Реал”-ын ахлах дасгалжуулагч Карло Анчелоттиг ажлаас нь халж буйгаа тус багийн ерөнхийлөгч Ф.Перес өнөөдөр албан ёсоор зарлалаа. “Захирлуудын зөвлөл удтал хэлэлцсэний эцэст Анчелоттитой гэрээгээ цуцлахаар шийдвэрлэлээ. Хэдийгээр энэ шийдвэр манай багийнхны хувьд хүндхэн тусах ч гэлээ хожмоо шинэ эрмэлзэл, хөгжил дэвшилд чиглүүлэх алхам болно хэмээн найдаж байна” гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ. Дэлхийн хамгийн баян баг хэмээгддэг “Реал” Мадрид энэ жил хөлбөмбөгийн ногоон талбайд олигтой амжилт үзүүлж чадаагүй тул хоёр жил хамтран ажилласан итали дасгалжуулагчаасаа “хагацлаа”. Анчелоттиг багтаа урих сонирхолтой хүмүүс хорвоод үй түм байгаа ч гэлээ тэрбээр халагдсан тохиолдолд нэг жил ажил хийхгүй биеэ эмчлүүлж, амрах болно хэмээн өмнө нь мэдэгдэж байсан билээ.
Б.Хулан