Дэлхийн зэрлэг байгалийг хамгаалах өдөр тохиож буйтай холбогдуулан Кенийн Засгийн газар зааны 15 тонн соёо шатаажээ. Энэхүү санаачлагыг тус улсын Ерөнхийлөгч гаргасан бөгөөд зааны соёог худалдаж их мөнгө олохын тулд тэднийг олноор хөнөөж буй хулгайчидтай тэмцэж буй хэрэг хэмээн үзэж байна.
Хулгайн анчдаас хурааж авсан 15 сая тонн соёог шатаах арга хэмжээ нийслэл Найробийн үндэсний паркт болсон аж. Тус улсад 25 жилийн өмнө зааны соёо худалдахыг хориглосон боловч зах зээлийн тансаг эрэлт Африкын заан, хирснүүдийг устгах аюулд хүргэж буй юм.
Ерөнхийлөгч Ухуру Кенияатта “Энд шатаасан соёо бүхний тоогоор заанууд гэмт хэрэгтнүүдийн гарт мөхөж байна. Бид кени, африкчуудыг энэ балмад хэрэгтэй тэмцэж бүх дэлхийд онгон байгалийн гоо үзэсгэлэнг харуулахыг хүсч байна. Хулгайн анчид болон тэдний барааг авдаг хүмүүс удахгүй эцсийн үгээ хэлэх цаг ирнэ” хэмээн хэлжээ.
2010-2012 оны хооронд Африк тивд 100 мянган заан хулгайн анчны гарт үрэгджээ. Өнгөрсөн жил Кенид 164 заан, 35 хирсийг хулгайгаар агнасан хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос хоёр дахин багассан үзүүлэлт бөгөөд үүнийг гэмт хэрэгтэй тэмцсэний үр дүн хэмээн харж байгаа юм.