Categories
мэдээ нийгэм

Х.Бат-Ундрал: Хар тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал өнгөрсөн онд Замын-Үүдийн гаалиар хар тамхи оруулж ирж байгаад цагдаа нарт баригдан шалгагдаж, улмаар хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байв. Түүнд холбогдох энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, хоёр жил тэнсэн харгалзах ял оноосон байдаг. Ер нь манай урлаг соёлын нэлээд олон алдартан хар тамхины хэрэгт холбогдож байсныг уншигчид санаж буй биз ээ. Х.Бат-Ундрал өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан ийн ярьжээ.

Х.Бат-Ундрал: Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн хар тахал хар тамхины эсрэг хамтдаа дуу хоолойгоо нэгтгэцгээе. Миний хувьд яг өнөөдрөөс нэг жилийн өмнө өөрийн хайртай гэр бүл, найз нөхөд, надад үргэлж урам хайрлаж байдаг та бүгдийнхээ тэр сайхан итгэл сэтгэл рүү ус цацсан нэгэн асуудалд орооцолдсон. Гурван сар гаруйн хугацаанд шалгагдаж, наймдугаар сард нийслэлийн прокурорын газраас шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Ингээд 2016 оны аравдугаар сарын 9-нд Хан-Уул дүүргийн шүүхээр миний хэрэг орж, надад хоёр жилийн хорих ял оноосон. Шүүгч надад “Х.Бат-Ундралаа чамд хэлэх үг байна уу” гэхэд нь “Болчимгүй үйлдэл гаргаж, ийм муухай зүйлд орооцолдсондоо харамсаж байна.

Ээжээсээ болон надад урам хайрладаг бүх хүмүүсээс уучлалт хүсч байна. Би дуучин гэдэг утгаараа залууст үлгэр дуурайлал болохын оронд буруу зүйлд орооцолдсондоо өөртөө маш их харамсаж байна. Монгол Улсын төрийн сүлд өршөөж, та бүхэн минь намайг гэмшиж, ухаарч байгааг минь ойлгоосой” гэсэн. Ингээд шүүх хуралдаан болсноос хэсэг хугацааны дараа шүүгч орж ирээд “Чамд хоёр жилийн ял оноож байна. Гэхдээ чиний хэлсэн үг, гэм буруугаа ойлгож ухаарч байгааг чинь сонсоод шүүхийн энэрэнгүй зарчмаар хоёр жилийн ялыг чинь тэнсэх ял болгон өөрчилж байна. Энэ хугацаандаа хар тамхины эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, Монголын ард түмэн хүүхэд залуустаа хар тамхины эсрэг байрийг сурталчилж, энэ талын ажил үйлсэд бие сэтгэлээ зориулаарай” гэдэг итгэл хүлээлгэсэн.

Яг энэ цаг хугацаанд сэтгэл санааны хувьд зовж шаналсан хүн миний ээж юм. Тэр үед ээж минь хол байсан. ээжтэйгээ утсаар ярихад шууд л уйлсан, би ч уйлаад, бид юу ч ярилгүй хоёулаа уйлсаар л байсан. Эцэст нь би ээждээ “Ээж минь одоо тайвшир даа, хүү нь тийм муухай зүйл хийхгүй ээ, та хүүдээ итгэж байгаа биз дээ” гэхэд ээж минь “Тиймээ, ээж нь хүүдээ итгэж байна” гэсэн. Би ээждээ нэг л зүйлийг хэлсэн “Ээжээ, хүү нь ахиж таныхаа нулимсыг үзэхгүй ээ, хүүдээ итгээрэй, хүү тань нэг удаа алдлаа, дахиж би алдахгүй ээ гэсэн” хэмээн ярьжээ.

Өнгөрсөн жил Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн байгууллага болон хар тамхи, мансуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хамтарч судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар нийт 76 мянга гаруй хүн хар тамхи хэрэглэж мансуурч байна. Үүний 60 гаруй мянга нь өсвөр насны хүүхдүүд болон 19-35 насны залуус байна гэх нарийвчилсан судалгааг гаргасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *