Кабулын нисэх онгоцны буудалд Пүрэв гаригт гарсан халдлагын улмаас амиа алдагсдын тоо 103-д хүрсэн талаар Талибаны нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ. Халдлагын үеэр тус бүлэглэлийн 20 гаруй гишүүн амь үрэгджээ. Албан бус мэдээллээр нас барсан 40, шархадсан 120 хүнийг Кабулын эмнэлэгт хүргэсэн байна. Харин АНУ-ын талаас халдлагад өртөж, амиа алдсан цэргийн тоо 13-д хүрсэн бөгөөд шархадсан 18 цэргийг нутагт нь буцаахаар болсныг Төв командлалын олон нийттэй харилцах албаны ажилтан Билл Урбан мэдэгдэв.
Кабулын нисэх онгоцны буудалд Пүрэв гаригт 30 минутын зайтай хоёр удаагийн дэлбэрэлт болсон юм. Тодруулбал, Кабулын нисэх онгоцны буудлын хойд хаалган дээр эхний дэлбэрэлт болсон бол удаах дэлбэрэлт холбоотны цэргүүдийн ашиглаж байсан нисэх онгоцны буудлын ойролцоох “Baron Camp” цэргийн баазад болжээ. “Исламын улс” бүлэглэл халдлагын эзэн холбогдогч болохоо мэдэгдсэн бөгөөд АНУ-ын армийн хамтрагчид болон орчуулагчдыг онилсон гэжээ.
Халдлага болох үед тухайн газарт байсан Абдул Вакил хэлэхдээ “Орон нутгийн цагаар 18:00 цагийн орчимд нисэх онгоцны буудлын хаалганы гадна цугларсан хүмүүсийн дотор дэлбэрэлт болсон” гэжээ. Өнгөрсөн хугацаанд нисэх онгоцны буудлын гол хаалга руу хүрдэг замыг хаасан байсан тул шархадсан хүмүүсийг гар тэрэг, дамнуургаар зөөж байв. Нисэх онгоцны буудалд халдлага гарахаас өмнөхөн нислэгээ хүлээж суусан олон мянган иргэнд халдлага гарч болзошгүй талаар Барууны орнуудаас анхааруулжээ. Тухайн үед талибанчууд онгоцны буудлын гадна, АНУ болон эвслийн цэргүүд дотор талд байрлаж аюулгүй байдлыг хангаж байсан аж.