Монгол түмэн энэ өдрүүдэд Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаараа дэнж хотойтол сайхан наадацгаалаа. Наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Монгол түмний минь наадам ургах нарнаас, шингэх наран хүртэл үргэлжилж монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадрааж өндөрлөж байна. Эртэй бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж, ид хаваа гайхуулцгаалаа.Уяачийн эрдэм, унаач хүүхдүүдийн жавхаа төгс байж, хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа. Эрхийдээ эрчтэй харваачид маань цэц мэргэнээ шалгалаа. Монголчууд нэгдэж нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч ирсэн агуу түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе. Монгол хүн бүр эрүүл ухаан, саруул эрдэм төгс, хийморь золбоотой байж, эх орон маань цэцэглэн хөгжихийн билэг ерөөл өргөж Үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг уламжилья. Хөх монгол мандан бадраг” гэсэн юм.
Б.НАРАН