Сар шинийн баярын бэлтгэлээ хийхээр хөдөөнөөс ирсэн ах маань шөнө дөлөөр утас цохиж “Эмээлтэд айлын хашаанд машинаа орхилоо. Ирж ав” гэдэг үүрэг өглөө. Ах маань арван жилийн туршлагатай “хөдөөний” жолооч. Хөдөөний гэж тодотгох учир нь аймагтаа жолооны курс төгсч тэндээ л машин жолоодсон. Хотын замын хөдөлгөөнд оролцож чадахгүй, гэрэл дохионы учрыг олж чадахгүй гээд машинаа захдуу тавьчихаж байгаа нь тэр. Хөдөө жолооны курс төгсч, жолооны үнэмлэх авсан ах шиг маань олон жолооч бий. Тэдний заримыг хотын замын хөдөлгөөнд оролцож, будилж явахад нь “Дүрмээ бариач”, “Гэрлээ хараач” гэж загнах хүн олон. Түгжрэлийн зарим шалтгаан нь хөдөөний жолооч болчихдог ч тал бий. Бас зам тээврийн ослын дийлэнх нь хотын хөдөлгөөнд машин жолоодож чадаагүйгээс болсон байдаг. Тэгэхээр зам тээврийн ослоос сэргийлэхийн тулд хөдөө жолооны курс төгссөн жолоочийг хотын хөдөлгөөнд дадлагажуулмаар байна. Замын цагдаагийн газар нь шалтгалтаа аваад жолооч гэсэн үнэмлэх олгочихсон учраас өөрийнхөө зардлаар дадлагажуулдаг болох хэрэгтэй. Ингэвэл зам тээврийн осол, аюулаас урьдчилан сэргийлэх үр дүнтэй ажил болно.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР