УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдэгдэл хийлээ
Засгийн газрын хуралдаанаар орон сууцны хөнгөлттэй зээлийн журмыг баталсан. МУ-ын Засгийн газрын 2016-2020 оныг хүртэлх мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийн нөхцлийг хөнгөвчлөх зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр энэ журмыг баталлаа. Журмыг баталахаас өмнө Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанкнаас хамтарсан ажлын хэсэг гарч, зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ямар боломж байна, хүртээмжийг сайжруулах ямар арга зам байна гэж судалсан. Судалгааг Эдийн засгийн байнгын хороогоор оруулж дэмжлэг авсан. Хэд хэдэн зүйлийг шинээр шийдвэрлэсэн байгаа.
Нэгдүгээрт: Анх удаа орон сууц авч байгаа хүмүүст олгоно.
Хоёрдугаарт: Тухайн аймаг, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан орон сууцнаас олгоно.
Гуравдугаарт: Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулна гэж шийдсэн.
Гэр хорооллын иргэн байгал орчинд сөрөг нөлөөгүй, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй эсвэл өөрөө бие даасан дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууц бол олгоно гэж шийдвэрлэсэн. Амины орон сууц нь 120 мкв хүртэлх бол 60 сая төгрөг хүртэлх зээл олгоно.
Бас нэгэн шийдвэрлэсэн томоохон асуудал нь зээлийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлсэн. Өмнө нь улсын төсөв болон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс олгосон мөнгийг дөрвөн хувиар тооцож банкуудад олгоод банк өөрийн зээлийн хэмжээг нэмэгдүүлээд олгодог байсан. Үүний эргэн төлөлтийн эх үүсвэрийг ипотекийн зээлийн сан, Монголбанкны зээлийн хүүг нэг хувь болгож бууруулсан. Ингэснээр зээлийн хүртээмж нэмэгдэх боломж бүрдэж байгаа. Нэг ёсондоо хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэж байна гэж үзэж болно.
Түрээсийн орон сууцны хувьд Буянт-Ухаа-2 хороололд 972 айлын орон сууц баригдаж байгаа. Өчигдөр Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүд, манай яам, Хөгжлийн банкны холбогдох хүмүүс газар дээр нь очиж танилцсан. Энэ барилга нэг сард ашиглалтад орно. Тус барилгад хөгжлийн банкнаас санхүүжилт гарч байгаа. Өнөөдрийн байдлаар тооцоход 71 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. 1 мкв-ийн үнийг тооцоход 1.3-1.4 сая орчим төгрөг болж байгаа. Гадна инженерийн дэд бүтцийг төрөөс хийж өгсөн. Санхүүжилтийг Хөгжлийн банкнаас хийж байгаа. Хөгжлийн банк гэдэг Төрийн банк. Ингээд 1 мкв-ийн өртөг хямд болж байгаа. Энэ барилга ашиглалтад ороод бэлэн болсны дараа түрээсийн орон сууцын зориулалтаар ашиглах саналыг Засгийн газарт оруулна.