Олимпийн хүндийн өргөлтийн тэмцээнүүд эдгээр өдрүүдэд үргэлжлж байна. Өчигдөр/2021.07.31/ эрэгтэйчүүдийн 96 кг-ийн тэмцээн болж, Катарын тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Фарес Элбах нийт 402 кг өргөж, улсынхаа олимпийн анхны алтан медалийг авчирчээ. Харин мөнгөн мдалийг Венесуэлийн Кэйдомар Валленилла, хүрэл медалийг Гүржийн Антон Пльеснои нар тус тус хүртжээ.
Өдгөө 23 настай Элбах “Энэ олимпийн наадмаас алтан медаль авсанаараа бахархаж байна” гэжээ.2.8 сая хүн амтай Катар улс олимпийн наадмаас зургаа дахь медалиа авч байна. Тэд хамгийн анх 1984 оны Лос Анжелесын олимпод баг тамирчдаа илгээж байсан бол 1992 оны Барселонагийн олимпоос анхны медалиа хүртэж байжээ. Тухайн үед тус улсын тамирчин Мохамед Сулейман 1500 метрийн гүйлтэнд хүрэл медаль хүртэж байв.
Катар улс энэ удаагийн Токиогийн олимпод 16 тамирчнаа илгээжээ.