Улсын хэмжээнд халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт сүрьеэ өвчин бичигдсээр байна. Тодруулбал, жилд сүрьеэгийн 3500 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг. Уг өвчний улмаас жилд 200 гаруй хүн нас бардаг болохыг эрүүл мэндийн салбарынхан онцлов.
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс өнөөдөр /2021.12.22/ “Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний хэмжээний цахим уулзалтаас гарсан шийдвэр, тулгамдсан асуудлын талаар мэдээлэв.
Энэ үеэр сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол нэмэгдсээр байгааг онцолсон. Энэ оны эхний есөн сард 14 хүртэлх насны 213 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 0.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Ялангуяа цар тахал, хөл хорионоос шалтгаалан сүүлийн хоёр жилийн хугацаанд сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн тоо хоёр дахин буурчээ. Тухайлбал, 2021 оны III улирлын байдлаар сүрьеэ өвчний 1735 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 36.3 хувиар буурсан аж. Илрүүлгийн хувь буурснаар өвчлөл улам бүр нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж.
Сүрьеэ амьсгалын замаар дамжин халдварладаг, архаг явцтай өвчин тул иргэд өвчилснөө мэдэхгүй явсаар хүндрүүлэхийн зэрэгцээ бусдад халдвар тараасаар байдаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн жилд 10-15 хүнд халдвар тараадгийг эмч мэргэжилтнүүд тодотгов. Иймд цаашид сүрьеэгийн илрүүлгийг нэмэгдүүлэх, далд халдварын эмчилгээний хамралтыг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 07 дугаар албан даалгаврыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд онцлов.