Саяхан бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон Засгийн газар өнгөрсөн арав гаруй сарын хугацаанд ковидтой холбоотойгоор асар их хэмжээний мөнгө төсөвлөж, захиран зарцуулж ирсэн билээ. Тэгвэл уг зарлагын өгөөжийн талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.
-У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Өнгөрсөн оны тухайд цар тахлаас сэргийлэх, тэмцэх, хүмүүсийн орлогыг хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд асар их хэмжээний мөнгө зарцуулах эрхийг уг Засгийн газар эдэлсэн. Мөнгөн дүнгийн тухай тодруулахгүй юу?
-Ер нь ковид 1870 оноос хойш байгаагүй тийм хэмжээний нийгэм, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг Монгол төдийгүй олон улсад авчирч байна. Ковид монгол хүний эрүүл мэнд гэхээс илүү эдийн засагт ноцтой хохирол учруулж ирлээ. Эдийн засаг үлэмж хэмжээгээр хүндрэх нь тодорхой байж, шаардлагатай арга хэмжээ авахыг сануулсан боловч хэрэгжүүлээгүй. Энэ нь санаатай байв уу, үгүй юү гэдгийг асуух хэмжээнд хүрч байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас ковидтой холбоотойгоор арга хэмжээ авахгүй явсаар байгаад гуравдугаар сараас анхаарч эхэлсэн. Төсөв батлагдчихсан байсан үе. Ингээд төсвөөс гадуур мөнгө зарцуулах ёстой гэсэн зөвлөмжийг ОУВС, Дэлхийн банкнаас хөгжиж байгаа орнуудад өгсөн. Манайх эндээс гажаагүй. Үүнд хангалттай хөрөнгө төлөвлөсөн. Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх төсвөөр гадуур 5.2-5.5 их наяд төгрөг зарцуулах эх үүсвэр бэлэн боллоо гэсэн. Үүн дээр төсвийн 13 их наяд төгрөгийг нэмэхээр 19 их наяд шахам төгрөг зарцуулагдахаар болсон байсан. Нэмээд олон улсын санхүүгийн байгууллагуудаас янз бүрийн зээл тусламжууд орж ирсэн. Энэ нь хамгийн багадаа 650 сая ам.доллар байгаа. Ингээд үндсэндээ 20 орчим их наяд төгрөг зарцуулагдахаар бэлэн болсон. Бараг хоёр жилийн төсөв болж байгаа юм. Гэтэл энэ их мөнгө хаачсан, юунд орсон нь мэдэгдэхгүй. Дорвитой арга хэмжээ авсан уу гэхээр тэгж харагдахгүй байна. Эдийн засаг сайнгүй байна. Нөгөөтэйгүүр, хил байнга хаагдаагүй. Экспортын орлого давгүй байсан. Ингэж явсны үр дүнд төсвийн орлого анх төлөвлөж байснаас 2.5 их наяд төгрөгөөр л дутсан. Төсвийн тодотголоор 9.7 их наяд төгрөгийн орлоготой байна гэж үзэж байсан. Оны эцсээр 10 орчим их наяд болсон. Тэгэхээр хангалттай хэмжээний мөнгө байсан, түүнийг зарцуулсан болж таарч байгаа юм. Гэсэн өгөөж хөрсөн дээр ямар байдлаар буусан бэ гэдэг ойлгомжгүй. Эдийн засаг хүнд байна.
-Эдийн засгийн хүндрэл ямар салбарт түлхүү байна вэ?
-Ковидын нөлөө хамгийн хүнд туссан хоёр хэсэг байна. Бизнесийн салбар, нөгөө талд хүн ам юм. Бага, дунд орлоготой иргэд ковидын нөлөөнд хамгийн их өртсөн. Нөгөө талаар, жижиг дунд үйлдвэрлэл тэр чигтээ нуран унасан. Манайд жижиг дунд, үйлдвэрлэлийн амиа тээгээд явах нөөц хоёр сар байдаг. Гэтэл олон сараар хориг тавигдсаны улмаас эдгээр бизнесийн 60 орчим хувь нь дампуураад байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эдийн засагт бага хувь эзэлдэг. Гэхдээ хүн амын амьжиргаанд хамгийн их хамааралтай салбар бол жижиг, дунд үйлдвэр. Энэ агуулгаар тооцвол жижиг, дунд үйлдвэрлэл 80 хувь, том бизнесүүд 20 хувийг л эзэлнэ. Олон хүнд үйлчилдэг, олон хүнийг авч явдаг жижиг, дунд бизнесийн салбарыг унаг гэж орхиод хаясан. Үндсэндээ дампуурсан. Үйлдвэрлэл, үйлчилгээ босч ирэхээргүй хэмжээнд хүрчихээд байна. Зориудаар ингэж унагасан юм уу гэмээр. Одоо энэ хүмүүс хүүхдийн мөнгөөр л амьдарч байна. Хүн ам, жижиг, дунд үйлдвэрлэл рүүгээ чиглэсэн бодит үр дүн өгөх арга хэмжээг Засгийн газар авч чадсангүй. Өнгөцхөн, нүд хуурах төдий арга хэмжээ авсан. Компанийн орлогын албан татварыг чөлөөлнө, нийгмийн даатгалыг хөнгөлнө гэх шиг. Тэртэй тэргүй үйл ажиллагаа нь зогссон компаниуд ямар орлогоос татвар төлөх юм.
Би тавдугаар сард хэсэг судлаачийн санал боловсруулаад Засгийн газарт оруулж байсан. Яг бодит үр дүн өгөх арга хэмжээ авъя. Хамгийн их хохирч байгаа салбар руу бодлогоо чиглүүлье гэсэн. 0-1 хувьтай зээл хангалттай хэмжээгээр олгох, зээлийн хүүг бууруулах, онцгой нөхцөлийн зээлийг энэ салбар руу оруулъя гэх зэргээр санал оруулсан. Энэ хамгийн бодит үр дүн өгөх арга байсан. Гэтэл хаанаас эх үүсвэр олох юм гэсэн. Тэгвэл эх үүсвэр нь хангалттай байсан. Төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа сангуудын мөнгө байна. Зарим том бүтээн байгуулалт зогслоо. Үүнээс хэмнэгдсэн мөнгийг жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ рүү оруулаагүй. Нийт тооцож үзэхэд 19-20 их наяд төгрөг зарцуулах мөнгө эх үүсвэртэйгээ байсан шүү дээ. Гэтэл энэ их мөнгийг хаашаа оруулсан нь мэдэгдэхгүй алга болсон. Ямар ч тайлбар хийдэггүй.
-Тэгэхээр төсөв болон төсвөөс гадуур зарцуулсан асар их хэмжээний мөнгийг шинэ Засгийн газар шалгаж, тайлагнах шаардлагатай гэсэн үг үү?
-Үүнд дээр бие даасан хяналтын хороо байгуулаад аудитаар оруулах ёстой. Энэ аудит нь хөндлөнгийн шинжээчдийг оролцуулах учиртай. Ингээд ковидтой холбоотой орж ирсэн мөнгө, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлыг шалгах ёстой. Урьд хожид байгаагүй асар их хэмжээний мөнгө орж ирсэн. Гадаадын зээл тусламжаар хамгийн багадаа 650 сая ам.доллар орж ирсэн. Үүнээс ч илүү их байх өндөр магадлалтай. Яагаад гэвэл энэ зээл тусламжуудыг мэдээлэхгүй байна шүү дээ. Мөн илүү хөнгөлөлттэй зээл авъя гэвэл боломж нь байсан. Яагаад гэвэл онцгой нөхцөлийн зээлүүдийг дэлхийн санхүүгийн байгууллагууд олгож эхэлсэн. Иймд бие даасан шинжээчдийг оруулж нарийвчлан тогтоох шаардлага байна. Мэдээж үр өгөөжтэй зарцуулсан байж болно. Гэхдээ бид үүнд итгэлтэй баймаар байна.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт бодитой дэмжлэг үзүүлээгүй гэлээ. Тэгэхээр томоохон салбар, компаниуддаа анхаарсан гэсэн үг үү?
-Хөрөнгийн хуваарилалтад асар их ялгаа бий болж байна. Яагаад гэвэл манайд баян, хоосны ялгаа их байсан. Сая ковидын нөлөө энэ ялгааг улам бүр нэмэгдүүлчихлээ. Жижиг, дунд бизнесүүд дампуураад гарахаар том корпорациуд зах зээлийг нь бүр залгиад эзэлчихэж байгаа юм. Жижиг, дунд үйлдвэрлэлээс 800 гаруй мянган хүн хоолоо олж иддэг. Гэтэл энэ салбарын 60 хувь нь дампуурчихаар энэ хувиар ажилгүйдэл бий болчихож байгаа юм. Нөгөө талаар том компаниудад зах зээлийн сул орон зай үүсч байна. Тэгэхээр бага, дунд орлоготой иргэд асар их нэрвэгдээд нийт хүн амын 80 хувь нь улам хүнд байдалд орж, 20 хувь нь улам баяжсан ийм л үйл явц болсон. Тэгэхээр нэгдүгээрт орлого, хоёрдугаарт бизнесийн боломжийг хуваарилалтыг татвар, төрийн бодлогоор тэгшитгэж өгөх, зохицуулах шаардлага үүсч байна. Энэ нь яван явсаар улс төрийн хувьд тогтворгүй байдал үүсгэж, тусгаар тогтнолд ч эрсдэл дагуулах үр дагавартай байж мэднэ. Хөрөнгийн хуваарилалт, бизнесийн боломжийн хуваарилалтыг зөв шударга болгож, тэгшитгэж өгөх хэрэгтэй. Төрийн бодлого том корпорациудыг дэмжлээ.
-Лобби үйлчилсэн байх магадлалтай юу?
-Тэгж хардаж болно. Хоёрдугаарт, жижиг, дунд бизнес рүү чиглэсэн бодит бодлого явуулахгүй байна гэдэг нь энэ салбарыг үхэл рүү түлхээд том корпорациуд орон зайг нь эзэл гэсэн утгатай бодлого болчихож байгаа юм. Гэтэл үүний эсрэг байж Солонгос, Япон, Хятад жижиг, дунд бизнесээ дэмжсэн. Яагаад гэвэл энэ салбарт хүн амын ихэнх хувь нь ажиллаж байдаг. Тухайлбал, Япон 0-1 хувийн хүүтэй зээл олгож, 50-иас доош ажилтантай байгууллагуудын цалингийн зардалд дэмжлэг үзүүлэх зэргээр явсан. Маш тодорхой бодлого хэрэгжүүлсэн. Монголд тэгээгүй. Шууд дампуур гэж хаясан. Энэ бүхний ард Засгийн газар, сайд нар байгаа. Тэр дундаа энэ бүх будилаан хямралын цаана байгаа гол эзэн нь өмнөх Сангийн сайд, Монголбанк юм. Улс төрийн нөлөөнд хэт автаж эдийн засагт сөрөг бодлого явуулсан.
-Засгийн газар огцорсон шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
-Эдийн засаг гэхээс илүү улс төрийн шалтаг байна. Ямар ч байсан шинэ Засгийн газар гарч ирээд ямар эх үүсвэрийн мөнгийг юунд, хэрхэн зарцуулсан гэдгийг тодотгох ёстой.
Г.БАТ