Канадын эрх баригчид 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) ялгарлыг 30 хувиар бус харин 40 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо Ванкувер хотноо мягмар гарагт болсон уур амьсгалын асуудлаарх чуулга уулзалтад үг хэлэхдээ мэдэгджээ.
“Өнөө өглөө манай Засгийн газар Канадад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөгөө нийтэллээ. Энэ бол амбицтай, хэрэгжих боломжтой төлөвлөгөө юм. 2030 он гэхэд бид “CO2”-ын ялгарлыг 2005 оныхтой харьцуулахад 40 хувиар бууруулж, 2050 он гэхэд тэг үзүүлэлтэд хүрэх замдаа тууштай байх болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Урьд нь Канадын эрх баригчид 2030 он гэхэд “CO2”-ын ялгарлыг жилд 511 мегатонн болгон бууруулна мэдэгдэж байсан бөгөөд энэ нь 2005 оны үзүүлэлтээс 30 хувиар бага юм. Энэхүү зорилт нь 2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх НҮБ-ын өмнө хүлээсэн Канадын үүрэг амлалттай нийцэж байгааг Ж.Трюдо онцлон тэмдэглэж байв.