Categories
мэдээ нийгэм

Калибек Кобландин: Астанаг 2050 он гэхэд дэлхийн шилдэг 10 хотын эгнээнд багтаана

БНКазУ-ын Элчин сайдын яамнаас өчигдөр буюу энэ сарын 27-нд тус улсын шинэ нийслэл Астана хот үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулав.

ЮНЕСКО-гоос “Ертөнцийн хот”-оор зарласан Астана хотын суурийг анх 1830 онд Казахуудсын суурин болгох зорилгоор байгуулжээ. Тус суурин 1962-1992 онд Целиноград, 1992-1998 онд Акмола хот болон өргөжин хөгжсөн байна. Энэ үед БНКазУ-ын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев улсынхаа нийслэлийг Акмола хот рүү нүүлгэж, Астана хэмээн нэрийджээ. Анх байгуулагдахдаа 280 мянга гаруй хүн амтай байсан уг хот эдүгээ нэг сая гаруй оршин суугчтай болсныг БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калибек Кобландин хүндэтгэлийн арга хэмжээний нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “Өнгөрсөн хугацаанд Астана хотын Дотоодын нийт бүтээгдэхүүн 190, баригдсан орон сууцны тоо 19, гадаад худалдааны эргэлт 13 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалт, Азийн өвлийн спортын долдугаар их наадам, “Астана экспо 2017” зэрэг олон улсын томоохон арга хэмжээнүүдийг өндөр түвшинд зохион байгуулж ирсэн. БНКазУ 2050 он гэхэд Астанаг Дэлхийн шилдэг 10 хотын эгнээнд багтаах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ. Мөн тэрбээр Монголын ард түмэнд удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэнд хүргэв.

Монгол, Казахстаны ард түмний найрамдалт харилцааг гүнзгийрүүлэхэд Улаанбаатар, Астана хот чухал үүрэгтэй гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд онцоллоо. Дэлхийн хамгийн залуу хот болох Астанаг 21 дүгээр зууны дэвшилтэт технологи, хот байгуулалтын шинэлэг арга барил ашиглан богино хугацаанд эрчимтэй хөгжүүлснийг Хотын дарга мөн дурьдлаа. Түүнчлэн хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар, Астана хот нийгэм эдийн засаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтойг хэлсэн юм.

Хүндэтгэлийн арга хэмжээнд ГХЯ, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын удирдлагууд, УИХ-ын гишүүд оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *