Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жирэмсэн эхчүүдийг харьяаллын биш гэж хөөдөг хуулиас давсан тушаалтай танилц! DNN.mn

Эрүүл мэндийн тухай хуулиар иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах эрхтэй гэж заасан. Гэвч манай улсын эрүүл мэндийн тогтолцоонд харьяаллаар тусламж үйлчилгээ үзүүлдэг явдал хэвшчихсэн. Харьяаллын бус гэдэг шалтгаанаар эмнэлгийн тусламж авч чадалгүй эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол олон байдаг. Ковидын үеэр ковидын халдвар авсан залуу “Энэрэл” гэх эмнэлгийн үүдэнд харьяалалгүйгээс болж тусламж авч чадалгүй амиа алдсаныг монголчууд харсан.

Тэгвэл хамгийн ноцтой нь жирэмсэн эхчүүд, нярай, хүүхэд багачуудад ч харьяалалгүй бол үзэхгүй гэдэг эмнэлгийн шаардлага бас үйлчилдэг. Саяхан оны сүүлийн өдөр “Өргөө” амаржих газарт жирэмсэн эх очоод машиндаа амаржсан ноцтой үйл явдал болсон. Азаар эх, нярайн бие эрүүл саруул өнгөрлөө. Шалтгаан нь бас л өнөөх харьяаллын асуудал хөндөгдсөн. Харьяалал гэдэг зүйл эмнэлгийн хүнд суртлын л нэг хэлбэр шүү дээ. Гэвч асуудал гарах бүрт дарга, сайд нар “Харьяалалгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг боллоо” гэж ирээд л зарладаг. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн шинэхэн сайд С.Чинзориг бас л ийм шийдвэр гаргаснаа хэвлэлээр тарааж байна.

Гэтэл ард нь албан ёсны тушаал нь хэвээр байгааг баримтаар харуулъя.

Энэ бол Эрүүл мэндийн сайд С.Энхболдын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гаргасан А/18 дугаартай “Нийслэлийн хэмжээнд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээг шинэчлэн батлах тухай” тушаал юм. Тус тушаалд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний хуваарийг баталсан бөгөөд нэг ёсондоо дараахь харьяаллаар л жирэмсэн эх, хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлнэ гэсэн байна.

Тушаалыг сийрүүлбэл, “…Эх барихын тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ хөдөө орон нутгийн жирэмслэлт, төрөлттэй холбоотой тусламж, СХД-ийн 5-11, 24, 25, 28 дугаар хороо, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II /Яармагийн эмнэлэг/ ХУД-ийн 4-10, 12-14, 16, 21 дүгээр хороо, Нийслэлийн СХД-ийн 37, 40-42 дугаар хороо, Өргөө амаржих газар БГД, ЧД, Багахангай дүүргийн бүх хороо, ХУД-ийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, СБД-ийн 1-11 дүгээр хороо, Хүрээ амаржих газар СХД-ийн дүүргийн 1-4, 12-23, 26, 27, 29-36, 38, 39, 43 дугаар хороо, Амгалан амаржих газар БЗД-ийн бүх хороо, СБД-ийн 12-20 дугаар хороо, Багануур эрүүл миэндийн төв Багануур дүүргийн бүх хороо, Налайх эрүүл мэндийн төв Налайх дүүргийн бүх хороог хариуцна гэж заажээ.

Харин эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, БГД-ийн бүх хороо, СХД-ийн 5-11, 23-26, 38, 39, 43 дугаар хороо, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II /Яармагийн эмнэлэг/ ХУД-ийн 4-10, 12, 13, 14, 16, 21 дүгээр хороо, Нийслэлийн СХД-ийн 37, 40-42 дугаар хороо, Өргөө амаржих газар ЧД, Багахангай дүүргийн бүх хороо, ХУД-ийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, СБД-ийн 1-11 дүгээр хороо, Хүрээ амаржих газар СХД-ийн дүүргийн 1-4, 22 дугаар хороо, Амгалан амаржих газар БЗД-ийн бүх хороо, СБД-ийн 12-20 дугаар хороо, Багануур эрүүл миэндийн төв Багануур дүүргийн бүх хороо, Налайх эрүүл мэндийн төв Налайх дүүргийн бүх хороог хариуцна” гэж заасан байгаа юм.

Эмэгтэйчүүд мэднэ дээ. Дээрхээс өөр харьяалалтай эмнэлэгт очиход үүднээсээ хөөгддөг. Бүр үхэхийн наагуур зовуурь шаналгаатай, аюултай нөхцөлд байсан ч энэ харьяаллыг шаарддаг. С.Энхболд сайдын 2022 онд баталсан энэ тушаалаас ч өмнө ийм дүрэм журам үйлчилсээр ирсэн. Өргөө амаржих газарт нэг удаа ХУД-ийн иргэн яаралтайгаар үйлчлүүлж л дээ. Гэтэл салбарын сайд харьяаллын бус хүн авлаа гэж эмнэлгийн эмч нарыг зад загнасан гэдэг юм билээ. Уг нь бол гүйцэтгэлээр санхүүждэг болсон энэ цаг үед олон хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх тусам эмнэлгийн зардал төсөвт нэмэртэй баймаар.

Ядаж л жирэмсэн эхчүүддээ харьяалал харгалзахгүй үйлчилдэг болчихмоор байна. Төрөлт гэдэг гэнэтийн өвчлөл биш шүү дээ. Жилд дахин дахин төрөөд байхгүй, үе үе эмнэлгийн хаалга татаад очихгүй. Нөгөө талаар төрөлт товлосон хугацаатай, тэр хугацаандаа бэлтгэлээ базаагаад харьяаллын эмнэлэгтээ очих байсан гэж нийгмээрээ баалах юм. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Төрөх хугацаа гарсан л бол тэр цаг минутдаа төрнө гэж үгүй. Яг ийм л тохиолдолд ганц ч болов эх, нярай эндэхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч, эсэн мэнд яс салах л хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн үнэ цэнэ.

Харамсалтай нь Эрүүл мэндийн хуулиасаа давчихсан сайдын тушаал цагаан дээр хараар өнөөдөр хүртэл хэрэгжиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *