтай ярилцлаа.

-Хувь хүний орлогын албан татварыг нэмсэн. Харин танай эвлэлийн холбооноос энэхүү татварын нэмэгдэлд гэр бүлээсээ хол, хүнд хүчир ажил эрхэлдэг уурхайчид хамгийн их өртөж байна гэж эсэргүүцээд байгаа. Энэ тухайд?

-Манай эвлэлийн холбоо нийтдээ уул уурхайн салбарын 47 мянга, эрчим хүчний 17 мянган гишүүд, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг. Эдгээр хүмүүсийн төлөө бид дуугарч байна. Учир нь ОУВС-тай Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээр хийснээр долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон. Энэ нь ч нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжээд эхэллээ. Бидний харж байгаагаар Засгийн газар байгаа онохгүй байна. Татварын нэмэгдэлд багтаж байгаа хамрах хүрээг зөв тодорхойлох ёстой. Манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа 1,4 сая хүн байдаг. Энэ хүмүүсийнхээ нуруун дээр л улам их ачаа үүрүүлээд байна шүү дээ. Тэр дундаа уул уурхайн салбарынхан хамгийн ихээр өртөж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, экспортын 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхай. Тиймээс энэ чухал салбарынхаа хүмүүст улам их ачааг битгий үүрүүлээч ээ. Тэднээс өөр татвар төлөхгүй хүмүүс маш их байгаа шүү дээ.

Дээрээс нь МАН ард түмэнд амласан амлалтдаа хүрэхгүй байна. Улс төржиж байгаа юм биш шүү. Үйлдвэрчний эвлэл бол хөдөлмөрлөх эрх ашгаараа эвлэлдэн нэгдсэн байгууллага. Түүнээс улс төрийн үзэл бодлоороо нэгддэггүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ нэг ч татвар нэмэхгүй учраас биднийг сонгоочээ гэж гарч ирсэн хэрнээ жилийн дараа гэхэд татвар нэмлээ. Ийм зүйл байж болохгүй. Тиймээс сонгогчдод хүндэтгэлтэй хандаачээ гэж МАН-ын намын гишүүдээс хүсэж байна.

-Эрчим хүч, уул уурхайн хичнээн мянган ажилчид шинээр батлагдсан татварын нэмэгдэлд хамрагдахаар байгаа вэ?

-Манай уул уурхайн салбарынхан хүнд, хортой, халуун, газрын дор ажилладаг. Эдгээр ажилчдын 80 хувь нь буюу 37200-аад хүн дээрх татварын хуулинд хамрагдах гэж байна. Эрчим хүчний салбараас гэхэд долоон мянга гаруй нь хамрагдана. 50 шахуу мянган хүний ард гэр бүлийнхэн нь гэж 200-аад мянган хүн бий. Уурхайчид олон хоног, сараар гэртээ харихгүйгээр ажилладаг. Тиймээс гэр бүлийнх нь хүн ажил хийхгүйгээр үр хүүхдээ харж ханддаг юм. Тэгэхээр уурхайчны цалингаар л тухайн гэр бүл амьдардаг гэсэн үг. Гэтэл төр маань эдгээр хүмүүсийг баячуудын тоонд оруулж үзэх нь дундаж давхаргыг үгүй хийх гэсэн бодлого гэж бид харж байгаа.

Түүнчлэн зөвхөн татварыг нэмээд зогсохгүй хүнд нөхцөлд ажилладаг дээрх ажилчдын тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн. Монгол хүн 13-20 жил тэтгэвэр авдаг. Гэтэл эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажиллагсад гурваас долоон жил тэтгэвэр аваад л ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг гэх судалгаа бий. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр манай салбарын ажилчид маш их өвчилж байна. Уул, уурхайн нүүрсний салбарт ажиллагсдын 35, өнгөт металл буюу алт, зэсний салбарын 23, эрчим хүчний салбарын 14 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөр өвдөж, шаналдаг. Ийм эрсдэлтэй нөхцөлд хөдөлмөрлөж, хөдөлмөрлөчихөөд олсон хэдэн төгрөгнөөсөө илүү татвар төлөх нь шударга ёсонд нийцэхгүй. Монгол Улс хүнлэг ардчилсан нийгэм байгуулах гэж байгаа юм бол энэ хүмүүсийг яагаад бодож болохгүй гэж. Бид ард иргэдээ өөд нь татах биш ардаас нь чангаадаг төртэй байхыг хүсэхгүй байна.

-Одоогоор Засгийн газар болоод Улсын их хуралд ямар шаардлага хүргүүлээд байгаа вэ?

-Бид Засгийн газар болон УИХ-д яаралтай хэлэлцээр хийе гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Бидний хүсэлтийг хүлээн авч гаргасан шийдвэрээ өөрчлөөсэй гэж олон мянган хүн хүсэж байна. Нам ч бай, хувь хүн ч бай соёлтойгоор гаргасан алдаагаа засах хэрэгтэй. Сонгогчдоосоо уучлал хүсэх ч ёстой гэж бодож байна. Алддаггүй хүн байдаггүй. Харин гаргасан алдаагаа засаж чадна гэдэг соёлт хүнд байх ёстой мөн чанар гэж ойлгодог.

-Шаардлагыг тань хүлээж аваагүй тохиолдолд яах вэ?

-Бид цаашдаа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулинд заагдсан хэмжээнд ажиллана. Одоогоор гишүүд, хөдөлмөрчид УИХ-ын гишүүдэд өөрийн гараар захидал бичиж байна. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд энэхүү хуулийг өөрчилж өгөөчээ гэж өргөдлүүд өгч байгаа. Эхний ээлжинд Дөрөвдүгээр цахилгаан станцын 500 гаруй ажилчид өргөдлөө өгсөн гэх зэргээр бүхий л боломжит хувилбарыг бодож байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулинд хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан байдаг. Бидний харж байгаагаар энэхүү заалтыг дээрх татварын тухай хууль зөрчиж байна. Тодруулбал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж байна гэж бид үзэж байгаа юм. Тиймдээ ч Үндсэн хуулийн Цэцэд хандах тухай яригдсан. Шаардлагатай бол бид энэ хуулийг өөрчлүүлэхээр хандах болно. Ямартай ч бидний шаардлагын хариуг энэ сарын 10-ны дотор Засгийн газар ирүүлэх ёстой. Үүнийг бид хүлээж байна.

-Уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлая гэж маш их хандаж байгаа гэсэн үү?

-Өдөр болгон хэдэн зуун хүн жагсаал хийе, ажил хаялт зарлая гэж бидэнд хандаж байна. Сошиал ертөнцөөр ч тэр уул уурхайн ажилчид ямар их тэмцэл өрнүүлж байгааг та бүхэн харсан байх. Бидний зүгээс Засгийн газартай хэлэлцээрийн журмаар энэ асуудлыг шийднэ гэж тэр их ажилчдын уур бухимдлыг түр зогсоочихоод л байна. Хэрэв нааштайгаар шийдэгдэхгүй бол ажил хаялт болно. Үүнд эргэлзэх юм байхгүй. Уул, уурхайн салбарынхан ажил хаялт зарлахад бэлэн байгаа. Ажил хаялт зарласнаар ажилчид цалин хөлсөөрөө хохироод зогсохгүй Монгол Улсын эдийн засаг хохирно. Тиймээс өвлийн энэ их ачааллын үед улс орны эдийн засгийн онцгой обьектэд ажиллаж байгаа уул уурхайн салбарынхныг ажил хаялт руу битгий түлхээч ээ гэж хэлэх байна. Тиймдээ ч эдийн засаг хүнд байгаа энэ үед ярилцъя, ширээний ард сууя гэж бид саналаа хүргүүлээд байгаа юм.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *