Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильямын гэргий, гүнж Кейт Миддлтон энэ сарын сүүлээр амаржиж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах билээ. Тэгвэл гүнжтэн охин хүүхэд төрүүлэхээр болсон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гүнжийн ээж Кароле Миддлтон твиттертээ “Охин, охин” хэмээн жиргэж, даашинзтай охины зургийг байршуулсан байна. Түүний ийнхүү жиргэсэн шалтгааныг тодруулахад “Кейт охинтой болно. Гоо сайхны жинхэнэ төлөөлөл, үзэсгэлэнтэй гүнж болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Харин Кейтийн дүү Пиппа Миддлтон “Сайн мэдэхгүй байна. Эгч минь охинтой болохыг хүсч байгаа. Би ч гэсэн” гэсэн байна.
Ханхүү Уильям “www.telegraph.co.uk” сайтад “Шинэ хүн минь эрүүл саруул мэндэлж байвал хүү, охин байх нь хамаагүй” гэж ярьжээ. Хатан хааны ордонд ажилладаг нэрээ нууцалсан ажилтны хэлснээр “Гүнжтэн амаржих дөхсөн учир шинэ хүний өрөөг хүмүүс бэлдэж эхэлсэн. Ханын цаас болон ор нь ягаан өнгөтэй. Тиймээс гүнж төрөх байх” гэсэн байна.
Гүнжтэн Кейт өнгөрсөн 2013 оны долоодугаар сард амаржиж, хаан угсааны дөрөв дэх өв залгамжлагч Жорж Александр Луиг төрүүлсэн билээ.