Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачлагаар өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой тус арга хэмжээнд “Никитон”, “Камертон” зэрэг хамтлагууд ая дуугаа өргөж, тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажилласан юм.
Тус тоглолтыг зохион байгуулахад зориулж Нийслэлийн Захирагч С.Батболд 300 сая төгрөгийг төсвөөс гаргасан талаар шүүмжлэл тухайн үед өрнөж, иргэдийн зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн ч намжсан. Тус арга хэмжээг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 217 сая төгрөг гаргасан тухай баримт дэлгэгдлээ. Баримтаас харахад уран бүтээлчдийн зардалд 134 сая, тайз тоног төхөөрөмжид 59 сая, худалдаа үйлчилгээний зардалд 13 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Тансаглалаа танаж, тэвчиж болох зардлаа хасах уриалга дэвшүүлээд байгаа удирдлагууд хямралын үед шоу цэнгээнд ийм хэмжээний мөнгө зарцуулах нь зөв үү.