БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Жорлон гэдэг үгийг сүүлийн үед цээрлэн “нойл”, ариун цэврийн өрөө”, “бие засах газар” гэх мэтээр эерүүлэх болж. Уг нь бие засах газар гэдэг маань жорлон гэсэн үгийн тайлбар юм л даа. Цээрлээд байх үг ч биш л дээ. Бөгс гэдэг үгийг цээрлэж байна гээд “өгзөг” гэж орлуулах болж. Өгзөг бол бөгс биш, хонгоны товгор хэсгийг ингэж нэрэлдэг. Бөгс ч тийм цээрлэмээр муухай үг биш, оочирын бөгс, бөгс мөнгө, уралдааны бөгс гэх мэт сүүлд нь, хойно нь, ард нь гэсэн утгаар ч өргөн хэрэглэдэг. Биеэ үнэлэгч гэдэг нь янхан гэсэн үгний тайлбар. Ян-эгшиг, хан-эмэгтэй хүн гэсэн гаралтай түвд үг. Дууч эм гэж орчуулсан нь ч тааралдана. Урлагийн тэнгэр Янжинлхам бурхныг “эгшиглэнт эх” гэж орчуулдаг биз дээ.
Жорлон гэдэг үг хаанаас хэзээ орж ирсэн нь мэдэгддэггүй. Өргөн уудам талд ганц нэгээрээ салангад суух нүүдэлчдэд тухайлсан жорлон хэрэггүй байж. Ер нь хотжил дагасан хэрэгцээ. Тавиад оны сүүлчээр Соёлын довтолгооны их хөдөлгөөнөөр хот байтугай талын малчин айлыг ч тусгайлсан жорлонтой болохыг дээрээс зааварлан албадсан юм. Ингээд хөдөөний айлууд гэрээсээ холгүй нүх ухаж, дөрвөн шон босгоод таараар тойруулж халх хийх болжээ. Түдэв гуайн “Нүүдэл суудал” романд ийм бие засах газар хөдөө нутагт хэрхэн үүссэнийг, ардууд үүнд нь хэрхэн дургүйцэж байсныг их хөөрхөн өгүүлсэн байдаг. Магадгүй энэ үеэс жорлон гэх үг өргөн хэрэглэгдэх болсон байх. Даам мэтийн зарим хөлөгт тоглоомд энэ үг байсан. Энэ нь тухайн даам бүх талаасаа бүслэгдэн нүүдэлгүй болохыг “жорлон болох” гэнэ. Мөнөөх таараар бүх талаасаа бүслэгдсэн нүхийг дүйцүүлэн ингэж нэрлэсэн байж болох. Таамаглал шүү. Эрт эдүгээгийн соёлын харилцаатай байсан аль ч хэлэнд төстэй нэршилтэй үг хайгаад олсонгүй, дуудлагаас нь харахад ориг монгол үг биш бололтой, тиймээс хөлөгт тоглоомоор дамжиж ирсэн үг болов уу.
Жорлонг англичууд “амрах өрөө”, францчууд “бодлогошрох өрөө”, хятадууд “хажуугийн байрлал” гэж өргөмжлөх аж. Бидний одоо “нойль нойль” гээд байх болсон нь Английн армид дарга нарт зориулсан жорлон тусдаа учир Officers Only гэснийг товчлоод давхар “ОО” үсэг (00 биш) тавин хаягладгаас үүдэлтэй гэнээ.
Монголын газар нутагт буй болсон анхны хот бол Улаанбаатар. XIX зууны дундуур тодорхой хүн ам төвлөрсөн суурин Гандан хийд орчмыг тойрон буй болжээ. Сийрэг байсан болохоор физиологийн хэрэгцээг хангах нь хэцүү биш байж. Хүн ам нэмэгдээд ирэхийн сацуу асуудал үүсч таарна. Оросын консул Шишмарёвын сүйх тэрэг гудамжинд хүндрээд сууж байсан хүнийг дайраад алчихжээ. Эндээс зарга үүсэн асуудал Богд хаанд хүрэв. Хоёр тал ярилцан үүнээс хойш сүйх тэрэг явдаг зам дээр хүнээ бие засуулж байхгүй гэсэн үүргийг Монголын тал хүлээсэн байна. Энэ нь бие засах асуудлаар тэмдэглэгдэн үлдсэн анхны баримт бичиг байх. 1913 онд Францын жуулчны авсан кино хальсанд Нийслэл хүрээний гудамжинд өдрийн цагаар олны нүдэн дээр хүндээр бие засаж буй нэг биш хүн гардгаас үзвэл ийм заншил түгээмэл байсан бололтой.
Гандан, Зүүн Хүрээ, Амгалан, Усны гудамж гэх мэтийн гэр хорооллууд үүслээ. Гадуураа хашаатай, тусгаарласан өөрийн газартай. Ийм нөхцөлд хашаагаараа нэг баагаад орхичихож болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ модон ч юмуу, тааран жорлон гэгдэх ухсан нүх дороо дүүрнэ. Ингэхээр нь нүхээ булчихаад ойролцоо газар дахин жорлон босгодог уламжлал тогтсон юм. Ногоон нуур буюу бидний нэрлэдэгээр зуун айлаас хойш долоон буудал хүртэлх газар бол Улаанбаатарын хамгийн удаан тэссэн хөгшин гэр хороолол. 70-80 жил болсон байх. Бид мал маллахдаа гаргууд ч өвс ногооноос хол ард түмэн гэдгийн баталгаа гэвэл ингэж удсан хэдэн мянган хашаанд тарьсан мод нүдний гэм харагддагаас ил. Тойруулж жорлон ухаж булсаар байгаад битүүрсэн хашаанд мод таривал дор нь бэлэн зэлээний органик бордоо байж л байна.
Өтгөн шингэнээр дүүргээд булсан газар эрүүл ахуйн хувьд маш аюултай. Эндээс хамгийн түрүүн хижиг өвчин дэлгэрэх том уурхай. Хижиг бол тун аюултай гоц халдварт өвчин. Гэтэл хичнээн жил болоход яагаад бид хижигт баригдчихаагүй юм бэ? Газар зүй л авардаг байх. Нэгдүгээрт, Монгол нь нэн хуурай орон. Ийм нөхцөлд бактери үржих бололцоо тун хавчигдмал. Нөгөө талаас Монголын дулааны улирал богино. Хөлдүү жорлон арай гэж гэсээд хөөрхий нянгууд амилан алдаж байтал анхны цас ороод, шөнөдөө хасах хэм болж өвчин дэгдээх бололцоог нь хаачихдаг байх аа. Одоо цаг агаар их өөрчлөгдлөө, өвөлдөө олигтой хүйтрэхгүй, зундаа түлж алах гэсэн халуун болдог боллоо. Цаашид бид ийм ариун цэврийн нөхцөлтэй удаан тэсэхгүй шүү.
“Шинжлэх ухааны товч түүх” хэмээх маш сонирхолтой ном бичсэн Билл Брайсоныг манай уншигчид таних болсон байх. Одоогийн сургалтын арга хоцорчээ, хөгжилтэй, хошин, сонирхолтой, уншууртай ийм маягаар шинжлэх ухааныг сургуулийн сурагчдад ойлгуулж байх хэрэгтэй юм байна, иймээс сургалтын арга барил программыг шинэчилье гэсэн хөдөлгөөн зарим оронд өрнөж, Английн Ерөнхий сайд энэ талаар зохиогч Брайсонтой зурагтын шууд нэвтрүүлэг хийж байсан. Сая Брайсоны бичсэн “Гэр ахуйн түүх” ном орчуулагдан хэвлэлээс гарлаа. “Гэр ахуйн түүх гэдэг миний төсөөлж байсан шиг ор, буйдан, зуухны түүх биш, чийг бам, сангас, бордоо, бясаа, цогцос, хулгай гээд бүх юм багтдаг юм байна” гэж зохиогч номынхоо өмнөтгөлд өгүүлжээ. Хотжил, иргэншлээ зайлшгүй дагасан эерэг болоод сөрөг бүх юмыг багтааснаа хэлж буй хэрэг.
Жорлон гэдэг бол хүн төвлөрөн суусан хотжилтой нягт холбоотой ойлголт. Хүн ам олноор төвлөрөх явдал маш эрт буй болсон. Манай эринээс хамаагүй өмнө Сиань хот сая хүнтэй байсан гэдэг. Гэвч урбан хот гэж арай өөр ойлголт байна. Энэ нь хүн ам төвлөрөхөөс гадна соёл, шинжлэх ухаан, тээвэр, цэвэр бохирын магистрали, гэрэлтүүлэг, аж үйлдвэр бөөгнөрсөн хотыг хэлнэ. 1800 онд дэлхийн хүн амын ердөө гурав хүрэхгүй хувь нь урбан хотод амьдарч байсан бол өдгөө энэ үзүүлэлт 50 хувиас даваад байна. Өнөөдөр дэлхий дээр саяас дээш хүн төвлөрсөн 500 орчим урбан хот байгаагийн нэг нь Улаанбаатар. Хот өөрийн стандарт жишигтэй, сууцнаас эхлээд байгаль орчин, нийтийн тээвэр, эрүүл ахуй гээд үй олон асуудлын өөрийн шийдэлтэй байж хүн амьдрах тух тохь байтугай аюулгүй байдал нь хангагдана.
Лондонг дэлхийн анхны урбан хот гэж үздэг. Бүх юм анхных болохоор хотын нөхцөлийг хангах гэж яаж будилж, хөглөж, шинэчлэгдэж хөгжсөн нь үнэхээр сонирхолтой, сургамжтай, бусад нь дуурайлал авахад тохиромжтой жишээ юм. Брайсон ихэнх жишээг Лондонгоос аван гэр ахуйн түүхээ бичжээ. Тэгэхээр энэ нь дан ганц байшингийн тухай бүтээл биш. Жорлонгийн тухай бүтэн бүлэг бий. Ердөө зуу гаруй жилийн өмнө өмхий хамхайдаа баригдсан ямар аймаар хот байсан, түүнийг хэрхэн засаж шийдсэн тухай маш сонирхолтой, наргиантай зөндөө жишээтэйгээр дүрслэн бичжээ. Мөнөөх гудамжинд бааж суугаад сүйх тэргэнд дайруулдаг жишээ бол тэр үеийн Лондонтой харьцуулахад өдөр тутмын хэвийн явдал.
Ус дүүргэсэн савны тусламжаар суултуур дахь ялгадсыг гэрээсээ хөөгөөд гаргачих аргыг нэлээд дээр үед нээжээ. Гэтэл гудамж баасаар дүүрчих нь тэр. Айлуудын хашаа шагайгаар татсан бохироор дүүрчихнэ, тэгэнгүүт чулуугаар дамжуурга хийн гишгин гарч ордог болж. Арай гэж хоолой бариад гол руу гаргадаг болсон чинь Тэмза мөрөн өмхийрчихөж. Английн парламент голын эрэг дээр байдаг тул бүх хаалга цонхоо яв цав хааж аваад хуралддаг болжээ. Өчүүхэн завсраар өмхий сийгэн орж хүн амьсгалах аргагүй болдог учраас. Өмхийг дарах гэж анх үнэртэй ус хийх болсон байна. Номыг уншвал ийм түүхийг өмхий үнэрттэл ярьж өгнө. Бохироос үүссэн өвчин эмгэг, халдвар, ариун цэврийн доройтлын тухай ой гутам жишээ зөндөө. Бөөнөөрөө хиарч үхдэг байсан байгаа юм даа!
Урбан туршлага үгүй, урбан болоод удаагүй манай хотын хувьд ийм аюул нөмрөх түгшүүр улам нэмэгдсээр. Баас шээсэндээ баригдаж, өвчин эмгэгийн үүр болсон хойноо ойлгож байхаар ийм туршлагаас суралцан урьдчилан сэргийлсэн нь уг нь дээр дээ. Бүх аймгаа хар замаар холбосон нь сайн хэрэг. Гэтэл автомашинжсан, замтай болсон хоёр нийлээд хотоо төдийгүй онгон хээр талаа завааруулах нэг ёс их дэлгэрч улам цаашилсаар байна. Хар замын дагуу 50-100 км газар жорлонгийн цогцолбор баривал яасан юм бэ. Тэнд машин болгоныг заавал зогсдогоор журамлаж болно. Зорчигчид нь хөлөө амрааг, гол нь тухтай бие засаад, хогийн цэг дээр нь хогоо хаядаг болбол, тиймээ? Халуун усны цэг тэнд байгуулсан ч болно. Нэг зовлон бий, хуушуур хийдэг гэр гэгчид ирж шаваад уг байснаас нь дордуулж орхино. Бохир завааны үлгэр жишээ болсон хоолон гэрүүд үй түм байгааг цөмөөрөө мэднэ. Иймээс шатахууны колонк гэдэг шиг тодорхой хариуцлага хүлээж төртэй гэрээ хийсэн тодорхой компаниудад хавь ойрын газартай нь түрээслүүлж, хэн дуртай хоолон гэрүүд шавааралдан тэр чигээр нь хогийн цэг болгох эрсдэлийг эхнээс нь хууль журмаар хориглох хэрэгтэй. Ихэнх оронд хурдны зам дагуух жорлонгийн цогцолборт ийм л шаардлага тавьдаг юм билээ шүү дээ.
Энэ дэлхий дээр өдөр ирэх тутам хэдэн арваараа аварга хотууд буй болж байна. Үүний ихэнх нь ядуу буурай орнуудад. Тэр чинээгээрээ байгаль орчны бохирдол, гоц халдварт өвчний дэгдэлт, ядуурал, утаа тортог, хог хаягдал гэсэн олон аюул нүүрлэж буй. Иймээс жорлонгийн асуудал нь улам бүр хавтгайрч буй өнөөгийн дэлхийн нийтлэг бэрхшээл болсон аж. Иймээс ялангуяа жорлонгийн ариун цэврийн асуудалд анхаарлаа хандуулсан Дэлхийн жорлонгийн байгууллага хэмээх олон улсын төрийн бус байгууллага 2001 онд шинээр буй болжээ. Үүнд 53 орны 150 гаруй байгууллага нэгдчихээд байна гэнэ. Арваннэгдүгээр сарын 19-ий өдрийг Дэлхийн жорлонгийн өдөр болгосон. Энэ нь жорлон мандтугай гэж баярлан жагсана гэсэн үг биш, ядахдаа энэ өдөр ариун цэврийн тухай бодож юу хийснээ эргэцүүл гэсэн үг байх аа. Газар газрын нөхцөл өөр учир тэрэнд нь тохирсон жорлонгийн механизм шинээр зохиох, бохир зайлуулах үр дүнтэй арга сурталчлах, бохирын аюулыг нийтэд ойлгуулах гээд олон ажил эд зохиодог. Дэлхийн жорлонгийн их хурал зохиож тайлангаа тавьдаг. Жорлонгийн музей, Ариун цэврийн дэлгүүрийн сүлжээ, Дэлхийн жорлонгийн коллеж, сургалт дамжаа гээд олон ажил зохион байгуулжээ.
Цэвэр жорлонгийн хөдөлгөөнийг олон газар дэмжин санхүүжүүлдгийн тэргүүнд Билл Гэйтсийн эхнэрийн “Милинда Гэйтсийн сан” байна. Тэд ялангуяа хөгжиж буй буурай орнуудын бохирын ариун цэврийг сайжруулахад ихэд анхаарч олон арван сая доллар хандивласаар ирсэн. Дэлхийн жорлонгийн байгууллагын Ерөнхийлөгч Жак Сим Монголд ирж жорлон “шалгачихаад” Азиас Хятад, Монгол хоёрын жорлонгийн ариун цэвэр арай дэндүү байна гэж хэлээд Монголын төрийн бус байгууллагуудыг олон улсын энэ байгууллагад элсэж хамтран ажиллаач гэж ятгаж байсан. Дэлхийг хамарсан том төсөл болохоор ядуу орнууд бэлэн санхүүжилттэй.
Саяхнаас манайд жорлонгийн хөдөлгөөн үүсч их л идэвх санаачилгатай ажиллаж эхэлсэн нь үнэхээр талархам үйлс юм. Айлгах биш ойлгуулах, загнах биш сургах, тараах биш өөрсдөөр нь бүтээлгэх чиглэл бариад үүндээ өргөн олныг хамруулан ажилласаар эрүүл орчин бүтээвэл асар их буян болно. Тэгж ч байгаа байх.
Утаа аюул мөн, гэхдээ жорлон гэнэт дэлбэрвэл хор хөнөөл нь зүйрлэхийн аргагүй гамшиг.
2018.3.24