АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденыг ээлжит эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдах хугацаанд түүний бүрэн эрх мэдлийг 86 минутын турш дэд ерөнхийлөгч Камала Харрист шилжүүлжээ. Ингэснээр тэрбээр АНУ-ын түүхэнд ерөнхийлөгчийн бүрэн эрхийг эдэлсэн анхны эмэгтэй улстөрч боллоо. Жо Байденыг шулуун гэдэсний дуран хийлгэхээр бүтэн унтуулгад орсон хугацаанд Үндсэн хуулийн дагуу 57 настай дэд ерөнхийлөгч Камала Харрис түүний бүрэн эрхийг шилжүүлэн авсан аж.
Хорт хавдрын эрсдлийг эрт илрүүлэх зорилготой 10 жилд нэг удаа хийгддэг шулуун гэдэсний дурангийн үзлэгийн дараа түүний эмч Кевин О’Коннор хэлэхдээ “Ерөнхийлөгч Жо Байдены шулуун гэдсэнд бага зэргийн уйланхай илэрсэн. Үүнийг хялбархан авчихаж болно. Тэрнээс бусдаар ерөнхийлөгч эрүүл, албан үүргээ гүйцэтгэх боломжтой” гэж мэдэгджээ. Сонирхолтой нь, Жо Байден дурангийн шинжилгээний дараа 79 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн байна. Тэрбээр АНУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж буй хамгийн хөгшин ерөнхийлөгч билээ.Өмнө нь Жорж Бушийг 2002-2007 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байхад мөн ийм арга хэмжээ авч байжээ. Гэхдээ Камала Харрис анхны эмэгтэй гэдгээрээ анхаарал татсан аж.
Камала Харрис Цагаан ордны баруун жигүүрт суудаг. Тэрбээр өнгөрсөн онд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоноор анхны хар арьст, анхны эмэгтэй улстөрч болсон билээ.