Categories
мэдээ улс-төр

Казахстаны үйлдвэрлэлийн бодлоготой танилцжээ

Бүгд Найрамдах Казахстан улс жил бүрийн тавдугаар сард “Астанагийн Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг уламжлалыг тогтоогоод найм дахь жилтэйгээ золгож байна. Энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөн Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Уулзалтад оролцохын зэрэгцээ Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан Казахстан улсын Хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд сайд Алберт Рау тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр уулзлаа.

Уулзалтын эхэнд Хөрөнгө оруулалт, хөгжлийн дэд сайд Алберт Рау “Казахстан Улсын 2015-2019 онд аж үйлдвэрийн салбарт хийх хөрөнгө оруулалтын боломжууд” сэдвээр танилцуулга хийв.

Тус улсын хувьд Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөр нь гурван үе шатад хуваагддаг байна. Эхний үе шат нь 2010-2015 он хүртэл амжилттай хэрэгжсэн гэдгийг салбар яамныхан хэлсэн юм. Монгол Улс аж үйлдвэрийн салбарын хэтийн бодлогоо боловсруулж байгаа энэ үед үлгэр жишээ авахаар уулзалт, танилцуулга болж буйг Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан онцлов.

Мөн тэрбээр “Казахстан Улс 2010 оноос үйлдвэржилтийн бодлогыг үе шаттайгаар, үр ашигтай сайн явуулж иржээ. Эхний үе шат нь 2010-2015 онд хэрэгжиж, хоёр дахь шат руугаа орох гэж байна. Энд зарим импортоор авч байгаа бараа, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх зорилго тавьжээ. Зорилгынхоо дагуу машин техник, газар тариалангийн бордоо, цемент, арматур, нарны гэрлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар анхаарч ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар улсынхаа цемент, арматурын хэрэгцээг хангаж чаджээ. Мөн машин үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэхдээ эдгээр үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтаа хэрхэн босгож байгаа нь сонирхол татаж байна. Хөрөнгө оруулагчдыг татварын бодлогоор дэмжихээс эхлээд олон талын уян хатан бодлого явуулж, сайн хууль боловсруулах нь хамгийн чухал байдаг юм байна. Аж үйлдвэрийг хөгжүүлэх институт гэх бие даасан байгууллагыг байгуулсан талаарх туршлагыг нь сонслоо. Энэ институт нь Казахстан улсын аж үйлдвэрийн салбарыг өнөөгийн төвшинд хүргэхэд гол үүргийг гүйцэтгэжээ. Энэ мэт аж үйлдвэрийн салбарт тус улсаас туршлага судлах зүйл бидэнд олон байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр Монголын тал мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан Казахстан улсын аж үйлдвэрийн салбарын бодлого боловсруулалт, хэрэгжилтийн туршлагыг судлуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Хариуд нь ноён Алберт Рау “БНКУ-ын Тэргүүн шадар сайд тэргүүтэй төлөөлөгчдийн энэ сарын 26-28-ны өдрүүдэд Монгол Улсад хийх ажлын айлчлалын үеэр хүсэлтийг Казахстаны талд дахин тавих нь зүйтэй юм. Энэхүү асуудлыг ажил хэрэг болгох бүрэн боломжтой” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *