Categories
мэдээ улс-төр

Казахстаны Ерөнхий сайд Карим Масимов 200 мянган ам.долларын хандив өгөхөө илэрхийллээ

Энэ сарын 10-нд Баян-Өлгий аймагт их хэмжээний мөндөр, бороо орсны улмаас 160 орчим айл үерт автаж, нэг хүүхэд амиа алдсан байгалийн гамшиг болсон билээ. Тиймээс тус аймагт Улсын онцгой комисс, Онцгой байдлын Ерөнхий газрын баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Мөн Улсын онцгой комиссын 70 иж бүрэн гэр, 640 хүний хоол хүнс зэрэг бараа хүргэх тусламжийн цуваа өнөө өглөө Улаанбаатараас Баян-Өлгий аймгийг зорьсон.

Харин өчигдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Карим Масимов АСЕМ-ын уулзалтад оролцохоор Улаанбаатарт ирэх замаараа Баян-Өлгийд бууж, гамшигт нэрвэгдсэн иргэдтэй уулзсан юм. Ингэхдээ тэрээр Монголын Засгийн газартай ярилцаж, байгаад хандив тусламж өгнө гэдгээ илэрхийлэсэн. Тиймдээ ч Карим Масимов өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзахдаа гамшигт нэрвэгдсэн Өлгийн иргэдийн тусламжинд зориулж, 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хандив өгнө гэжээ.

Мөн хоёр орны Ерөнхий сайд нар цаашид Монгол, Казахстан хоорондын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг төслүүдээр баяжуулж, хөгжүүлэх талаар харилцан тохиролцоо хийжээ. Мөн түүнчлэн Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан ирэх 11 дүгээр сард зохион байгуулагдах юм байна.
Н.ГАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *