Энэ португаль эр дэлхийд нэрээ цуурайтуулсан шилдэг дасгалжуулагч болохын тулд яах ёстой юм бэ гэдгийг сайн мэднэ. Тэр 2010 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооноос (ОУХХ) зарласан “Оны шилдэг дасгалжуулагч” шагналд түрүүлж мэргэжил нэгт менежерүүдээ манлайлж байлаа. Санаж байна уу, тэр жил Жозегийн удирдсан “Интер” баг, клубийн хэмжээний бүх тэмцээнд түрүүлж байсныг. FIFA.com түүнтэй уулзаж энэ цаг үеийн үйл явдалтай холбоотой 11 асуулт тавьж хариултаа авчээ.
-“FIFA Football Awards” шагнал гардуулах ёслол нэгдүгээр сарын 9-нд Цюрих хотноо зохиогдоно. Таны бодлоор шилдэг хөлбөмбөгчийн ямар үзүүлэлтийг онцлох ёстой юм бэ?
-Үнэнийг хэлэхэд би хувь хүнд олгодог шагналуудыг ойшоодоггүй. Учир нь хөлбөмбөг бол багийн спорт. Энд чинь багаараа ялж бас ялагддаг юм. Мэдээж хөлбөмбөг сонирхогчдын хувьд тэр, энэ шилдэг нь гэж үзэх асуудал байлгүй яахав. Тиймээс би ч гэсэн хөгжөөн дэмжигчдийн тэр санал бодлыг хүндэтгэнэ.
-2010 онд таныг “Оны шилдэг дасгалжуулагч” хэмээн өргөмжилж байлаа. Мэргэжлээрээ өөрийнхөө хүрч болох дээд оргилд хүрлээ гэж үзэж байв уу?
-Том бахархал. Нэмээд хэлэхэд, ОУХХ анх удаа “шилдэг дасгалжуулагч” хэмээх төрөл гаргаж шагнаж эхлэхэд анхалсан нь бас л урамшмаар. Гэвч ахиад хэлье. Хөлбөмбөг багийн спорт. Тэр шагнал минийх гэхээсээ илүү “Интер” багийнх байлаа. Италийн тэр гайхамшигт багийн хувьд өндөр жил байсан юм шүү.
-Өнөөдөр ОУХХ эрэгтэй дасгалжуулагчдаас Клаудио Раньери, Фернандо Сантос, Зинедин Зидан хэмээх гайхамшигтай гурван мэргэжилтнээс нэгийг нь сонгох гэж байна. Таны бодлоор хэн нь шилдэг байв?
-Уг нь бүгдээрээ өнгөрсөн улиралд гайхалтай байсан шүү. Раньери Английг доргиож, Сантос португаличуудын магнайг тэнийлгэсэн бол Зидан шууд л Аваргуудын лигт түрүүлсэн. Би гурвуулантай нь сайн харьцаатай байдаг тул хэн нэгнийг онцолж чадахгүй нь.
-Анх удаа хөгжөөн дэмжигчид санал асуулгад нөлөөлөх хэмжээтэй болж байгаа. Энэ жилээс эхлэн шилдэг дасгалжуулагчийн онооны 25 хувийг хөгжөөн дэмжигчид тодорхойлж байх болжээ. Энэ зөв үү?
-Тун зөв. Иймэрхүү санал асуулгад тогтмол “салхи” оруулж байх хэрэгтэй. Хөгжөөн дэмжигчид гэдэг чинь хөлбөмбөгийн нэг салшгүй хэсэг. Харин болгоомжлох жижиг зүйл нь том багийн балиашгууд бас олуулаа тул өөрийн багийн хүнээ “түлхэж” бодит биш үнэлгээ өгөх хэмээх асуудал босох вий.
-Хөлбөмбөг өнөөдөр ба шинэ зууны эхэнд гэдэг хэр зэрэг ялгаатай бол?
-Өнгөрсөн үеийн хөлбөмбөгч, өнөө цагийн хөлбөмбөгч, миний үеийнх, чиний үеийнх гэж харьцуулж ярих нь буруу. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам шинжлэх ухаанаа дагаад спорт ч гэсэн өөрчлөгдөж байгаа. Илүү чанартай бөмбөг өшиглөж, хөнгөн, эвтэй гутлаар гангарч байна. Хэдийгээр илүү олон тоглолтыг, хуучныг бодвол ойр, ойрхон хугацаанд тоглон өнгөрөөж байгаа ч гэлээ богино хугацаанд сэргэлт авах техник технологийн боломжтой болжээ. Хуучныг бодвол тун бага хугацаанд элдэв гэмтлийг эдгээж болдог болсон шүү дээ.
-Англи дахь хөлбөмбөгийн ертөнцийн онцлог?
-Англид нэг ч тэмцээнийг сэтгэл гаргалгүй тоглодоггүй. Улс нь тэр чигтээ хөлбөмбөгөөр “өвчилж” талбайд байгаа хэдийг эцсээ шавхаж тоглохыг хүсдэг. Тэднийг сайн мэргэжилтэн дасгалжуулж, бэлдэж, амрааж, хооллохыг шаарддаг. Тийм учраас тэд талбайд гарч ажлаа хийхдээ чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх болдог доо.
-Португаль гэж дөнгөж арав гаруйхан сая хүн амтай улс тивийнхээ аварга боллоо. Энд дэлхийн шилдэг дасгалжуулагчид төрж байна. Энд Роналду төрсөн. Яагаад ийм байна аа?
-Харин тийм. Үүнийг ойлгоход хэцүү юм. Эйсебио, Луиш Фигу, Криштиану Роналду гээд өчнөөн шилдэг хөлбөмбөгчид Атлантын далайн эрэг дэх энэ жижигхэн нутагт төрлөө шүү дээ. “Бенфика”, “Порту” багууд Европmоо өчнөөн удаа шилдгээр нэрлүүлж байсан. Сая улсын маань шигшээ “ЕВРО-2016”-гийн аварга боллоо. Бидний дэврүүн омголон зан нэмэр болдог юм болов уу.
-Моуриньогийн дасгалжуулж байсан багуудаас шилээд “шигшээ 11”-ийг нэрлээч гэвэл та хэн хэнийг сонгох вэ?
-Энэ асуултыг мөн ч их асуух юм даа. Би хэзээ ч хариулахгүй. Яагаад гээч. Хөлс, цусаа дуслуулж миний төлөө тоглосон тэр залуучуудыг энэ нь миний, тэр нь хүнийх гэж ангилж болох уу.
Витор Байя, Петр Чех, Хулио Сезар… эдгээр хаалгачдын хэнийг илүү гэх билээ? Хорхе Коста, Рикарду Карвалью, Марко Матерацци, Лусио, Вальтер Самуэль, Жон Тэрри… бүгдээрээ шилдэг хамгаалагчид биш гэж үү? Майкл Эссьен, Уэсли Снейдэр, Неманья Матич, Манише, Хаби Алонсо, Фрэнк Лэмпард… эдгээрээс зөвхөн нэгийг нь сонгож болно гэж үү? Унаж босохдоо хамт байсан тэр хэдийгээ алагчлахгүй ээ.
-Тавдугаар сард хуралдсан ОУХХ-ны конгресст та оролцсон. Инфантино ерөнхийлөгч шинэ хүний хувьд дасгалжуулагч, тоглогчдын саналыг түлхүү сонгохыг эрмэлзэж байгаа бололтой. Тэнд хэлэлцсэн нэгэн чухал асуудал нь ирээдүйд ДАШТ-д оролцох багуудын тоог нэмэх талаар байсан. Таны саналыг сонсож болох уу?
-Олон улс оролцох тусам хөлбөмбөг улам л хөгжих болно. Би шигшээд оролцох багуудын тоог нэмэх хэрэгтэй гэсэн талд зогсож байгаа.
-Талбайн шүүгчид видео бичлэг үзэж, техник, технологийн дэвшил, хөгжлийг ашиглаж байх ёстой юу, үгүй юу?
-Бидэнд энэ хэрэгтэй байна шүү дээ. Эволюци гэдэг чинь жам ёсоороо явагдаж байхад хойш чангааж болохгүй. Тэгээд шүүгчид ч гэсэн өөрсдийгөө хамгаалж, өмгөөлөл, үнэн зөв шийдвэр гаргах шаардлага зайлшгүй үүсч байна. Тэдэнд технологийн шинэчлэлийг хүсэх эрх бий.
Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ