Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын барилдаан өнөөдөр дуусаж байна. Сүүлийн барилдааны үр дүнгээс шалтгаалж, нэмэлт барилдаан гарах магадлалтай байсан. Гэвч Ёкозуна Какурюу Ананд Ёкозуна Хакухог ёрикири мэхээр давав. Ингэснээр Точинашингийн хүлээлт талаар боллоо. Мэргэжлийн сумогийн дэвжээнд 40 удаа түрүүлсэн их аварга Хакухотой өмнө нь 45 удаа оноолт таарчээ. Үүнээс 39-т нь унаж байсан үзүүлэлттэй аж. Ёкозуна цолоо авснаас хойш есөн удаа оноолт таарахад нэгт нь давж байжээ. Гэвч өнөөдрийн барилдааны үр дүнд Ёкозуна Какурюу Ананд давж, мэргэжлийн сумогийн тав дахь түрүүгээ авав.
Тэрээр хэлэхдээ “Ёкозуна цол авснаасаа хойш байнга зориж байсан нэгэн зорилго маань биелэж байна. Өнгөрсөн 2017 он миний хувьд хэцүүхэн жил байсан. Дэм өгч туслаж, дэмжиж байсан олон хүн бий. Заавал эргээд баярлуулах юм шүү гэсэн сэтгэлээр өнөөдрийг хүрсэн. Энэ бодол минь биеллээ оллоо. Түрүүлснийхээ дараах башёд сэтгэгдэл тааруухан байдаг. Өөрийнхөө сэтгэл зүйг бэлдэж ирсэн. Баяртай байна. Эхний өдрүүдэд нэг унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байсан. Түрүүлэх барилдааныг анх удаа хийж байгаа биш. Олон барилдаан хийж байсан . Олон башёд үзүүр түрүү булаалдсан. Тэр туршлага их тус болсон байх. Хүнд хэцүү өдрүүдийг заавал дэвжээнд гарах юм шүү! Какурюу. Өөрийгөө хэр сайн барилдахыг олон хүнд харуулах юм шүү! гэсэн итгэлээр хүлээж ирсэн. Гурван жилийн өмнө нэг түрүүлсэн. Одоо хоёр түрүү дарааллан авлаа. Үүнээс илүү сайхан зүйл мэдрэхгүй байна. Нагоя башёд түрүүлсэн удаа байхгүй. Дахин нэг шинэ зорилго тавиад, өөрийнхөө бүх хүчийг дайчлан барилдах болно. 15 өдөр дэмжсэн та бүхэндээ баярлалаа” хэмээн хэлэв.
С.ОТГОНБАЯР