Баяр баярын дундаас хамгийн сайхан, гэгээлэг нь шинэ жил билээ. Энэ өдөр айл бүр халуун ам бүлээрээ цуглаж, шинэ оноо угтдаг тийм л сайхан дулаан уур амьсгалыг мэдрүүлдэг баяр юм. Шинэ жилийн баяраар хамгийн завгүй байдаг хүмүүс бол урлагийнхан. Энэ цаг мөчид МУСТА, жүжигчин Н.Отгонтогостой холбогдож, шинэ жилийнхээ баярыг хэрхэн тэмдэглэж байгааг нь сонирхлоо.
-Он солигдоход хэдхэн цаг үлджээ. Танай гэр бүл шинэ оноо хэрхэн угтахаар бэлдэж байна вэ?
-Гэр бүлээрээ баярын ширээгээ засаад шинэ оноо сайхан угтахаар бэлдэж байна даа. Манай гэрт өвлийн өвөө, цасан охидынхоо хамт зочилж, хүүхдүүдэд маань гэнэтийн бэлэг барилаа.
-Уран бүтээлчдийн хувьд аливаа баяр ёслолоор гэртээ байцгаах нь ховор байдаг. Харин таны хувьд энэ өдөр гэр бүлдээ нэлээд цаг гаргадаг бололтой?
–Тэгэлгүй яахав. Аль болох гэр бүлтэйгээ халуун ам бүлээрээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтахыг хүсдэг. Өнөө жилийн тухайд Жамбын Батмөнх гуайн тухай өгүүлэх “Бүү март” бүрэн хэмжээний уран сайхны кинонд ажиллаад сая дөнгөж өчигдөр, уржигдархан хамгийн сүүлийн зураг авалтаа дуусгаад өнөөдөр л гэртээ өнжих гэж байна даа.
-Улиран одож буй 2015 он таны хувьд ямар олз омогтой, амжилт бүтээлтэй жил байв?
– Уран бүтээлийн хувьд олз омогтой байлаа.Чингүүний бүтээл “Учрал” уран сайхны кинонд ажиллаж дуусаад “Бүү март” кино руу орсон. Энэхүү түүхэн уран бүтээл бол 2800-гаад уран бүтээлч оролцсон маш том бүрэн хэмжээний кино. Дөрвөн сарын хугацаанд хийж дуусгаад дөнгөж амьсгаа аваад байж байна.
-2016 онд ямар уран бүтээл дээр ажиллахаар төлөвлөж байгаа вэ?
-Одоогоор хоёр киноны санал ирээд байна. Хөрөнгө мөнгө нь шийдэгдвэл хоёрдугаар сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
-Таны дурсамжид хамгийн тодхон, дурсамжтай үлдсэн шинэ жилийн баярынхаа тухай дурсахгүй юу?
-Шинэ жил бол хүн болгоны хувьд хамгийн сайхан баяр. Ялангуяа хүүхүүдийн хамгийн их баярлах дуртай баяр байдаг. Хүүхэд ахуй байхдаа их сайхан тэмдэглэдэг байлаа. Одоо бүр ч өргөн дэлгэр тэмдэглэдэг болж. Шинэ жил гэдэг бол тухайн ондоо хийсэн ажлаа тайлагнадаг сайхан баяр юм даа. Миний хувьд хамгийн сайхан, хүүхэд ахуй насны минь дурсамж дүүрэн баяр. Арван жилд байхдаа сурлагынхаа хамжилтаар хуучин оноо үддэг байсан бол ажил дээр гараад ажлын үр дүнгээ тайлагнадаг баяр юм даа. Тиймээс тухайн жилдээ ямар эрч хүчтэй ажилласнаа дүгнэж, ирэх жилдээ тэр эрч хүчээ улам бататган илүү ажиллах цензур шалгуур гэж боддог.
Тиймээс ирэх 2016 онд монголын ард түмэн маань хямралаас гарч, элбэг дэлбэг, эрүүл саруул амьдраасай гэж хүсч байна.