Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Отгонбаяр: Анх биднийг урт үс, уранхай жинстэй тайзан дээр гарахад үзэгчид хөөж байлаа DNN.mn

Өдрийн сонины архиваас……..

“Хурд” хамтлагийн гитар­чин, ая зохиогч Д.Отгонбаяртай ярилц­лаа. Тус хамтлагийнхан ирэх сарын 29, 30-нд 20 жилийн ойн тоглолтоо “UB Palace”-д  тавих гэж байгаа юм.


-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ жил ойгоо тохиол­дуулж олон ч тоглолт хий­лээ шүү?

Баярлалаа. Монголын урла­гийн 20 жилийн түүхийг “Хурд” хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус 2013 оныг дуустал төсөл боловс­руулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гурав­дугаар сард эмэгтэй­чүүддээ зориулж “Март-8”, цэргийн баяраар эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тог­лол­туудаа биднийг сонсдог, сонс­соор ирсэн үнэнч фенүүд­дээ зориулж үнэ төлбөр­гүйгээр тогло­сон. Мөн саяхан Өвөр Монгол, Эрдэ­­нэт, Дархан зэрэг хотуудад аялан тоглолтоо хийж орон нутгийн фенүүдтэйгээ уулзаад ирлээ. Харин энэ удаагийн тоглолт бол жинхэнэ тэсрэлт байх болно.

-Яг ямар тэсрэлт байх бол. Уншигчдад сонир­хуу­лаач?

-Монголын ард түмэн мэдэх байх. Манай хамтла­гийнхан их даруухан. Хийх ёстой уран бүтээ­лээ л хийхээс биш тэглээ, ингэлээ гээд шуу­гиан тариад, гайхуулаад бай­сан юмгүй. 10, 15 жилийн ойн тоглолтоо ч тэр даруухан хийж байсан. Харин 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн өмнө дөнгөж 18, 19 настай байсан хөвгүүд өнөө­дөр нас биед хүрц­гээж, том боллоо шүү дээ. Үүнтэй адил уран бүтээлийн сан ч мөн арвижсан байна. Тиймээс энэ удаа тоглолтдоо яахын арга­гүй хүч өгч, их хариуц­лагатай хандаж байгаа.

-“Хурд” гэдэг хамтлаг 20 жилийн өмнө хэрхэн урлагт хөл тавьж байснаа дурсах­гүй юу. Одоогийн өндөр­лөгөөс эргээд харахад бас л сонин байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Эргээд бодо­ход их сайхан мэдрэмж төрдөг. Урлагийн тайзаа орхил­гүй, банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна.  “Хурд” хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралт­гүй, ухралтгүйгээр уран бүтээ­лээ туурвиж ирсэн бай­на. Анх манай хамтлагийнхныг уран­хай жинстэй, урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл гайхаж бүр “Тайз­наас зайл” гэж хөөж байлаа. Аргагүй ш дээ хүзүү, хоолойн­доо бөөн төмөр зүүгээд өөрс­дийгөө рокууд гээд нэрлэ­чихсэн хүмүүсийг тухайн үеийн нийгэм хүлээж авахад хүнд байлгүй яахав. Бид нар тайзан дээр гараад өөдөөс янз бүрийн хог шидэж байхад л “Дөрвөн хөлтэй болж төр­сөн хөх чоно миний буруу юу…” гээд л дуугаа дуулж байсан. Залуу хүмүүс их зориг­той байж. “Хурд” гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг бай­сан. Үнэхээр тэр хүсэл мөрөө­дөлдөө бид хүрч чадсандаа баяртай  байна. Одоо “Хурд” хамтлаг өөрийн гэсэн орон зай, үнэнч фентэй болсон байгааг харах, мэдрэх сайхан санагддаг шүү.

-Мэдээж өнгөрсөн хуга­цаанд хүлээн зөвшөөрөгд­сөн хамтлаг болохын тулд амаргүй байсан байх. Нийг­мийн өөрчлөлтөөс авахуу­лаад л?

-Тухайн үед “Хөх чоно” дууг дуулаад гарч  ирэхэд жаахан урлаг ойлгодог, урла­гийн мэдрэмжтэй нэг хэсэг нь үнэхээр энэ хамтлаг өөрч­лөлт, шинэчлэл авчирч байна гэж хардаг байсан. Харин үлдсэн хэсэг нь хийх юм аа олж ядсан орцны хэдэн гитар­чид гэдэг нүдээр хардаг байлаа. Яагаад гэхээр 1990-өөд онд хөлтэй болгон Эрээ­нээс бараа зөөж, Орос руу гаргаж, тарваганы арьс хил давуулж бай­сан цаг. Урла­гийн томчууд хүртэл амьд­ралын эрхээр ганзагын най­маанд орж байсан байх­гүй юу. Яг энэ үед манай хамтлагийнхан хэн нь ч ганза­гын наймаа хийж, компа­нийн захирал болно гэж явалгүй банзан гитартаа үнэнч үлдэж чад­сан юм. Бид өнөөгийн ирээдүйгээ үнэхээр харж чадсан хэрэг. Шант­рах үе байсан хэдий ч хэзээ ч тайзаа орхиж, гитараа зарж иднэ гэсэн бодол төрж байгаагүй юм шүү.

-Одоо ч гэсэн үү?

-Тэгэлгүй яахав. Магадгүй “Хурд” хамтлаг цаашдаа 20 жил, 30 жил байхыг үгүйс­гэхгүй. УИХ-ын гишүүн болж, компанийн босс болъё гэж хэзээ ч бодож явсангүй. Зөв­хөн ийм уран бүтээл хийж, ингэж үзэгчдээ баярлуулъя гэж амьдарч ирсэн.

-Танай хамтлагийг гэр бүлийн хамтлаг гэдэг. Ямар учраас ах дүүст хамтлаг байгуулах  санаа төрөв өө?

-Энэ их сонин түүхтэй. Би 1991 онд анх “Харанга” хамт­лагт соль гитарчин байлаа. Нуулгүй хэлэхэд тэр үед надаас өөр мундаг гитар тоглодог хүн байгаагүй. Ингээд 1992 онд басс гитар­чин Б.Наран­баатар, Д.Ган­баяр ах бид гурав хамтлагаа байгуулж бэлтгэлээ эхэлж байсан. Манай бөмбөрчин Нааяа маань бас хамгийн шилдэг гитарчин, манай дүү Отгонбаатар болохоор “Нисванис” хамтлагт бөмбөр­чин хийдэг байсан. Тэгээд үнэхээр бид нар нийлж хамт­лаг байгуулах хэрэгтэй юм байна гэж бодоод дүүгээ хамт­лагтаа авч гар нийлж байлаа. Бид нарыг гэр бүлээс гадна заяагдсан урлагийг мэдрэмж  холбож байсан. Ингээд бид гоцлол дуучны эрэлд гарсан. Цогоогоос өмнө эрэгтэй, эмэгтэй нийтдээ 87 дуучинг бид хамтлагтаа авах гэж шалгаж үзсэн байдаг юм билээ.

-Тийм үү. Тэгээд Цогоог яаж олж авав?

-Тухайн үед орон нутгаас хүр­тэл олон дуучин ирж шал­гуулж байсан. Өвөрхангай аймгаас шал­га­­руулалтад оро­хоор тухайн үед ая зохиогч Ишхүү ирж байсан юм. Ишхүү “Зураг шиг бүсгүй” дуугаа дуулж шалгууллаа. Тэгсэн “Соёл-Эрдэнэ”, “Харан­га” зэрэг ах нар буюу жинхэнэ алтан үеийнхэн маань “Наадах чинь ёстой сайн дуучин болно” гэдэг байгаа. Ингээд бид шалга­руулаад авах юм болж бай­тал яалт ч үгүй Зүүнбаянгаас Цогоо маань цэргээс халаг­даж ирээд “Чоно-2” дууг дуулж шалгуу­лаад үнэхээр гайхамшигтай дуулж, чадал­тай гэдгээ харуулсан. Ингэж л бид бүрэн бүрэлдэхүү­нээ­рээ болсон юм даа.

-Тэгээд удалгүй “Цэр­гийн бодол” дуу гарсан байх нь ээ?

-Тийм. “Цэргийн бодол” дууг манай Цогоо үнэхээр ард түмэнд хүргэж чадсан. Одоо хүмүүсийн хайртай дуу хэвээ­рээ байна гэдэг бол гайхал­тай авьяас. Цэргийн бодол дууны клип тухайн үед МҮОНРТ-ээр өдөрт 12 удаа цацагд­даг байлаа ш дээ. Энэ үеэс л манай хамтлагийн мандан бадрах үе эхэлсэн. Тэгээд “Үнэгүй юм”, “Чи минь байгаа болохоор”, “Арван гурван ааш”,  “Цоглог оюу­тан”, “Хайрын сарнай” “Эх орон” дуунуудаа дуулж, метал рок чиглэ­лийн аязуу­дыг бөмбөрийн нүргээн­тэй хослуулж, анх хурдан рок гэсэн төрлийг Монголын урлагт сэвэл­зүүлж чадсан юм.

-Сүүлийн үед амьд хөгж­мийн хамтлаг таны үеийг бодвол их болж. Бараг ихэвч­лэн та нарын шавь биз?

-Би 1997 оноос эхлэн гита­рын сургалт явуулсан. Энэ хугацаанд хөгжмийн мэдрэмж­тэй олон хүүх­дэд гарах гарцыг нээж өгсөн байх гэж бодож байна. “Play time”, “Coken beat” хөгжмийн наад­муудад оролцож буй хамтлаг, дуучдын бараг 90 хувь нь миний шавь байх шүү. Шинэ залуу уран бүтээлчид мэдээж заавар, зөвлөгөө авах гээд байнга шахуу л ирнэ. Тэр болгонд нь би зөвлөгөө харамгүй өгдөг.

-Тоглолтодоо зориулж алтан пянз, гитар хийлгэж байгаа гэж сонссон?

-Ер нь тоглолтдоо зориулж “Хурд”-ыг илтгэх цамц, ном, барим­тат кино гээд олон зүйл хийж байна. Үүнээс хамгийн онцлогтой нь “Алтан пянз”. 1970, 1980-аад оны уран бүтээлчид пянз гаргадаг байлаа. “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ”, уртын дуучин Н.Норов­банзад гуайн пянз гаргаж байсан. Түүнээс хойш Монголд пянз хийсэн удаагүй. Бид анхнаа­саа л алтан пянзаа гаргаж түүхэнд нэрээ үлдээ­хийг мөрөөд­дөг байсан.Бидний мөрөөдөл одоо л биеллээ олж байна.

-Хэчнээн төгрөөр бүтэж байгаа бол?

-Одоохондоо нууц. Мэдээж өндөр гарч байгаа. Харин “Хурд” нэртэй гитар 100 ширхэг захиал­гаар хийг­дэж байна. Хонконгт хийж байгаа.

-Энэ гитараа зарах юм уу?

-Бас л тодорхойгүй байна. Тоглолтын өмнө зарлах бол­но. 20 жилийн турш бидэнтэй хамт бай­сан уран бүтээлчид, дэмжиж тусал­даг найз нөхөд, үнэнч фенүүддээ бэлэглэх байх. Гэхдээ бид өмнө нь нийтэд зарлах болно. Мөн энэхүү тоглолтдоо зориулж шинэ цомог, CD гаргаж байна. Мөн бүх 12 CD-нээс  орсон “Алтан-12” гэсэн нэртэй CD-гээ хэвлүүж байна. Тоглолтын өмнө бэлэн болно.

-Тоглолтод хэдэн дуу дуулах бол?

-200 гаруй дуунаас шилэг­дэж 36 дуу дуулна. Дандаа оргил гэсэн дуугаа дуулах болно.  Маш олон хүний хүсэл мөрөөдөл энэ 20 жилд байгаа шүү гэдгийг харуулах болно.

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *