Categories
гадаад мэдээ

Казахстан улс ОХУ-д эдийн засгийн хоригийг давахад нь туслахгүй гэлээ DNN.mn

Украины хямралтай холбоотойгоор өрнөдийн орнуудаас тавьсан эдийн засгийн хоригийг давахад нь ОХУ-д туслахгүйгээ Казахстаны албаны хүн мэдэгджээ.

Казахстаны ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Тимур Сулейменов саяхан Европын Холбооны нийслэл Брюссель хотод Euractiv сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа энэ тухай тодорхой тайлбарласан байна.

Гэхдээ тэр эдийн засгийн хоригийг зөрчилгүйгээр ОХУ-тай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хэвийн үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг мэдэгджээ.

“Бид хоригт багтсан хувь хүн, байгууллага Казахстанд хөрөнгө оруулахаас сэргийлэхийн тулд бүх анхаарлаа тавьж ажиллана. Европчуудад энэ санаагаа нээлттэй илэрхийлэх нь бидний хүсэж байгаа нэг юм” гэж Сулейменов ярьсан байна.

Казахстаны эрх баригчид хоригийг зөрчилгүйгээр эдийн засгийн харилцаанд орохын тулд зарим хуулиа өөрчлөхөөр судалж байгааг тэр бас хэлсэн юм.

Казахстан бол ОХУ-ын худалдааны том түншүүдийн нэг бөгөөд хоёр улс 7,600 орчим километр урт зурвасаар хил залгадаг.

Одоо тус улсын эрх баригчид Украинд болж буй үйл явдалд нэлээд санаа зовж буй гэсэн мэдээлэл бий. Гэхдээ эрх баригчид үүнийгээ олон нийтэд ил тод илэрхийлэхгүй байгаа.

“Казахстан улс Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Крымийн хойгийг нэгтгэсэн явдлыг Казахстан хүлээн зөвшөөрч байгаагүй, цаашид ч хүлээн зөвшөөрөхгүй. Бас Украинаас салсан дорнод мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж Сулейменов мэдэгджээ.

Тэрбээр цааш ярихдаа “Казахстан уг мөргөлдөөнд шууд хамааралгүй. Бид Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн мөн боловч өөрийн өөрийн тусдаа бодлоготой. Орос, Беларусийн эсрэг тавьсан хоригийг дагаж мөрдөх болно. Бид тэдэнтэй нэг ангилалд багтаж, өөрийгөө эрсдэлд оруулах хүсэлгүй” гэсэн байна.

Сулейменов бас ярихдаа Украинд болж буй үйл явдлыг “цэргийн тусгай ажиллагаа” гэлгүй “дайн” гэж нэрлэсэн юм.

ОХУ-ын голлох үүрэгтэй оролцдог Евразийн Эдийн Засгийн Холбоонд одоо Беларусь, Армени, Киргизстан, Казахстан улсууд багтдаг. Уг байгууллагыг Европын Холбоотой өрсөлдөх гэж байгуулсан гэдэг ч Москвагийн эрх баригчдын хуучин Зөвлөлтийн нөлөөний бүсийг хадгалах гэсэн оролдлого гэж ажиглагчид үздэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *