Categories
мэдээ цаг-үе

Казахстаны тэмдэглэл

Нур-Султан хотод дөрөө мултлав. Аяны унаа минь Туркийн агаарын тээврийн компанийн BOEING-737-500. Нисэх буудал дээр Казахстанд суугаа Монголын Элчин сайдын яамны нөхөд угтчухуй. Элчин сайд Л.Баттулга тэргүүнтэй энэ хамт олон тун ч найрсаг, дотно, элгэмсүү юм. Ер нь ч хаа газрын элчин сайдын яамныхан нутаг орныхондоо ийнхүү хандах учиртай ч биз. Монголынхоо сонин сайхнаас дуулгаж, Алмата зорьж яваа учир явдлаа ч танилцууллаа. Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн Казахстан улсад хийх айлчлалын бэлтгэл ажил ид өрнөж байсан есдүгээр сарын сүүлчийн өдрүүдийн наран дор “хээр талын Дубай”- Нур-Султан хот эрдэнэсийн өнгөөр гялбалзан туяарч байж билээ.

Элчин сайд Л.Баттулга бээр таны эрхлэн гаргадаг “Улирал ба Зохиолч” сэтгүүл өөрөөс чинь өмнө энд ирсэн шүү гэж хавар, зуны хоёр дугаарыг номын сангаасаа гарган үзүүлэхэд сэтгэлийн шувууд баясанхан жиргэсэнсэн. Тэгэх ч учир байв. Юун гэвээс 2019 онд “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн бүтэн жилийн дугаар Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, доктор Г.Батсүхийн оюунлаг хөрөнгө оруулалт, санхүүжилт “Элчин сайд нарын клуб”-ынханы дэмжлэг туслалцаан доор Монгол улсаас гадаад улсад суугаа 30 Элчин сайдын яаманд хүрч байгаа билээ. Тэдгээрийн нэг нь Казахстан улсад суугаа Монголын Элчин сайдын яам аж. Баярласан сэтгэлийн минь шувууд тэр даруйд жигүүр дэлгэн ниссэн, лавтайяа тэр өдөртөө эрхэмсэг нөхөр Г.Батсүхийн баруун зүүн мөрөн дээр буун суун жиргэсэн буй за.

Астана нэртэй байсан энэ хот эдүгээ Нур-Султан нэртэй болжээ. Олон улсын нисэх онгоцны буудал нь ч бас Нур-Султан ажу. Ер нь энэ хотод Нур-Султан нэртэй гудамж талбайгаар алхаж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж Нур-Султан нэртэй таван одтой буудалд бууж, бас тийм нэртэй ресторанд зоог барьж болохсанж.

Нур-Султан бол орчин үеийн архитекторын олон янз шийдэлтэй гоёмсог хот. Эндээс Азийн ч, Европын ч дүр төрхийг харж болно. Хотыг босгоход дэлхийн шилдэг компаниуд оролцжээ.Тэдэн дотор Турк, Итали, Франц, Швейцарийн компаниуд ч бий. Архитекторын гол шийдлийг алдартай уран барилгач Кишо Курокава, Норман Фостер нар гаргажээ. Уужим саруул өргөн чөлөө, өвөрмөц содон орд харш, усан оргилуур, шөнийн гэрэлтүүлэг, орон сууцны хорооллууд , сүм хийдийн үзэсгэлэнт барилгууд, ур ухааны цогц шийдэл-хөшөө дурсгалууд… Энд ирсэн зочид гийчдийн мэлмийг баясгаж, сэтгэлийг соронздоно. Тийнхүү би ч бас баясанхан зураг хөргөө татуулж явав.

Нур-Султан хот дэлхийн хамгийн гоё нийслэлээр өргөмжлөгдөж, ЮНЕСКО-гийн медалиар шагнагдаж, “Энх тайваны хот” хүндэт цол хүртжээ.

Хэзээ нэгтээ Улаанбаатар хот минь ч бас Хархорин зүгт шинэ шаваа тавьж, байгальд ээлтэй, орчин үеийн технологид суурлисан үзэсгэлэнт шинэ хот болон өндийн цэцэглэх буй за. Нийслэлээ нүүлгэсэн хэдий ч хөгжил дэвшлийн дээдэд хүрсэн аль олон улс орныг нэрлэх вэ? Чухамхүү нэг жишээ нь л гэхэд энэхүү Нур-Султан хот байнам, аа.

2.

Алмата хот улаахан алимны өнгөөр гэрэлтэн туяарах амой. Цэцэрлэг гудамжны аль нэгтээх моддынх нь мөчирт болц нь гүйцсэн алим унжиж байх нь бий… Ерөөс Алмата гэсэн үг олон хэлнээ алим гэсэн утгаар орчуулагддаг гэнэм. Яруу найрагч Х.Жукельтай хамгийн түрүүнд очсон газар бол Абай Куненбаевын гэрэлт хөшөө сүндэрлэн буй төв талбай. Энэ жил Казакын ард түмний бахархал болсон – энэ яруу найрагчийн 150 жилийн ой тохиож байгаа өндөр жил юм. Тэрбээр Казакын гарал үүслийн тухай нэгэн тэмдэглэлдээ “…монголоос гаралтай ард түмний нэг нь манай казах…” гэж онцлон бичжээ. Тэгээд ч олон казак зохиолчид бид нэгэн гаралтай улс гэж өөриймсэх хийгээд, Чингис хаан бол манай ч хаан мөн бүлгээ хэмэн омогших ч бололтойдог шүү. Зохиолчдын байгууллагыг нь Зүчийн удам угсааны хүн болох – казакын орчин цагийн нэрт яруу найрагч Бахытжан Канапьянов удирдаж байна. Казахстан улс байгуулагдсан түүх бол саяхных. Харин тэд уг сурвалж, гарал үүслээ эрж олж, түүнээ батлах гэж ихэд хичээдэг болжээ. Үүсмэл шинэ улсын зовлон ч биз, зорилго ч биз. Алмата, Талдыкурган хотын хооронд орших нэгэн багавтар хадтай толгойг “Чингис толгой” гэх бөгөөд яг дээр нь гарах юм бол эргэн тойрны бараа хэдэн бээртээ харагддаг гэж Жукел анд ярьсан бөгөөд нэн бишрэлтэйгээр зааж өгсөн билээ. Тэр толгой дээрээс Чингис хаан минь баатар цэргүүдээ удирдаж тулалдаанд ялалт байгуулжээ. Түүнээс хойш энэ болдог толгодыг “Чингис толгой” гэх болжээ. Энэ мэт орчин цагийн домог зохиогдон түгж буй бололтой. Алтан ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойг тэмдэглэх хийгээд Зүчи жанжны алдар гавьяаг ихэд бахдахын зэрэгцээ дээдлэн мөнхжүүлэх их ажил дээр дооргүй өрнөжээ.

Хаад дээдэс, харьяат жанждынхаа намтар цадиг, баатарлаг үүх түүхээ үнэн мөнөөр нь бичиж, хол ойрд нотлон баталгаажуулах нь эрдэмтэн мэргэд, түүхчдийн төдийгүй монголчууд бид бүхний амин халуун хариуцлага болжээ гэдгийг аян замын тэмдэглэлийн энэ хэсэгтээ шигтгээ болгон оруулсугай. Үгийн амь үхдэггүй гэдэгт итгэдэг монгол хүн билээ, би. Тийнхүү Абай найрагчийн хөшөөнд хүндэтгэн мэхийж, Казахстаны мөнхийн Ерөнхийлэгч Нурсултан Назарбаевын гарын хээн дотор шүлэгчийн алгаа дарж, эдүгээ аялал зугааалгын цогцолбор болсон Медео цэнгэлдэх хүрээлэнгийн түсрэгт хүрхрээнд норж явав шүү. Манайхаар бол Зайсан толгой л юмдаг уу, “Көк Төбе” гэгдэх толгой өөд нь бүхээгт дүүжингээр гарч тэртээ холд тэргүүн нь цайвалзан гялбалзах Тянь Шань уулсын мөнх хөхөмдөгт мэлмий билчээж, Алмата хотын шингэн хөөг дунд шил толь нь гялалзах өндөр барилгуудыг сониучирхаж, давхар зам бүхий гүүрүүдийг дээрээс нь ширтэж зогслоо л…

Тийнхүү бас Зайсан толгойгоос Богд ханы тэргүүн оргил- Цэцээ гүн хүртэл ийм бүхээгт дүүжинт гүүр байгуулж гэмээ нь жуулчдын төдийгүй өөрсдийн халаасыг хоосолж болох ажээ гэж санааширсан шүү.

3.

Казахстаны нэрт яруу найрагч, орчуулагч, Монголын утга зохиолын 80-аад оныхон бидний дундахь ганц хасаг шүлэгч Хасайн Жукелийн 60 насны ойн уран бүтээлийн цэнгүүн Казахстаны Зохиолчдын ордоны их танхимд сайхан болов. Ерээд оны эхээр Монгол нутгаасаа үндэстнээ зорьж нүүсэн анд минь эдүгээ улсдаа алдартай уран бүтээлч болжээ. Үгийг нь бичсэн дуунууд нь эгшиглэж , шавь нар нь шүлгээс нь уншиж, Казахстаны Зохиолчдын Хорооны орлогч дарга Мереке Кулкенов баяр хүргэн үг хэлж, Олон улсын Түрэг академийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Тойшины Акеди уран бүтээлийнх нь тухай илтгэл тавив. Монголоос түүний 60 насны ойн баярт зорьж очсон би-вээр яруу найрагч андуудынхаа мэндчилгээг дэвшүүлж, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн Казахстан улс дахь утга зохиолын ажилтны үнэмлэхийг нь гардуулж өгсөн болой. Мөн уран бүтээлийн цэнгүүнийх нь нэр болох “Өвснөөс мэндэлж өвсөнд шингэнэ” хосмолжин мөрийг нь мөнгөн утаст торгон дээр тэнгэрийн зарлигт -сонгодог монгол бичгээрээ бичүүлж очсоноо дурсгасан билээ. Мөн түүнд зориулж бичсэн шүлгээ дуудчухуй.

Найрагч Жукел-д

“Долоон гол”- ын аглагт

Тэр суудаг

Голоон дагаж урссаар

Холын хол оддог,

Газрын хөх судас бүхэнд

Нэвчиж шингэсээр

Буйд холын тоонот-

Булган голтойгоо нийлдэг

Долгисоор нь тоглож нааданхан

Наран зүг үсчдэг,

Том улаан тэргэл

Сартай хөвдөг,

Уйт бага нас, хөдөөх суурин…

Улаанбаатараа санадаг

Зохиолч Мөнхийн Амгалан андындаа

Зочлохсон гэж хүсдэг

Мөрөөдөлдөө умбанхан

Гэрэлтэн сацарсаар

Мөнгөнхөн үүлс болон

Булган голоосоо хөөрдөг

Зүүн гарын алаг уулаан зорьж

Зүсэр бороо болон ордог

Ай, тэгээд л

Долоон голынхоо цутгаланд нэгдэж

Амраг нутагтаа ирдэг

Өдөр бүр тэр

“Чингис толгой”- доо залбирдаг

Өглөөн наран

Алтай давж ирэхэд баярладаг

Мөнх цаст Алата-Уулын

Мөнгөн дүрс хөвүүлж

Алтанхан хундагаар

Архи сөгнөдөг,

Найргийн нөхөд, Дашбалбар

Наяад оноо дурсдаг

Монголоор ч, хасгаар ч

Уянгын шүлгээ тэрлэж

Морин харгуй, нүүдэлчний замаар

Довтолгодог

“Өвснөөс мэндэлж

Өвсөнд шингэнэ…” гэнэм

Өнө мөнхөд тэр

Өвст талаан дуулдаг

Дуртмал он жилүүдийг бөхөлж

Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэгт

Саатдаг

Хүйн чулуу нь Монголд ч

Хүслийн чулуу нь Казахстанд

Хасагийн тал нутаг- Долоон голын аглагт

Хамайн Жукел найрагч шүлгээн тэрлэж суудаг, аа.

4.

Талдыкурган хотод Монголоос нүүж очигсод нилээд бий гэнэ. Тэд энэ хотын буйдангийн бизнесийг нэгэнт “атгажээ”.Гоёмсог, орчин цагийн дизайн бүхий буйдан, тавилгаар гэрээ чимье гэвэл эднийг л зорьдог байна. Унаа, машин нь ч уугуул суугчдаас илүү тансаг хийгээд гол төлөв “тоёота” –гийн сүүлчийн загварынх гэж яруу найрагч нөхөр минь сайрхав. Үндэстнээ зоригсод минь өөдөлж яваад би ч бас нэгэнтээ баярлаж, хоёронтоо бахархав. Алс холд амьдрагсдаа хэзээ эртээс л монголын минь уул ус , лус савдаг харж түшин ивээлээ хайрлаж, нөмөрлөн хамгаалж байдаг нь нэгэнт батлагдсан үнэн юм. Хамайн Жукелийнх Талдыкурган хотын шинэ хороололд амьдарнам бүлгээ. Тэд эдүгээ ач зээгээ тэвэрч эрхлүүлсэн өвөө эмээ нар болжээ.

Хоёр шүлэгч Зүүн гарын алаг уулнаа зорчин бичигт хаданд залбирч, хасагийн тал нутгийг халианхан,Алата –Уулыг даван Иссыкуль нуурны эрэг дээр наран жаргахыг харна гэж төлөвлөсөн ч хоног хугацаанд шахагдав. Талдыкурган хот бол Нурсултан Назарбаевын төрсөн хот ажаам. Тийнхүү түүний хөшөө энд сүндэрлэжээ. Амьддаа хөшөө нь боссон анхны ерөнхийлэгч буюу тэр. Буцахынхаа өглөө Казахстаны далбаа өндөрт намиран байдаг талбайд очлоо. Боржин суурийг нь улсынх нь газрын зурагны хэлбэрээр хийжээ. Газрын зураг дээр хотын нэрс гэрэлтэнэ. Талдыкурган хотын нэр ч байна. Алаглан нүүх цэнхэр тэнгэрийн өехий өргөж Казахстаны далбаа намирах ажу. Эргэн тойрон алаг цэцэгийн мандал, гоёмсог бут сөөг. Хөшөөний өндөр сууринаас нэгэн хүү нөтбукээ цэнэглэн сууж, ном унших бүлгээ. Моддын доорхи сандал дээр хос залуус сууна. Тэр сацуу монгол улсынхаа далбаа хэдэнтээ намирч асан наадмын талбай орчмыг дурсан санав. Сар орчим л харааг минь булааж, сэтгэлийн минь галыг асаан намирсан юмсан. Олон жилийн өмнө шүү дээ. Одоо бол хэн хүний дуртгалын тэнгэрт намиран буй биз ээ. Далбааны суурь нь байгаа байлгүй, алтан соёмбот далбаагаа ахин залъя хэмээн хашгирья. Өдөр бүр намиран хийсэх далбаагаа харж буй монгол хүн омогшил бахархлаар цэнэглэгдэн өөдлөн бадрахын зөнгөөр гэрэлтэн урагшлах билээ л. Иргэн нэг бүр нь зорилготой тийм улс л хөгжил бадралын дээдэд хүрнэ.

…Алматагийн нисэх буудлаас хөөрчухуй. Тэртээ доор хотын гэрэл сүлрэн, тэнгэрийн заадас мэт туяарах ажу. Шүлэгч анд Жукелийн баяртай гэж даллан үлдсэн дүр төрх үзэгдэнэ. Бидний дунд эр улсын амлалт бий. Уран бүтээлийн урт зорилгын үзүүр энд зангилагдав. “Миний ертөнц” анхны сонет цэцгэн эрхи бүтээл минь казак хэлээр уншигчдаа хүрчээ. Өмнө нь англи, орос, македон зэрэг хэлээр хөрвүүлэгдсэн юмсан. Зохиогчийнхоо гараас гарсан уран бүтээл өөрийнхээ зам мөрийг хөөдөг. Араас нь залбирч зогсохын шид хутагт автахын жаргал зовлонг бүтээгчээс нь өөр хэн ч эдлэхсэн билээ. Онгоцны гэгээвчээр одод гялбалзаж, түүний дүрс сэтгэл дотор түгнэ.

Нур-султан хотын Нур-султан нисэх онгоцны буудалд унаагаа юүлнэ. Наран зүг эх орон юугаа зорин ниснэ гэхээс сэтгэл далавчлана.

Улаанбаатар- Нур-султан-Алмата- Талдыкурган

Данзангийн НЯМАА (СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *