АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден танкийн эрлэг болоод буй “Javelin” пуужингийн системийн үйлдвэрт зочилжээ. “Lockheed Martin” компанийн Алабама мужийн Трой хот дахь үйлдвэр сүүлийн 20 жилийн хугацаанд 50.000 “Javelin” үйлдвэрлэсэн юм байна. “Та бүхний гараар бүтэж Украины баатруудын гарт очсон энэ зэвсэг нөхцөл байдлыг эрс өөрчилж байна” гэж Байден бэлэн болж, эгнүүлэн өрсөн “Javelin” системүүдийн өмнө зогсож байгаад тус үйлдвэрийн ажилчдад хэлжээ. Тэрбээр Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйлдвэрийн ажилчдаар бахархаж байгаагаа мөн энэ үеэр илэрхийлсэн байна. “Энэ тэмцэл хямдхан биш, гэхдээ эзлэн түрэмгийллийг зөвшөөрөх нь үүнээс ч өндөр өртөгтэй” гэж Байден хэлжээ.
АНУ одоогийн байдлаар 5500 ширхэг “Javelin” системийг Украинд нийлүүлээд байгаа аж. Энэ нь АНУ-ын армийн бэлэн нөөцийн гуравны нэг орчим юм байна.
Саяхан Байден 33 тэрбум ам.долларын тусламжийн багц саналыг Конгресст өргөн барьсан. Хэрвээ энэ багц дэмжигдвэл илүү олон “Javelin” Украинд нийлүүлнэ. Мэдээж энэ мөнгөний багагүй хэсэг энэ үйлдвэрийг санхүүжүүлж шинэ технологи нэвтрэн, өндөр цалинтай олон ажлын байр шинээр нэмэгдэнэ. Үр дүнд нь илүү сайжирсан “Javelin” үйлдвэрлэгдэнэ, “Javelin”-ний хэрэггүй болсон технологиуд цэргийн нууцаас гарч иргэний үйлдвэрүүдэд цоо шинэ технологи болон нэвтэрч өндөр цалинтай олон ажлын байр шинээр бий болгоно. Шинэ технологи, шинэ ажлын байр. “Дайн хөгжилд хөтөлдөг” гэдэг чинь ердөө л энэ. Иймээс Жо Байден Оросын нэг танк болгонд зориулж 10 “Javelin” Украинд илгээнэ гэснийг буруутгах аргагүй гэдэг үнэн билээ. Тэрээр энэ үеэр “Бид олон жилийн өмнө Европыг хамгаалах зэвсэг, техник үйлдвэрлэж байсан. Өнөөдөр энэ үйл явдал давтагдаж байна” гэж хэлсэн нь Байден дэлхийн хоёрдугаар дайныг дурдсан хэрэг байв. Энэ нь ч бас үнэн. “Javelin” системээс харвасан пуужин нуман замаар нисэж дайсны танкийн хамгийн нимгэн оройн эмзэг цэгт үхлийн цохилт өгч чаддаг юм. Энэ чадвар л гэхэд тус тусдаа бие даасан олон технологи гэсэн үг билээ.
Г.АМАРСАНАА