МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өчигдөр Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, ахмад, дунд, залуу үе, Налайхад амьдардаг казах иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. МАН-ын дарга М.Энхболд “Урин хаврын эхлэл өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлгэшээн тэмдэглэдэг Наурызын баяр нь Монголын казах иргэд ёс заншил, уламжлал соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж,хадгалж ирснийбодит илрэл юм.ЮНЕСКО биет бус соёлын үнэт өвд бүртгэж, жил бүрийн гуравдугаар сард олон улсын Наурызын баярыг тэмдэглэхийг тунхаглан зарласан байдаг. Монгол Улсын төр засгаас ч ач холбогдол өгч энэхүү баярын өдрийг Баян-Өлгий аймагт амралтын өдөр болгохоор хуульчилсан юм” гэлээ. Наурызын баяраар МАН-ын удирдлагуудын зүгээс казах иргэдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархаж буйгаа энд ирсэн иргэд илэрхийлсэн юм.