Categories
гадаад мэдээ

Канад: Хятад бол улам бүр аюул учруулах гүрэн DNN.mn

Канадын эрх баригчид Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, дипломат харилцааныхаа шинэ стратегийг танилцуулж, тус бүс нутагт хөрөнгө оруулахад бараг 2.3 тэрбум канад доллар (1.65 тэрбум евро) хуваарилж байгааг танилцуулав. Уг баримт бичгийг өнгөрсөн ням гарагт тус улсын засгийн газрын “вэбсайтад” нийтэлсэн байна.

“Энэ стратеги нь ирэх 10 жилд Энэтхэг-Номхон далайн бүс нутагт үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд тус улсаас оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт, уян хатан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн иж бүрэн замын зураглал юм” гэжээ. Мөн тус бүс нутгийн кибер аюулгүй байдлыг ханган хөгжүүлэхэд Канадын тэнгисийн цэргийн оролцоог бэхжүүлэх, Канадын Зэвсэгт хүчний тус бүс нутгийн цэргийн сургуулилтад оролцох оролцоог нэмэгдүүлэхэд 540 орчим сая доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ мөнгөний 240.6 сая нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, 750 сая нь Канадаастус бүс нутагт хувийн хэвшлийг хөгжүүлэхэд зориулагдах гэнэ.

Энэхүү стратегийн нэлээд хэсэг нь Канадын Хятадтай харилцах харилцааг хөгжүүлэхэд зориулагдсан бөгөөд уг баримт бичигт ” Хятад бол дэлхийд улам бүр аюул учруулах гүрэн” гэж тодорхойлсон байна. “Хятад улсын ашиг сонирхол, өөрийн үнэт зүйлсдээ илүү таатай орчин бий болгох эрмэлзлэл нь олон улсын дэг журам, манай улсын эрх ашигтай улам бүр зөрчилдөж байна” гэж уг стратегид онцолжээ. Гэсэн ч уг баримт бичигт “Хятадын асар том хэмжээ, нөлөө нь цаг уурын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, дэлхийн эрүүл мэнд, цөмийн зэвсгийн тархалт зэрэг дэлхийн амар амгалан оршин тогтнох, учирч буй сорилтуудыг шийдвэрлэхэд тэдэнтэй хамтран ажиллах зайлшгүй шаардлагыг бий болгож байна” гэдгийг хүлээн зөвшөөрч, Хятадын эдийн засаг “Канадын экспортлогчдод чухал боломжууд олгож байдаг” гэж онцолсон байна.

“Канад улс үндэснийхээ эрх ашгийг ямагт тууштай хамгаалах болно. Бидний Хятадад хандах хандлага нь өнөөгийн Хятад улсын талаар бодитой, ухаалаг үнэлэлт дүгнэлтэнд суурилж байна. Үзэл бодлын гүн гүнзгий хагарал үүсэх асуудал дээр бид Хятадын эсрэг хатуу байр суурь баримтлах болно” гэж уг стратегид дурджээ.

Канад улсын худалдааны 68 хувийг АНУ, харин Хятад долоон хувийг бүрдүүлдэг гэж “Ройтерс” агентлаг онцолжээ. Канад улсаас өмнө Их Британи Хятад улсыг өөрийн гол дайсан улс хэмээн зарлаад байсан юм.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *