Categories
гадаад мэдээ

Жо Байдены тангараг өргөх ёслол дээр Лэди Гага, Женнифер Лопез нар дуулна

Дуучин Леди Гага, Женнифер Лопес нар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын тангараг өргөх ёслолыг нээнэ гэж ёслолыг зохион байгуулах хорооноос пүрэв гарагт мэдээллээ. Тэр дундаа Байдены сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцож байсан дуучин Лэди Гага нэгдсэн улсын төрийн дууллыг эгшиглүүлэх болжээ. Цар тахлын үед өөрийн дуу хоолойгооор нийгмийн цөөнхийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж чадсан хэмээн үнэлж Женнифер Лопезыг тангараг өргөх ёслолын тайзнаа урьжээ. Түүнчлэн Үндэсний залуу яруу найрагчдын холбоог төлөөлөгч Аманда Горман шүлэг унших бол Жоржиа мужийн Фултон тойргийн гал сөнөөгч Андреа Холл ёслолын хүндэт зочноор уригджээ. Андреа Холл бол гал сөнөөгчдөөс ахмад цол хүртсэн анхны хар арьст эмэгтэй юм. Байдены эртний найз, Жоржтауны их сургуулийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лео Ж.О’Донован ч хүндэтгэлийн урилгыг хүлээн авчээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа алдартнууд оролцсон концерт, үдэшлэгийг цахимаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү тусгай нэвтрүүлгийг жүжигчин Том Хэнкс хөтлөх бөгөөд орон нутгийн цагаар 20:30 минутаас ABC, CBS, NBC, CNN, MSNBC сувгаар шууд дамжуулахаар болжээ. 22 цаг хүртэл үргэлжлэх баярын үдэшлэгт Деми Ловато, Жастин Тимберлейк, Жон Бон Жови нар оролцож уран бүтээлээсээ толилуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *