Categories
мэдээ цаг-үе

Х.Болдбаатар: Манайх модондоо 100 хувийн баталгаа өгдөг, ургахгүй бол буцаагаад авдаг

УБТ Гарден ХХК-ийн ерөнхий захирал Х.Болдбаатартай ярилцлаа.


-Мод тарих улирал эхэлж байна. Жил бүр мод тарих өдрөөр дор бүрнээ мод тарьдаг ч арчилгаа сулаас болж эргээд ургах үр дүн хангалттай биш байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Улаанбаатар хотын нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа тулгамдсан асуудал бол агаарын болон хөрсний бохирдол бөгөөд энэ нь хүн ардын эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулж байгаа талаар хангалттай тоо баримт хэлж болно. Эдгээр асуудлуудын гол шийдэл нь мод тарих юм. Мод тарихдаа сэтгэлээ шингээж, хөрсийг нь зөв бэлтгэж, зөв суулгаж, зөв тарих хэрэгтэй. Модны ургалт байнгын арчилгаанаас хамаардаг тул жилийн дөрвөн улирлын турш модны арчилгаа явагдаж байх ёстой. Манайхан өвөлдөө замын цасыг арилгаж зайлуулахдаа зам дээр тогтсон бензин тосны хаягдал, хог, гулгаа арилгахаар цацсан давсны хүчил зэрэг химийн бодис нэвт шингэсэн цасыг замын хажуу талын зүлэг, ногоон мод руу хаячихдаг. Гэтэл эрдэс бордоо авах ёстой мод химийн гаралтай бодис авч үхэх шалтгааных нь нэг болдог. Хаврын шороон хавсаргын үе буюу газар гэсэх үед нялх мод хатгаа тусч хатдаг.

Уг нь цаг агаарын ийм нөхцөлд модыг хучиж, гадны хүчин зүйлсээс хамгаалж болдог. Хүн өвөл болохоор малгай өмсч, ороолт, амны маск зүүдэг шиг модыг хүйтэн улиралд берзинтээр хучиж хамгаалах гэх мэт олон аргуудыг хэрэглэдэг. Сүүлийн үед мод тарьж, арчилдаг нөхөрлөл, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа эрс сэргэж чадавхжиж байна. Мэргэжлийн байгууллагуудад хандаж зөвлөгөө авч, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр модыг арчилж ургуулах нь хамгийн үр дүнтэй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар жил болгон хоёр удаа мод тарих үндэсний албан ёсны өдөртэй болж, уламжлал болж хэвшсэн нь сайшаалтай. Гэхдээ одоо бүгдээрээ тарьсан модоо арчилдаг болцгоомоор байна.

-Танай компанийн бойжуулж байгаа ургах чадвараараа харьцангуй сайн гэж үнэлэгддэг бортгонд ургуулсан суулгацын давуу тал, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэхгүй юу?

-Манайх уулын модыг авчирч зардаггүй, харин модыг үрээр нь үрслүүлж тарьдаг, жилдээ сая мод тарих хүчин чадалтай мод үржүүлгийн компани гэдгээрээ бахархдаг. Дамбадаржаа дахь модлог ургамлын хүлэмжинд Канад улсын технологиор сүүлийн арваад жил мод үрээр нь тарьж байна. Ажилчид маань намар яваад үрээ түүчихдэг. Манай компани Монгол Улсад модны аж ахуйн шинэ систем нэвтрүүлэх зорилтынхоо хүрээнд туршилтын олон ажлууд явуулж байна.Үрээр тарьсан мод маань түрүүчээсээ 50 см хэртэй ургаж байна. Бортгонд үрээр нь тарьж, дараа нь талбай дээр гаргаад туршаад үзэхэд эхэндээ ургаж чадаагүй.

Швейцариас инженерүүдийг урьж зөвлөгөө авахад бортгыг шинжилж үзээд мод ургахгүй байгаа гол шалтгаан нь Хятадын чанар муутай бортого байна гэдгийг тогтоож байсан. Мод ургахын тулд байгалийн эрс тэрс уур амьсгалд тохирсон байх ёстой. Бид бортгонд үрслүүлж хүлэмжинд бойжуулсныгаа түрүүчээсээ Төв аймгийн Аргалант, Шувуун фабрик, Богд уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум гэх мэт хэд хэдэн газруудад орчинд нь гаргаж ургуулсан. Одоо маш сайхан ургаж байна. Манайх модондоо 100 хувийн баталгаа гаргаж өгдөг.

Хэрвээ ургахгүй бол эргүүлээд буцааж авдаг. Орчинд нь гаргаж ургуулсан арав, хорин см болж ургаж буй модоо ахиад сийрэгжүүлж том талбайд буюу өөрийн ургах орчинд нь гаргах хэрэгтэй болж байна. Учир нь мод байгальд гарч ургах тусам хоорондоо зайтай байх шаардлага үүсдэг. Нэг үрийг мод болгон ургуулахын тулд хэд дахин сэлгэн суулгах, арчлах нэлээд хэдэн жилийн хөдөлмөр шаардаж байгаа. Энэ бүгд Монгол орны нөхцөлд тохирсон тэсвэр сайтай мод ургуулах манай мэргэжлийн хамт олны хөдөлмөр юм. Гадны улс орнуудад тэдэн онд авах мод гэж тооцоолж системтэйгээр авдаг юм билээ. Хэрвээ төр засгаас мэргэжлийн байгууллагууд биднийг дэмжээд өгчихдөг бол 2025, 2030 он гэхэд нэг, хоёр метрээс өндөртэй моднуудыг Улаанбаатар хотод нийлүүлж эхлэх бололцоотой юм.

-Уулнаас мод авчирч тарих нь зөв юм уу, буруу юм уу?

-Улаанбаатар хот социализмын үед өнөөгийнхөөс илүү модтой байсан. Тэдгээр модыг хаанаас авчирч тарьсан бэ гэвэл уулнаас авчирсан. Үнэндээ дандаа нялх мод тариад байвал өсч өндийхийг нь хүлээх шаардлага бас гарна.Тиймээс уулнаас байгалийн тэнцвэрт байдлыг нь хадгалан зохих хэмжээний мод авчирч хотынхоо гудамжаар тарих ёстой. Мэдээж ойгоос хулгайгаар мод авах биш, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр авчирч тарих нь зөв юм. Гэхдээ ямар модыг хаанаас авах вэ гэдэг нь мэргэжлийн байгууллагын судалгаанд үндэслэсэн байх ёстой. 1990-ээд онд Монголын мод маш их шатсан. Тужийн нарс бүр байхгүй болсон. 1997 оны үед JCI, олон улсын байгууллагууд монголчуудтай хамтарч Тужийн нарсыг моджуулсан. Манай мод үржүүлгийн суурь бааз болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эвцэг гэдэг газарт модны инженерүүд модыг маш сайхан тарьсан байна. Ингэснээр ой эргээд нөхөн сэргэж чадсан. Ер нь ойд зурвас гаргаж гал түймрээс хамгаалдаг, мөн ойн цэвэрлэгээ хийх зам жим болж өгдөг. Ойг цэвэрлэж, үүнээс тодорхой хэсгийг хот руу оруулж тарьж болно.

-Манай зарим аж ахуйн нэгж модны суулгацыг ихэвчлэн Хятадаас оруулж ирж байна. Хятадаас оруулж ирсэн мод ургахгүй байна гэх гомдол байнга л ирдэг?

-ОХУ Монголын байгаль орчинтой нэлээн төстэй учир хяналтан дор ургана.Хятад улсын мод нэг, хоёр жил ургана. Тэгээд үхдэг. Яармаг хавиар тарьсан мод, ихэнх аж ахуйн нэгжүүдийн тарьсан мод үхсэн. Манай 40 градусын хүйтэн, дуу чимээ, агаар, хөрсний бохирдол, хаврын хавсаргад дөнгөж тарьсан мод уначихаж байна.Улаанбаатар хот ихэвчлэн шилмүүс модтой.Өдийд бороо орчихсон, газар чийгээ авчихсан мод угаагдсан байх ёстой гэж үздэг. Ид ургаж буй шилмүүс модны орой хэсгийг одоо үзэх юм бол шороо ихтэй, утаа шингэчихсэн байгаа нь тодорхой. Хэдэн жилийн өмнө АСЕМ зохион байгуулагдах үед манай улс модоо технологийн дагуу бороожуулж услах технологийг анх удаагаа зөв хийсэн. Модыг услахдаа үндэс рүү нь биш, бороожуулж услах нь зүйтэй юм. Мөн модыг өглөө нар мандахаас өмнө эрт услах ёстой. Орой бас усална. Өдрийн дүн халуунаар услахад чийгийг өөртөө шингээж авч чадахгүй ууршдаг, үр дүн багатай. Мод тарих, арчлах талаар яривал маш их зүйл бий.

-Тэгэхээр мод тарих, услах зөв технологийг одоо болтол бүрэн мэддэггүй гэсэн үг болж байна уу?

-Уг нь хотын захиргаанд мод шүршиж угаадаг зориулалтын арав гаруй машин бий. Даанч тэр болгон ашиглахгүй байх шиг байна. Мөн Улаанбаатар хотод модыг жигд мөлчийтөл нь тайраад хяргаад хаячихдаг. Замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио хааж байгаа модыг яах аргагүй тайрахаас биш бүгдийг нь тайрч хяргадаггүй. Улаанбаатар хотод навчтай том мод хэрэгтэй байгаа биз дээ. Модны мэдлэг байхгүй, мэргэжлийн бус хүмүүс арчилж байна. Гол нь арчилгаанд тавьж байгаа улсын төсөв мөнгө нь ч бага байна. 1960, 1970-аад оны үеэ эргээд санахаар дандаа саглагар мөчиртэй том том моднуудтай байсан. Одоо бол Элчин сайдын яамдын хашаа, зарим арчаатай хэдэн аж ахуйн нэгжийн хашаанд нов ногооноороо байж чадаж байна. ОХУ-ын ЭСЯ-ны хашаанд жимс ургачихсан байна. Япончууд “Japan Town” хорооллын зам дагуу мод тарьсан. Зургаан жилийн өмнө тарьсан модны өргөн нь бараг 20-иод см зузаантай, навч нь саглайж хүний нүдэнд тусахуйц сайхан ургачихсан байна. Төрийн ордон, хотын захиргааны өмнөх мод сайхан ургахаас биш, хотын төвд өөр нүдэнд торох мод тэр болгон харагдахгүй байна. Ингэж дарга нарт харагдах моднууд нь сайхан ургаад байдаг нь хэн тарив, хэн арчилж байна гэдгээсээ бүрэн хамаарч байгааг харуулна. Ер нь хотыг сайхан ногооруулж зүлэгжүүлье гэвэл гудамжнуудаа хуваарилаад тарьж чаддагт нь хариуцуулчих хэрэгтэй.

-Манайхны мод тариад ургахгүй байгаа алдааны нэг нь анхны суулгац нь маш нарийхан, эсвэл их олон жилийн дараа үр дүнгээ өгөх суулгацыг сонгочихдог гэдэг үнэн үү?

-Бойжуулалт хийлгүйгээр гаднаас авчирсан манай уур амьсгалд тэр болгон тохирохгүй, эсвэл уулнаас авчирсан суулгацыг тарьж арчилгаа муутайгаас болоод тэр болгон ургаж чадахгүй нь байгаа нь үнэн. Одоо бид Туул голыг бургасжуулах аян тун удахгүй зарлах гэж байна. Улаанбаатар хотын иргэд та бүхэн Туул голоо аврахад хувь нэмэрээ оруулж мод тариарай, Туул нэртэй хүмүүс мод тариач ээ гэж уриалж байгаа. Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөн дор гэр бүлээрээ мод тарьж, өөрсдийнхөө нэрээр паспорттай байлгаж, эргээд байнга тордож арчилж байгаач гэсэн хүсэлтийг иргэддээ тавьж байгаа.

-Мод тарих хүсэлтэй хүмүүс олон бий. Гэхдээ хаана очиж, яаж тарих вэ гэдгээ тэр болгон сайн мэддэггүй. Эдгээр хүмүүст хэлэх зөвлөгөө танд байна уу?

-Яг одоо гэхэд манайх Туул голоо бургасжуулж моджуулахаар Байгаль орчны яаманд албан ёсны хүсэлтээ тавьчихсан байгаа. Туул голын урсац анхнаасаа яагаад татрах болсон бэ гэвэл усны эхийг нь тогтоож барьдаг байсан эх булаг болох Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймагт бүтээн байгуулалт хийхээр болж тэнд байсан бүх модыг нь тайраад хаячихсанаас үүдэлтэй. Ямартаа ч бид тэнд нөхөн сэргээлтийг хийснээр эхнээсээ сайхан ургаж байна. Туул голын эргийн дагуу бөөрөлзгөнө, долоогоно, үрэл, монос тарьцгаая. Туул голоо моджуулахад иргэд сайн дураараа оролцож болно. Мэргэжлийн байгууллагын бид усалгааны машин, бордоо, суулгац, тарих нүхээ хүртэл ухаад бэлдчихье. Тэдний гэр бүл тарилаа гээд пайзжуулаад өгье. Долоо хоногт өөрсдийн тарьсан модоо ус барьж ирээд услаад явж байна. Хэрхэн, яаж арчилж ургуулах зөвлөгөөг нь өгч, мэргэжлийн байгууллагууд тэнд байрлаж байж болно. Ингэж хамтын хүчээр Туул голоо бүгдээрээ сэргээж, моджуулж чадна. Үүнд төрөөс бодлогоор багахан дэмжлэг өгчих хэрэгтэй.

-Улаанбаатар хотыг моджуулахын тулд хаана, ямар мод тарьж болохыг нь хотын захиргаанаас олон нийтэд хандан зарлачихвал иргэд сайн дураараа оролцох нь улам нээлттэй болох юм биш үү?

-Улаанбаатар хотын хаана ч арчилгаа байвал мод сайхан ургаж чадна. Хүмүүсийг буян бодож суварга босгохынхоо оронд 108 мод тариач гэж уриалдаг. Талийгаачийг нутаглуулах буяны ажилд оролцож буй хүмүүс мод тарьж буян хийж болно. Ууланд алхдаг хүмүүсийг мод тарихыг уриалж байгаа. Их тэнгэрийн зүүн аман дээр Богд ууланд Номин холдингийнхон сайхан нарс мод тарьсан, сайхан ургаж байна лээ. Мод тарих санаачилга сэдлийг мэргэжлийн байгууллагынхан бид хийхийн зэрэгцээ төрөөс бас бүр сайн дэмжээд өгчихвөл үр дүн өндөр байх болно. Өнөөдөр Цэцэрлэгт хүрээлэнд очиж мод тарья гэхэд хүссэн болгоныг нь тэнд тариулахгүй, зөвшөөрөл энэ тэр гээд асуудлууд бий. Энэ нь зөв.

Гэхдээ төрөөс хаана мод тарьж болох механизмыг чөлөөтэй ил тод болгож сэдэлжүүлэх ажлыг байнга хийж байх ёстой. Тухайлбал, мод тарьсан хүнийг тэр дор нь урамшуулдаг ч юмуу, хөшүүргийг улам сайжруулах тусам хотыг ногооруулах ажил эрчимтэй явна. Гол нь мэргэжлийн байгууллагуудад дэмжлэг өгч, иргэдийг уриалахад хотоо моджуулж чадна. Энэ дашрамд хэлэхэд дандаа төр засгийг хараад суух биш, монголчууд бид бэлэнчлэх сэтгэлгээнээс салж дор бүрнээ ажиллаж болно. Манай мод үржүүлгийн газар ихэнхдээ алдагдалтай, татаастай явж ирсэн ч мод тарих үйлсийг өргөжүүлэхээр улам хичээн ажиллаж байна.Манай мод үржүүлгийн газар боловсон хүчнээ Япон, Канад, ОХУ, ХБНГУ зэрэг улсад сургаж, тэсвэртэй үндэстэй сортыг гаргаж авах тал дээр олон туршилт хийн ажиллаж байна.

Одоо Монгол Улсын хил дагуух хилийн бүх застав дээр түшиглэн мод тарихаар Хилийн цэргийн удирдлагуудтай ярьж тохиролцож, наран мандах зүгээс ажлаа эхлүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *