Ээлжит бус чуулганы хуралдаан Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэнээр үргэлжилэв. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувь нь дэмжсэн юм. Чуулганы хуралдаанд суусан гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчөөр дэмжигдсэн Х.Баттулгад дараах зүйлсийг захиж байв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Ерөнхийлөгчөөр сонгогдож буй хүн эрх мэдэл булаацалддаггүй байх ёстой. Харин амлалтаа биелүүлдэг байгаарай. Гарч буй мэдээллээс харахад өөрийн эрхгүй эмзэглэж байна. Монголын төрийг хямрал руу явуулчих вий дээ. Энэ удаагийн Ерөнхийлөгч ард түмнийхээ талаас нь сонгогдсон шүү гэдгээ санаж яваарай. Цаашид хууль зөрчсөн, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргавал УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлээрэй. Том хариуцлага болохоос том баяр биш шүү. Хэдхэн сарын өмнө Ардчилсан намынхан ард түмнийхээ итгэлийг алдсан. Тэгэхгүйгээр хүчний байгууллагаа булаацалдвал өөрөөс хамаарах бүх зүйлээ хийнэ шүү. Зөв зүйл оруулж ирвэл бид гацаахгүй явуулна шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “УИХ-аар 97 хувиар батлагдлаа. Ерөнхийлөгч болж байгаа хүн тангарагийн үгээ бүрэн цээжлээрэй. Хариуцлагаас эхлээд олон зүйлийг тангарагийн үгт гүн гүнзгий суулгасан. Өргөсөн тангарагтаа үнэнч бай. 1.9 сая согогчдоос 32.8 хувийн саналаар Ерөнхийлөгч болсноо санаарай. Бусад нь өөрийнх нь дайсан гэж битгий бодоорой. Монгол талцаж байхдаа сөнөсөн, бутарсан. Ард түмний 32.7 хувь, УИХ-ын 97 хувийн дэмжлэг хүлээснээ байнга санаж яваарай. Намууд хамгийн шилдэг гэсэн хүмүүсээ нэр дэвшүүлсэн шүү. Гэтэл сурталчилгааны үеэр юу болов. Хамгийн шилдэг хүмүүсээ хамгийн муухайгаар яаж булав. Монголчууд 50 мянган төгрөгөөр саналаа худалдахаа больсон байна шүү. Ард түмний оюун санааг бузартуулж болохгүй шүү. Ерөнхийлөгч маань эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстой. Түүнээс биш цус, үндэс угсаа ярьж доролмжлохгүй шүү. Тангарагчийн үг бүрээ хэрэгжүүлээрэй