Categories
мэдээ нийгэм

Х.Бадамсүрэн МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогджээ || DNN.mn

Монголын чөлөөт бөхийн холбооны /МЧБХ/ ээлжит бус их хурал өнөөдөр /2022.03.19/ болсон. Хурлаар МЧБХ-ны дүрэм шинэчлэн батлах, Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл 100 хувийн саналаар МЧБХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Бадамсүрэн сонгогджээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал юм. Өнгөрсөн 2021 онд Х.Бадамсүрэн өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч Засгийн газар огцорсон учраас түүний асуудал түр “хойшлогдож”, өргөдлөө эргүүлж татсан гэх мэдээлэл тарж байв.

Дашрамд дурдахад, Х.Бадамсүрэнгийн жилийн орлого 1.6 тэрбум, гэр бүлийн орлого 657 сая төгрөг. Бусад захирлын орлого 2020 онд буурч байсан бол түүний орлого харин эсрэгээрээ 1.2 тэрбум төгрөгөөр, гэр бүлийн орлого нь 360 сая төгрөгөөр өсчээ.

Өөрөөр хэлбэл, цар тахлын үед иргэд ажил орлогоо алдаж хэцүүдэж байхад төрийн агентлагийн дарга нарын хөрөнгө арвижиж байх жишээтэй. Түүний хоёр амины орон сууц, гурван нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай обьект, нэг оффис, нэг ферм, нэг граж, өвөлжөө хаваржаа хүлэмж гэх мэт гурван байгууламж нь нийтдээ 2.9 тэрбум төгрөг. 292 сая төгрөгийн суудлын жижиг машин “Mercedes Benz-S320”, жийп болон туулах чадвар өндөр “Toyota-Land Cruiser 200” автомашинтай.

180 адуу, 50 үхэр, 40 хурдан удмын адуу, 50 хонь, 60 ямаа нь 254 сая төгрөг. 60 саяар үнэлэгдэх дөрвөн газар, 125 сая төгрөгийн үнэт эдлэл, 350 сая төгрөгийн хадгаламжтай бол 1.3 тэрбум төгрөгийн зээлтэй. Түүнчлэн есөн компанид хувьцаа эзэмшдэг. Х.Бадамсүрэнгийн хувьд бусад ТӨХК-иудын дарга нараас хөрөнгөөрөө толгой цохиж явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *